УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбаттай Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор ярилцлаа.
-Энэ долоо хоногт чуулганаар сонгуулийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ. УИХ дахь АН-ын зөвлөл сонгуулийн тогтолцооны асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Сонгуулийн тогтолцооны асуудлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх үеэр бид байр сууриа тодорхой илэрхийлсэн. Тухайн үед сонгуулийн холимог тогтолцоо буюу пропорционалийн хэлбэрийг оруулах ёстой гэсэн санал гаргаж байлаа. Мажоритар, пропорционал 50:50 хувь байх хэрэгтэй гэж үзэж байсан. Энэ бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол асуудал байсан юм. Харамсалтай нь, бидний тэр саналыг унагасан. Тэгэхээр одоо сонгуулийн журам, тогтолцоо хуучнаараа явна гэсэн үг.
Өргөн барих гэж байгаа сонгуулийн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсгийн хуралдаанд манай зөвлөлөөс УИХ-ын гишүүн З.Нарантуяа оролцсон. АН-ын хувьд сонгуулийн хууль дээр холимог тогтолцоотой байх ёстой гэсэн байр суурь дээрээ хэвээрээ байгаа. Тийм болохоор сонгуулийн тойргийн хуваарилалт 26:50 эсвэл 16:60 аль нь байх хамаагүй. Гол нь пропорционалийн хэлбэрийг оруулсан холимог хэлбэртэй байх хэрэгтэй. Хэрэв тийм байдлаар сонгуулийг хуулийг өөрчилбөл бид дэмжинэ. Гэхдээ томсгосон мажоритар эсвэл жижиг мажоритар буюу 76 тойрогт сонгууль явуулах нь эрх баригчдын өөрсдийнх нь шийдэх асуудал. Эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан шигээ нэгдсэн байр суурьтайгаар тогтолцооны асуудлаа шийдэх нь тэдний эрх шүү дээ.
-Пропорционалийн хэлбэрийг оруулах гэдгээ дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу. Ер нь одоогийн 50:26 гэж яригдаад байгаа хууль шинээр нэр дэвшигч, УИХ-д суудалгүй намуудад боломж бага олгох юм биш үү?
-50 нь тойргоос мажоритар хэлбэрээр сонгогдоно гээд байгаа. Тэгвэл тойргийн өнөөгийн систем эвдэрнэ гэсэн үг. 76 тойрог 50 болж цөөрөх хэрээр тухайн тойргийн хамрах хүрээ томорно шүү дээ. Гол нь 26-г нь ямар зарчмаар сонгох вэ гэдэг асуудал хамгийн анхаарал татаж байгаа сэдэв юм. Хэрэв нам 26 нэр дэвшигч дэвшүүлээд улс нэг тойрог буюу том мажоритар хэлбэрээр явлаа гэж бодъё. Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 34 намын 10 нь 26 хүнээ жагсаалаа гэж төсөөлье. Тэгвэл 260 хүн болно. Тэднээс хамгийн олон санал авсан эхний 26 нь сонгогдоно гэвэл жижиг намуудад боломж тун бага гарна. 76 жижиг тойргоос зарчмын хувьд ялгаа байхгүй. Бидний яриад байгаа холимог бол зарчмын хувьд ялгаагүй шууд хүн сонгоно. Тэгэхээр Үндсэн хууль зөрчсөн болохгүй. Тухайлбал, нам бүрийн 26 хүнийг 100 хувь гэж үзье. Тэгээд тухайн намын жагссан 26 хүнд өгсөн саналыг бүхэлд нь хараад нийт сонгогчдын хэдэн хувьтай дүйцэж байгаагаар жагсаалтын дарааллаар оруулна гэсэн үг. Хүнд өгсөн санал нь давхар намын санал болоод явна. Ийм хувилбараар явах юм бол жижиг намууд УИХ-д суудалтай болох магадлал өндөр болно. Бидний Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх үеэр тавиад байсан сонгуулийн холимог тогтолцоог оруулах саналын мөн чанар нь тэр байхгүй юу. Ингэж байж парламентдаа олон намын төлөөллийг буй болгох ёстой юм. Энэ чинь ардчилсан парламент. Улс төрийн үйл ажиллагаагаа Төрийн ордон дотроо бүгдээрээ шүүн хэлэлцэж, зарчмын зөв саналаа гаргах ёстой. Нээлттэй бөгөөд хамгийн сонгодог парламентын хэлбэртэй болохын тулд үүнийг хийх хэрэгтэй. Харин баахан хүний нэр гаргаж уралдуулаад эхний 26 хүнийг авна гэвэл сөрөг тал бий. Жишээ нь, олон нийтэд танигдсан, имиж сайтай тав зургаан хүн нийт сонгогчдын дийлэнхийг саналыг авчихвал яах вэ. Сүүл рүүгээ мянга гаруй хүний санал авсан нь хүртэл орох боломжтой болчих эрсдэл бий.
