Zindaa.mn сайт “10 ИХ НАЯД & ХЭРЭГЖИЛТ” сэдвийн хүрээнд эдийн засагчид, судлаачид болоод хэрэгжүүлэгч, оролцогч талуудын байр суурийг цувралаар хүргэж эхэлсэн билээ.
Энэ удаа Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас зарим асуултад хариулт авлаа.
-10 их наядын төлөвлөгөөний хүрээнд Ажлын байрыг дэмжих хоёр их наядын зээлийг банкууд олгож эхлээд байна. Ер нь энэ хэмжээний санхүүжилт жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт хэрхэн өгөөж дагуулах бол?
-Энэ хоёр их наяд төгрөгийн зээлийн нэг их наяд нь банк өөрийн эх үүсвэрээс зээлдүүлнэ. Хүмүүс ганцхан жил өгөөд дуусчих юм шиг ойлгоод байх юм. Төлөвлөгөөний дагуу гурван жилийн хугацаанд зээл олгох ажил үргэлжилнэ. Зээлийн гол зорилго бол зөвхөн жижиг, дунд үйлдвэрлэл биш ажлын байрыг хадгалах. Тиймээс ерөнхий гэрээг Сангийн яам, ХХААХҮЯ, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкууд хамтран байгуулж байгаа. Гэрээн дээр тодорхой шаардлагууд заасан. Өөрөөр хэлбэл татвараа цаг тухай бүрд нь төлдөг, чанаргүй зээлийн ангилалд багтаагүй, үйл ажиллагаа нь тогтвортой явдаг ААН-үүд зээлд хамрагдах бүрэн боломжтой.
-Хөл хорио хязгаарлалтын улмаас жил гаруй хүнд нөхцөлд байсан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд банкуудаас тавьж буй шалгуур их өндөр байна гэдгийг хэлж байна?
-Аж ахуйн нэгжүүдэд тавьж буй шалгууртай холбоотой асуудлаар Ажлын хэсэг арилжааны банкуудтай ажиллаж байгаа.
-Банк бол жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн тодорхойлолт шаардахгүй гэсэн. Батлан даалтын сангаас үйлчилгээ авахад ЖДҮ эрхлэгчийн тодорхойлолт авах ёстой юу?
-Зээл хүсэж буй аж ахуйн нэгжүүдэд барьцаа хөрөнгө дутах асуудал гардаг. Барьцаа хүрэлцэхгүй байгаа ААН-үүдэд Зээлийн батлан даалтын сангаар дамжуулж батлан даах юм. Энэ тохиолдолд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1 дэх заалт, 7.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх ёстой. Арилжааны банкууд ЖДҮ эрхлэгчийн тодорхойлолт шаардахгүй. Зээл хүсэгчдэд хүндрэл учруулахгүйн үүднээс арилжааны банканд хүргүүлсэн материалд нь үндэслэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч мөн эсэх тодорхойлолтыг Жижиг, дунд үйлдвэрийн газраас Зээлийн батлан даалтын санд уламжилна. Иймд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолт авахаар төрийн байгууллагад хандах шаардлагагүй гэж ойлгож болно. Хэдийгээр бид өөрсдийн сувгаараа мэдээллийг түгээж байгаа ч өнөөдрийн байдлаар өдөртөө зөвхөн Улаанбаатарт л гэхэд 100 гаруй тодорхойлолт авах хүсэлт ирж байгаа.
-ЖДҮ-ийг дэмжих зээл зорилтот бизнес эрхлэгчдэд бус албан тушаалтнуудад очсон жишээ олон учраас энэ удаагийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт ч анхаарал татаж байна?
-Улсын Их Хурлын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнууд хамаарал бүхий компанидаа авсан зээлээ бүгд 100 хувь төлсөн. Бид 2019 оны зээлийн журамдаа төрийн өндөр албан тушаалтан буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их Хурлын гишүүн, Засаг дарга, агентлагийн дарга гэх мэт өндөр албан тушаалтнууд хамаарал бүхий компаниар дамжуулан зээл авахыг хориглосон заалт оруулсан. Мөн өнгөрсөн жил сонгон шалгаруулалт хийхдээ ирүүлсэн бүх төслийн материалыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж тулгалт хийгээд энэ аж ахуйн нэгжүүд төрийн өндөр албан тушаалтнуудтай хамааралтай байна уу, үгүй юу гэдгийг нэг бүрчлэн шалгуулсан.
Ажлын байрыг дэмжих энэ зээлийн тухайд банк өөрийн эх үүсвэрээс зээл олгож буй учраас шаардлага, хяналтаа тавина.
-Энэ оны төсөвт Жижиг, дунд бизнест эрхлэгчдэд зориулсан зээлийн санхүүжилт хуваарилаагүй. Зээлийн эргэн төлөлтөөр шинэ зээл олгохоор болсон. Одоогоор зээлийн эргэн төлөлт хэдэн хувьтай байна вэ?
-Коронавирустэй холбоотойгоор Засгийн газрын шийдвэр гарч ЖДҮХС-аас зээл авсан иргэн, ААН-үүдийн зээлийн эргэн төлөлтийг 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулсан. Өнөөдрийн байдлаар 2,6 тэрбум төгрөг манайд орж ирсэн байна.
-Баярлалаа.
Сэтгэгдэл ( 2 )
тодорхойлт авар
ЖДҮ эрхлэгч мөн гэсэн тодорхойлт яаж авах вэ?