Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой Д.Эрдэнэбат, Б.Болор нарын эрүүгийн хэргийн шүүх хуралдаан эхэллээ.
Хэргийг сануулбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг авах Засгийн газрын эрхээсээ татгалзаж, Монголын зэс корпорацид давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд асан Дондогдоржийн Эрдэнэбат, Зам, тээврийн сайд, “Монголын төмөр зам” ХК, “Эрдэнэт үйлдвэр”-т эрх бүхий албан тушаал хашиж байсан Дангаагийн Ганбат, тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч асан Найдансүрэнгийн Золжаргал, Сангийн сайдаар ажиллаж байсан Баярбаатарын Болор нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны наймдугаар сард хэлэлцсэн билээ.
Уг хуралдаанаар, шүүгдэгч Д.Ганбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс зарим үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Эрдэнэбат, шүүгдэгч Б.Болор нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр 1 дахь зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 4 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 3 жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Золжаргал, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Доржханд, Б.Минжбадам, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ганбат, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Санжаадорж нарт холбогдох хэргийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаан шийдвэрлэсэн байдаг.
Сэтгэгдэл ( 2 )
Хатуу шийтгэлээ амсах болноо
Хурц, Ж.Эрдэнэбат гээд МАНАН-ийнхан эхнээсээ суллагдаж эхэллээ. Энэ бүхнийг зохион байгуулж байгаа Эбиг шоронд хийхгүй бол алигачид шоронгоос гараад дуусах нь.