-Сонгуулийн хууль өөрчлөгдөхийг дагаад сурталчилгааны асуудал анхаарал татдаг?
-Сонгуулийн хууль дээр хэд хэдэн анхаарах зүйл гарч болзошгүй байгаа. 2016 оны УИХ-ын сонгуулиар маргаан зөрчил маш их гарсан шүү дээ. Ялангуяа нэр дэвшигчийн сурталчилгааны үйл ажиллагааны үеэр элдэв янзын зөрчлийг санаатай бөгөөд санамсаргүй, баримттай, баримтгүй хийдэг. Сонгуулийн сурталчилгаанд саад болох, хуулийн байгууллагууд дэндүү их оролцдог хэлбэр түгээмэл байсныг сонгуулийн хуулиар цэгцлэх ёстой. Мөн сурталчилгааны арга хэлбэрүүд дээр бид онцгой анхаарах ёстой юм байна. Жишээлбэл, өнгөрсөн сонгууль дээр юу ажиглагдсан гэхээр намын туг далбааг тэнд байрлуулж болно, болохгүй гэдэг хуулийн санкц байсан. Түүнээс үүдсэн маргаан бас их гарсан. Ийм жижиг хэрүүлийн маягтай юмнууд дахин гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй. Түүнчлэн сонгуулийн сурталчилгааны хугацаа их тулгамдуу байсан. Сурталчилгааны хугацаа тулгамдуу байна гэдэг нь шинээр нэр дэвшиж байгаа хүмүүс өөрийгөө таниулах боломжийг хаана гэсэн үг. Тэгэхээр сонгуулийн сурталчилгааны хугацаан дээр зайлшгүй анхаарах ёстой гэж харж байгаа.
-Сурталчилгааны хоног их байсныг багасгасан биз дээ?
-Жижиг мажоритараар тооцоход нэг аймаг дунджаар 15-20 сумтай байгаа. Тэгэхээр нэр дэвшигч 20 сумтай газар 18 хоногт сурталчилгаа хийж амжихгүй шүү дээ. Тийм учраас сурталчилгааны хугацааг хамгийн доод тал нь 25 хоног болгох шаардлагатай гэж бид үзэж байгаа юм. Хуучин бол 40, 50 хоног гээд маш урт хугацаатай байлаа. Үүнийг багасгасан нь зөв боловч хэтэрхий багасгасан. Хугацаа бага байх тусам шинэ нэр дэвшигчдэд халтай. Өөрөөр хэлбэл, тэнцвэртэй бус сонгууль хийнэ гэж ойлгож болно. Тэгэхээр сонгуульд нэр дэвшигчид өөрсдийгөө болоод намынхаа мөрийн хөтөлбөрийг таниулах хугацааг зохист хэмжээнд тавьж өгөх нь зөв. Дараагийн нэг онцгой анхаарал татсан сэдэв юу гэхээр шилжилт хөдөлгөөний асуудал. “Царцааны нүүдэл” гэж бид их ярьсан шүү дээ. Энэ шилжилт хөдөлгөөний асуудал дээр өргөн баригдаж байгаа сонгуулийн хуулийн төслийг харахад онцын өөрчлөлт гараагүй байна лээ. Шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн санал авах өдрөөс 30 хоногийн өмнө зогсооно гэсэнтэй холбогдуулаад баахан “царцааны нүүдэл” явсан нь бодит байдал. Тийм учраас бид энэ шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, тодорхой хугацааны үечлэлийг зөв тодорхойлох шаардлагатай гэж харж байгаа. Жишээлбэл, сонгуулийн тойрог шинэчилж тогтоосон өдрөөс эхлэн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох асуудлыг хийх ёстой юм байна гэж бид үзсэн. Энэ асуудлаар Ардчилсан нам зарчмын санал оруулна гэж бодож байна.
-Бас тооллогын асуудал байна?
