Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед Монгол Улс гурав дахь удаагаа Гамшгийн бүх нийтийн бэлэн байдалд шилжээд байна.
Энэ хугацаанд гэмт хэргийн гаралт тодорхой хэмжээгээр буурсан боловч ахуйн хүрээнд үйлдэгдэх гэмт хэргийн тоо, бүр тодруулбал гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг нэмэгдсэн тоон мэдээлэл байна.
Сүүлийн нэг жилд хүчирхийллийн улмаас амь насаа алдсан гэх хэрэг олноор бүртгэгдэх болсон бөгөөд хүчирхийлэл нь бие мах бодийн гэмтэл болон хүний амь насаар хэмжигддэггүй. Түүнчлэн хүчирхийлэлд зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүд өртдөг гэх ойлголт буруу бөгөөд эрэгтэйчүүд болон өндөр настнууд ч өртдөг.
Тиймээс Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиас иргэн бүрийн зайлшгүй мэдэх шаардлагатай заалтуудыг онцлон хүргэж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг анх 2004 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталж хэрэгжүүлж байсан боловч хуулийн зохицуулалт оновчтой бус, байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах журмыг орхигдуулснаас болоод хүчирхийлэл буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон байна.
Иймд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2016 оны 12 сарын 22-ны өдөр шинэчилэн найруулж тус хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөсөн.
Хуулийн үйлчлэх хүрээ
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд гэр бүлийн хамаарал бүхий хүнд хэн хамаарах вэ гэдгийг нарийвчилан тусгаж өгсөн байна.
Үүнд: Гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнээс гадна хамтран амьдрагч, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү, мөн салсан эхнэр, нөхөр, өмнө нь хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдраагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй хүн энэ хуулийн зохицуулалтад хамаарагдаж байгаа.
Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр
Хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь үндсэн 4 хэлбэртэй байна.Үүнд:
1. Гэр бүлийн хамаарал бүхии энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.
2. Гэр бүлийн хамаарал бүхии энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ.
3. Гэр бүлийн хамаарал бүхии энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг эдийн засгийн хүчирхийлэл гэнэ.
4. Гэр бүлийн хамаарал бүхии эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүнийг бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг бэлгийн хүчирхийлэл гэнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо
Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам гэх мэт төрийн байгууллагууд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажиллагаанд бүгд хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд оролцдог.
Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн нөхцөлд “Хамтарсан баг” газар дээр нь ажилладаг. Хамтарсан баг нь өрхийн эмч, сум, хороо, сургуулийн, халамжийн, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх бөгөөд хамтарсан багийг тухайн сум, хорооны Засаг дарга ахалж ажилладаг.
Хамтарсан баг нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
1. гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны ажлыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах,
2. хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх;
3. нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хохирогчид үзүүлэх үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэх;
4. хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай бусад үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах;
5. хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалт, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, гэр бүлд нь дэмжлэг үзүүлэх замаар нөхөн сэргээж, нийгмийн амьдралд оролцох оролцоог дээшлүүлэх;
6. хохирогчид үзүүлсэн үйлчилгээний талаархи статистик мэдээллийг холбогдох байгууллагад хүргүүлэх.
Хүчирхийллийг мэдээлэх
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой иргэдийн дунд ихээр яригддаг өөр нэг сэдэв бол гэр бүлийн хүчирхийллийг хэн мэдээлэх вэ гэдэг асуудал юм.
Дараахь албан тушаалтан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар албан үүрэгтэйгээ холбоотойгоор олж мэдсэн бол цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад мэдээлэх үүрэгтэй байдаг.
1. бүх шатны боловсролын байгууллагын багш, сургуулийн нийгмийн ажилтан, бусад ажилтан;
2. эрүүл мэндийн, нийгмийн, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан ажилтан;
3. сум, дүүрэг, баг, хорооны холбогдох албан тушаалтан;
4. төрийн албан хаагч, төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын ажилтан.
Түүнчлэн иргэн, хуулийн этгээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад мэдээлж болдог. Мэдээллийг амаар, бичгээр, утсаар, цахим хэлбэрээр өгч болно. Мэдээллийг ямар хэлбэрээр өгснөөс үл хамааран мэдээлэл хүлээн авсан байгууллага, албан тушаалтан гэр бүлийн хүчирхийллийг хуульд заасан арга хэрэгслээр таслан зогсоох, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул учирсан, эсхүл тухайн орчин нь аюултай гэж үзвэл хохирогчийг хамгаалах арга хэмжээг даруй авах үүрэгтэй байдаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хамгийн ойр байгаа цагдаагийн байгууллагад гаргаж болно.
Хүүхдийн хүчирхийлэл
Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, гэр бүлийн бусад гишүүн хамгаалах үүрэгтэй.
Бүх шатны боловсролын байгууллагын багш, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан, хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, ажилтан нь хүүхдийн бэртэл гэмтэл, өвчлөл, сэтгэл санааны байдал, айдас, хичээл таслалт, сургууль завсардалт зэрэг хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, зан үйлд гарч байгаа сөрөг нөлөөллийн шалтгааныг тогтоох, хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг шалгах үүрэгтэй байна.
Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай мэдээлэл хүлээн авсан албан тушаалтан хүчирхийллийг таслан зогсоох, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах зорилгоор арга хэмжээг яаралтай авна. Аюулын эрсдэлийн зэрэг дунд, өндөр, эсхүл дараахь нөхцөл байдлыг байна гэж үзвэл эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн саналыг харгалзахгүйгээр арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:
1. хүчирхийллийг хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар үйлдсэн, эсхүл үйлдэж болзошгүй;
2. хүүхдээ барьцаалсан, барьцаалж болзошгүй;
3. хүүхдийн эмзэг байдлыг өөрт ашигтай шийдвэр гаргуулах, ашиг олоход ашигласан, ашиглаж болзошгүй;
4. хүүхдийг айдас, сэтгэл санааны дарамтад оруулсан, оруулж болзошгүй;
5. хүчирхийлэл үйлдэгч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг.
Үнэлгээ болон үйлчилгээ
Цагдаагийн алба хаагч хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирсан, эсхүл учирч болох эрсдэлд аюулын зэргийн үнэлгээг хийнэ. Нийгмийн ажилтан гэр бүлийн хүчирхийлэл, хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй байдлыг, хохирогчид учирсан, эсхүл учирч болзошгүй сөрөг үр дагаврыг, хохирогчид үзүүлэх үйлчилгээг тодорхойлох зорилгоор нөхцөл байдлын үнэлгээ хийнэ.
Хохирогчид үзүүлэх үйлчилгээ нь дараахь төрөлтэй байна:
1. аюулгүй байдлын хамгаалалт;
2. эмнэлгийн тусламж, үйлчилгээ;
3. сэтгэл зүйн үйлчилгээ;
4. нийгмийн халамжийн үйлчилгээ;
5. хүүхэд хамгааллын үйлчилгээ;
6. эрх зүйн туслалцаа;
7. холбон зуучлах үйлчилгээ.
Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 3-т Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчигчид торгууль оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байдаг.