ШУА-ийн Тэргүүлэгчид өнөөдөр (2021.01.14) хуралдаж, дараах гурван асуудлыг хэлэлцэж, баталлаа.
Нэгдүгээрт, ШУА-ийн харьяа хүрээлэнгийн захирлын албан тушаалын жишиг тодорхойлолтыг батлах асуудал, хоёрдугаарт ШУА-ийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журмыг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэж батлав.
Гуравдугаарт, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын бүтэц, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм.
ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар нь 1996 оноос хойш өнөөг хүртэл 32 хүний орон тоотой үйл ажиллагаа явуулж иржээ.
2016-2020 онд тус газар нь нь 4 хэлтэстэй үйл ажиллагаа явуулж ирсэн бол энэ удаа Удирдлага, төлөвлөлтийн хэлтэс шинээр байгуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ орон тоогоо нэмэгдүүлэхгүй байх бодлого барьж байгаа юм.
ШУА-ийн эрхзүйн байдлын тухай хуулиар бүтэц орон тоотой холбоотой хоёр заалт байдаг. Нэг нь ШУА-ийн дэд ерөнхийлөгч, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгч гишүүдийн тоог ШУА-ийн Их чуулган тогтоож өгөх заалттай. Хоёр дахь нь ШУА-ийн Тэргүүлэгчид Ажлын албатай байх бөгөөд ажлын албаны бүтэц орон тоог Засгийн газар тогтооно гэсэн заалттай. Гэвч энэ асуудлыг Засгийн газрын хурлаар огт хэлэлцэж байгаагүй юм байна.
Харин энэ жилийн хувьд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын бүтэц, орон тоог Засгийн газрын хурлаар оруулж батлуулахаар болжээ.
Энэ тухай ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлэхдээ “ШУА-ийн Статусын хуулинд заасны дагуу бид бүтэц орон тоогоо Засгийн газраар батлуулна. Ирэх лхагва гарагийн Засгийн газрын хурлаар оруулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Өнөөдрийн тэргүүлэгчдийн хурлаас орон тоог 32 байхаар баталлаа. Энэ бүтэц орон тоогоо хэлэлцүүлнэ. Сүүлийн үед төр засгаас Шинжлэх ухаан руу хандах хандлага нэлээд өөрчлөгдөж байгаа. Тиймээс бид илүү сайн ажиллах шаардлагатай. Бидний хандлага бас өөрчлөгдөх ёстой. Энэ байдлаас үүдээд бид үйл ажиллагааныхаа хувьд, хэлбэр агуулгын хувьд ч нэлээд баялаг болгох түүндээ тохируулаад бүтцээ арай жаахан олон талтай болгоё гэж ярилцаад 2016 онд баталсан бүтэц дээрээ нэг хэлтэс нэмээд 5 хэлтэстэй байхаар оруулж байна. Ингэлээ гээд орон тоо нэмэгдэхгүй. Бусад хэлтсээсээ хүмүүс шилжүүлэх маягаар байгуулна” гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Шинжлэх ухааныг хөгжүүлэхгүйгээр улс хөгжихгүй,
Түүх, хэл зүйн салбарт акедимич гэх чанартай хүн байна уу. Соц нийгмийн үлдэгдэл.
Энэ юунд хэрэгтэй байгуулга вэ? Монгол улс нүүрс ухаж, зэсийн баяжмал л гаргаж л амь зогоож байна. ШУ ингэж улсыг хөгжүүлж, амьжиргаа залгуулж байна гэж сонссонгүй.