-Тооллого буюу санал хураалтын дүн гаргах тухай асуудал байгаа. Мэдээж хар машинаараа тоолно. Гэхдээ өнгөрсөн сонгуулиас харахад хар машинд итгэх, итгэхгүйн тухай маргаан үүсэж байсан. Одоогийн хуулиар 50 хувьд нь хяналтын тооллого явуулдаг. Энэ 50 хувийн хяналтын тооллогыг бид давхар баталгаажуулалтын тооллого болгох нь зүйтэй гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, хар машины дүнг гаргана, дээр нь бүх санал хураасан хэсэг дээр гар тооллогыг давхар хийгээд давхар баталгаажуулалтын хэлбэр рүү явах нь сонгуулийн үр дүнг маргаангүй болгоход асар их тустай гэж үзэж байгаа. Мөн сонгуулийн шинэ хуульд орж ирсэн нэг цоо шинэ зүйл бол цахим сурталчилгааны асуудал. Цахим сурталчилгааны тухай асуудлыг та бүхэн бас сонирхож хараарай. Цахим орчныг хязгаарлах тусдаа бүлэг орсон байна лээ. Энэ дээр харж үзэх зайлшгүй шаардлагатай. Хүлээж авах боломжтой ч зүйл байна. Гэхдээ сурталчилгааг нэг талыг барьж хаах нь зөв үү, буруу юу гэдэг асуудал дээр бид анхаарах ёстой. Цаашдаа УИХ-д өргөн баригдаад байгаа хуулийн төслийн хэлэлцүүлэг хэрхэн өрнөхийг бүгдээрээ харъя. Ямар ч байсан сонгууль будлиангүй, маргаангүй, шударга зөв явахын төлөө ажиллана гэсэн бодолтой байна.
-Улсын төсвөөс намуудад санхүүжилт олгож болох боломжийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийсэн. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Одоо ч улсын төсвөөс УИХ-ын гишүүдийн суудлын тоогоор намуудад санхүүжилт олгож байгаа шүү дээ. Жил болгон 10 сая төгрөг олгодог. Хэрвээ бид Үндсэн хуулийн өөрчлөлтөд сонгуулийн пропорционал тогтолцоог оруулсан бол улс төрийн намыг элдэв янзын авлига, хандиваас хөндий байлгахад төрөөс санхүүжүүлдэг зарчим уг нь зөв байсан юм. Харамсалтай нь, жижиг тойрог дээр сонгууль хийж байгаа тохиолдолд энэ утгагүй. Яагаад улс төр өөрөө авлигатай холбогдоод байгааг бодох ёстой. 76 жижиг тойргоор сонгууль явуулахад тэнд бэлэг, мөнгө тараах нь түгээмэл байгаа учраас авлига буурахгүй байгаа хэрэг. Хэрвээ улс нэг том тойрог эсвэл 100 хувь пропорционал байсан бол мөнгөний асуудал шал өөр тийшээ шилжих байсан. Энэ боломжийг бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр алдчихсан юм.
Сэтгэгдэл ( 4 )
Ene Halzakh odoo bno oo Selengiin ardchilsan namiin udirdlagiin asuudliig tsegtselj chadakhgui S.Erdeniin horond horduulj nam bish bolgochikhood yun ikh hurald debshikh .Oron nutgiin songuuliin asuudald huruugaach hudulgukhgui bgaa odoo zail.
Пропорциональ, можаритор гэдэг үгний утга, агуулгыг ч мэдэхгүй хүн яаж ингэж ярьж чадаж байнаа. Дээрх хоёр үг чинь сонгогчийн сонгох эрхтэй ямарч холбоогүй төлөөллийн зарчмыг л илэрхийлдэг. Төлөөллийн тоо харьцангуй ижил байхыг пропорциональ төлөөлөлтэй харин төлөөллийн тооноос үл хамааруулж захиргааны нэгжээр тогтоосон бол мажоритор төлөөлөлтэй гэж ангилдаг. Сонгогчийн сонгох эрх нь зөвхөн шууд ба шууд бус гэж ялгагддаг. Монгол хэлний нэг ба олон тоо нь агуулгыг ч зарчмыг ч илэрхийлдэг болохыг ойлгоосой билээ. Энэ мэтээр сонгуулийн талаар дулихан мэдлэгтэй /мэдэн будилж байж ч болох/ хүмүүс .
Сайн байцгаана уу ноёнтоон\nБольшей хородногородного новости на получение\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хуганаж.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37
ТА СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАРУУНБҮРЭН СУМААС АМАРБАЯСГАЛАНТ ХИЙД ХҮРТЭЛХИ ЗАМАА ГҮЙЦЭЭЖ ТАВИХГҮЙ БОЛ СЭЛЭНГЭЭС УИХ-Д ГАРАХ АСУУДАЛ ХААЛТТАЙ ШҮҮ?АРД ТҮМЭН МАРТААГЙҮ ШҮҮ?