Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн боловсруулсан хуулийн төслийг УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд дэмжиж байгаагаа илэрхийлсэн. АН-ын зөвлөлөөс Ерөнхийлөгчийн саналыг тусгах замаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нөхцөлд Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэгт оролцоход бэлэн байгаагаа илэрхийлж байгаа юм. Түүнчлэн ардчилсан Үндсэн хуулийн суурь зарчмыг хадгалах үүднээс АН байр сууриа илэрхийлэх болно гэдгээ мэдэгдээд байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн боловсруулсан төсөл болон ард нийтийн санал асуулгаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл нь "Ерөнхийлөгчийн засаглалд бэлтгэж байна" гэх шүүмжлэл гараад байгаа. АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийн хуулийн төслийг дэмжиж байгаагийн хувьд үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл бол санал. Харин Ерөнхийлөгчийг хуулийн төслөө өргөн барьсны дараа "Ерөнхийлөгчийн засаглал руу явах нь" гэдэг буруу сурталчилгаа явж эхэллээ. Үндсэн хуулийн суурь зарчмыг ноцтойгоор хөндсөн, эрх мэдлийг Ерөнхийлөгчид төвлөрүүлсэн заалт энд байхгүй. Ер нь “Ерөнхийлөгч өргөн барьсан санал нь Монгол Улсыг Ерөнхийлөгчийн засаглал руу түлхэж байна” гэсэн өрөөсгөл ойлголтыг огт явуулж болохгүй. Харин ч Ерөнхийлөгч эсэргээрээ сонгодог парламент нь хүн амынхаа тоотой уялдаад 108 гишүүнтэй байх ёстой, сонгодог парламентад холимог систем пропорционалийн хэлбэр орохгүй бол парламентын мөн чанар алдагдаад байгаа учир үүнийгээ баталгаажуулаарай гэсэн гол зарчмуудыг оруулсан. Бид үүнтэй санал нэгдэж байгаа. Ерөнхийлөгчийн засаглал руу түлхсэн гэдгээс илүү Ерөнхийлөгч, УИХ, Гүйцэтгэх засаглал, шүүх хоорондын эрх мэдлийн тэнцвэргүй, зөрчилдсөн заалт оруулж болохгүй гэж үзэж байгаа.
-Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг наймдугаар сарын 9-нийг хүртэл хойшлууллаа. Энэ хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг сурталчлах учиртай. АН-ын гишүүд тойрогтоо ажиллаж, хуулийн төслийг танилцуулах уу?
-Хэлэлцүүлэг явахад хэрэв Ерөнхийлөгчтэй зөвшилцөөгүй асуудлаар орон нутагт хэлэлцүүлэг зохион байгуулна гэвэл АН хэлэлцүүлэгт орохгүй. АН ард иргэдийг хуваахгүй. "Д.Лүндээжанцан нарын гишүүдийн боловсруулсан ийм төсөл байна, Ерөнхийлөгч ийм төсөл санаачиллаа" гээд сурталчилгаа хийгээд эхэлбэл сөрөг үр дагавартай. Үндсэн хуулийн өөрчлөлтөд ард түмэн үл итгэх байдал үүсэх учраас бид ийм алхам хийж болохгүй гэж байгаа. Хэрэв зөвшилцсөний дараа нэгдмэл маягаар хэлэлцүүлэг хийнэ гэвэл АН-ын гишүүд өөр өөрийнхөө тойрогт улс орныхоо хөгжлийн төлөө хэлэлцүүлэгт оролцоод явна.
-Хугацааны хувьд хэзээ ард нийтийн санал асуулга явуулах товтой байгаа вэ?
-Бидэнд танилцуулснаар аравдугаар сард ард нийтийн санал асуулга явна. Эндээс үзвэл хоёрдугаар хэлэлцүүлгийг есдүгээр сард багтаан дуусгах болов уу гэсэн ойлголттой байна. Хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа нийтийн санал асуулга явах ёстой. Хугацааны хувьд сунжирсан зүйл бий. Үүнийг эрх баригчид шийдээд явах байх.
Сэтгэгдэл ( 1 )
МОНГОЛ ТОДОРХОЙ ХУГАЦААНД ДИКТАТУР ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ЭРДЭНЭБАТ ШИГ ЭРДЭНЭТИЙГ ЛУЙВАРДСАН, 60 ТЭРБУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН, ЖДУДСЭН ГЭХ МЭТИЙН ХУЛГАЙЧДЫГ УГ ДУУГУЙ ГЭСГЭЭЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ.