Холимог тулааны ONE Championship холбоо 2011 онд байгуулагдаж байжээ. Төв нь Сингапурын Калланг хотод байрладаг. Хамгийн анхны тэмцээн болох “ONE Fighting Championship: Champion vs. Champion” 2011 оны есдүгээр сарын 3-нд зохион байгуулагдаж, Фил Барони, Ёшиюки Ёшида, Грегор Грейши, Эдуард Фолайанг нар оролцож байлаа.
Одоо ONE Championship холбоо нь холимог тулааны дэлхийн хамгийн том 3 холбооны нэгд UFC, Bellator холбоодтой хамт тооцогдож байна.
Ази тивийн тамирчдыг голлон сонгодог. Мөн бусад холбоодоос ялгаатай нь холимог тулаанаас гадна кик бокс, муай-тай боксын төрлүүдээр аваргаа шалгаруулдаг. Торноос гадна рингэнд ч тэмцээнээ зохион байгуулдаг.
“ONE Championship” холбооны ерөнхийлөгч Чатри Ситиотдонг 2019 онд “Манайхтай халз үзэлцэх холбоо UFC л байна. Энэ холбооны аваргуудтай би “ONE Championship”-ийн аваргуудыг тулалдуулахад бэлэн байна. UFC Өрнөдөд шилдэг бол бид Дорнодод хамгийн шилдэг нь. Өрнөдийн шилдгүүдийн эсрэг Дорнодын шилдгүүд. Ийм тэмцээн хийвэл олон хүн сонирхох болно” гэж зарлаж байсан билээ. Мөн тамирчдын бие төлөөлөгч нарт тавих шинэ шаардлага гаргасан.
Үүнд,
Тулаанчдын бие төлөөлөгч нь Ази тивд доод тал нь нэг жил амьдарсан байх ёстой.
Шүүхээр шийтгэгдэж байгаагүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх.
Тамирчидтай шүүхээр заргалдаж байгаагүй байх.
Холимог тулааны ертөнцөд арваас доошгүй жил ажилласан байх.
Их дээд сургууль төгссөн байх ёстой гэсэн шаардлагууд тусгагджээ. Эдгээр нөхцлийг биелүүлээгүй бол тус холбооноос тухайн төлөөлөгчтэй харилцахгүй гэдгээ зарласан нь сайн тулаанч, шилдэг менежер байсан ч хувь хүн талаасаа шаардлага хангахгүй бол хамтран ажиллахгүй гэсэн Ази маягийн хэв маяг нь харагдаж байгаа юм.
“One Championship” яаж ийм амжилтад хүрж чадав?
Үнэ төлбөргүй
Юуны өмнө “One Championship” холбооны тэмцээнүүд холимог тулааны жирийн сонирхогчдод нээлттэй, үзэхэд амар. Ямар ч үнэ төлбөргүйгээр телевизээр үзэхээс гадна Facebook, Twitter-ээр ч харж болно. Тэмцээн дуусаад тэр дор нь шилдэг цохилт, ялалтуудыг олны хүртээл болгоно. Тэмцээний зохион байгуулалт, рингийн охид, тулаанууд нь ч дээд түвшинд. Харин UFC мөнгө төлсөн хүнд л үйлчилдэг.
Шоу, доромжлол биш жинхэнэ спорт
“One Championship” америк холбоо шиг цус урсгасан тулааныг онцлох биш жинхэнэ тулааны урлагийг үзэгчдэдээ өргөн барьж байна. Уг нь бол ази холбооны дүрэм нь илүү хатуу (унасан өрсөлдөгчийн толгойнд өвдөглөж болно). Гэвч “One Championship”-ийн тэмцээний өмнөх хэвлэлийн бага хурал дээр та нэг нэгнээ доромжилж, хараан зүхэж байхыг харахгүй. Дээд тал нь хүчтэй цохилтоор ялна гэж л хэлнэ. Тулаанчдыг танилцуулж байгаа нь ч эерэг, тухайн тамирчин тулааны урлагийн ачаар хэрхэн өөрийгөө ялж чадсан талаар өгүүлнэ. Холбооны оддын нэг Японы Рика Ишигэ эрлийз бүсгүй. Түүнийг багадаа ангийнхандаа хэрхэн ад үзэгдэж, дооглуулдаг байсан, тулааны урлагаар хичээллээд яаж хүчтэй болсныг нь яруу тодоор харуулахаас биш хэнийг цус нөжтэй нь хольж байсан нь танилцуулгад гарахгүй.
Холбооны албан ёсны уриа нь “Үнэнч шударга, даруу төлөв, хүндэтгэл, сахилга бат, хүн чанар”. Холбооны тэргүүн Ситиодтонг “Бид тулааныг шоу болгохоос шоу бизнес болгохыг зорьдоггүй. Нэг нэгнээ доромжилж, гутааж тэмцээндээ хүмүүсийн сонирхлыг татах хэрэгцээ бидэнд байхгүй. Азид өөрийн гэсэн үнэ цэнтэй зүйл бий. Манай тэмцээнийг тэрбум хүн үздэг. Тэдэнд бид үнэнч шударга өрсөлдөөнийг үзүүлэх ёстой” гэж ярьж байлаа. UFC-гийн аварга Деметриус Жонсон Сингапурт ирээд “Дахиж тэмцээний өмнө өрсөлдөгчөө заавал доромжлох хэрэггүй болсонд хамгийн их баяртай байна” гэж хэлсэн нь нэгийг өгүүлнэ.
Тулааны урлагийн олон төрөл
“One Championship” бол дан ганц холимог тулаан биш. Тайланд бокс, кикбоксын тулаан хөтөлбөрт нь заавал багтана. Дэлхийн хамгийн олон хүн амтай Ази тивийн бүх тулаанчдыг эгнээндээ нэгтгэх зорилгын нэг хэсэг нь энэ юм.
Жин хасалт, эрүүл мэнд
Холимог тулааны гол асуудлын нэг жин хасалттай тэмцэх аргаа ч тэд ази хүний ухаалаг зангаар олж чадсан юм. 2015 онд “One FC 35” тэмцээнд орохоор бэлтгэж байсан Хятадын тулаанч Ян Цзян Бин их хэмжээгээр жин хассаны улмаас амиа алдсанаас хойш энэ холбоо тамирчдын эрүүл мэндэд онцгой анхаардаг болсон. Бүх тамирчин эрүүл мэндийн байнгын хяналтад байдаг. Тэмцээнд бэлдэх үе болон тулаанаас гурван цагийн өмнө жин үзнэ. Шингэн дутагдсан эсэхийг нь тогтооно. Тамирчныг гэнэт жин нэмэх хасах аюулаас урьдчилан сэргийлсэн тул хүн болгон яг өөрийн жинд тулалдана. Дахиж энэ холбоонд амь насны аюул гарахгүй.
Мөнгө гол нь биш
“One Championship” нээлттэй, орчин үеийн холбоо. Холбооны тэргүүн, тулаанч асан Чатри Ситиодтонг Twitter, Facebook-ийг дээд хэмжээгээр ашиглаж байгаа. Дэлхийн спортын лигүүд дунд олон нийтийн сүлжээний ашиглалтаар “One Championship” Америкийн NFL, NBA гэсэн хоёр аваргын ард л бичигдэж байна. 2018 онд холбооны үндсэн хөрөнгө 250 сая ам.доллар болж, зах зээлийн үнэлгээ нь тэрбум ам.доллар боллоо гэсэн мэдээ цацагдсан. “One Championship” маш их үнээр Азийн зах зээлийг атгасан ч мөнгө тэдний хувьд гол нь биш. Нэр хүнд нь өсөхийн хэрээр хөрөнгө оруулагчид олноор орж ирж байгаа. 4.5 тэрбум хүнтэй Ази тивийг эзэлнэ гэдэг цаашдыг орлого тогтвортой гэсэн үг. Одоогийн байдлаар “One Championship” Азийн тулааны зах зээлийн 90 хувийг дангаар эзэмшиж байна.
“One Championship” хэмээх ази луу ийнхүү Ази тивээ эзлээд дэлхийд ноёрхохоор гарч ирсэн. Энэ холбоонд манай шилдэг тулаанчид хүч сорьж, Ж.Нарантунгалаг аварга болж байсан билээ.
“One Championship” холбоонд монгол тулаанчдын хийсэн 5 шилдэг тулааныг танилцуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )