Сансрын ГЭРЭЛ ЗУРАГЧИН

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 21

-МОНЦАМЭ АГЕНТЛАГИЙН 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ-

Монгол хүн сансарт анх ниссэн түүхэн агшныг хальснаа буулган үлдээсэн гэрэл зурагчин С.Батсүхтэй ярилцлаа. Тэрбээр 1980-1981 онд Москва хот, Байконур сансрын станц болон Казахстаны уужим талд ажиллаж, Ж.Гүррагчаа, В.Жанибеков нар сансарт нисэх үеийн бүхий л сонирхолтой агшныг гэрэл зургийн хальснаа мөнхлөн үлдээсэн уран бүтээлч билээ. Энэ жил хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, монгол хүн сансарт ниссэний болон Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ой тохиож байгаа билээ.


-Хэрхэн гэрэл зурагчин болсон тухай таны түүхээсээ яриагаа эхэлье, хоёулаа...

-Би 1970 онд аравдугаар ангиа төгссөн. Найм, ес, аравдугаар ангидаа гэрэл зургийн дугуйланд явдаг байсан юм. Ер нь зурагчин болно гэсэн бодол нэг их байгаагүй л дээ. Сонирхогч л байсан. Тэр үед дээд сургуульд хуваарилдаг байсан. Би хөдөө аж ахуйн дээд сургуулийн ойн инженерийн ангид хуваарилагдаад орох гэж байтал Улсын гэрэл зургийн газраас хүн ирж, “Зураг сонирхдог хүүхдүүд байна уу. Байвал манайх авъя. Хоёр, гурван жилийн дараа Германд сургуульд явуулна гэсэн. Тэгэхээр нь л би байна гэж хэлээд, Хөдөө аж ахуйн дээд дээр очиж, хувийн хэргээ аваад, гэрэл зурагт орчихсон. Тэгтэл Германд ч сургуульд явсангүй, эндээ л байгаад байсан. Хоёр, гурван жилийн дараа Монголд анх удаагаа хийж байгаа Хөдөө, аж ахуйн дээд сургуулийн гарын авлага, бэлчээр, тэжээлийн ургамлууд, монгол малын үүлдэр гэсэн ном хийж байгаа, түүний зурганд явах уу гэсэн санал ирлээ. Эхний жилд 45 хоног, дараагийн зун бас 45 хоног гэж явсаар гэрэл зургийн сургуульд явахаа ч болилоо. Тэр номыг хийгээд л ерөнхийдөө зургаараа дагнаад ажиллачихсан даа.

-Таны анхны гэрэл зургийн аппарат ямар аппарат байв. Тэр үед ер нь ямар аппаратаар зураг авдаг байсан бэ?

-Тэр үед Оросын “Зенит”, Германы “Практик” хоёроор авдаг байсан. Бас “Ящик” зэрэг аппаратууд байсан л даа. Гэхдээ шинэ хүнд чинь “Зенит” л олдвол дээдийн заяа /инээв/.

-Сансрын гэрэл зурагчин болсон түүх тань хэрхэн эхэлсэн бэ?


-Би ч өөрөө мэдээгүй л дээ /инээв/. Тэр үед гэрэл зурагчдыг дагнуулж ажиллуулдаг байсан. Би хөдөө аж ахуй, үйл явдал дагнаж ажилладаг байлаа. Засгийн газрын ордонд Улс төрийн товчооны гишүүдийн зураг авдаг, завсар зайгаар нь хөдөө аж ахуйн зургаа авна. Ю.Цэдэнбал даргатай айлчлалаар олон орноор явсан байсан, бас энд ирж байгаа гаднын улсын тэргүүнүүдэд үйлчилдэг байв. Нэг өдөр Төв хороон дээр дуудаад, сансрын нислэгийн үеийн зураг авна, гэхдээ энэ бол чи ч одоохондоо мэдэх шаардлагагүй ажил, зүгээр л ав гэсэн зураг аваад явж бай гэсэн. Хэдэн хүний эмнэлэгт үзүүлж байгаа зэрэг зураг авдаг, түүнийгээ тусад нь хадгалдаг байсан. 1979 оны сүүлчээр уг ажлаа жинхэнэ ойлгож эхэлсэн. Биднийг сургалтад суулгаад, зураг авахуулаад л. Авсан зургуудаа угаалгасны дараа НАХЯ-ны Дорж гэж хурандаа хажууд сууж байгаад хальс аваад явдаг байсан.

-Нууцын өндөр зэрэглэлтэй байсан гэсэн үг үү?

-Тийм. Кино үйлдвэрээс оператор З.Сүхбаатар, найруулагч нь Г.Гомбо, телевизээс оператор н.Дашдондог, найруулагч Д.Жаргал нар, гэрэл зургаас би нийлээд таван хүн байдаг байсан. Гурав нь зураг авдаг, хоёр нь найруулагч. 1980 оны эхнээс эхлээд хойшоо Орос руу явдаг болсон. Тэнд очиж, сансрын нисэгчдийн бэлтгэлийн зураг авдаг болсон гэсэн үг. Бид Москвад, тэд Оддын хотхонд байсан. Хоорондоо 45 км орчим зайтай. Өглөөд Оросын сансрын зураг авдаг кино группийнхэн биднийг дайрч аваад явна, Оддын хотхонд бэлтгэл, сургуулилтын зураг авч байгаад Москвад ирнэ.

-Орос руу явахдаа ч мөн нууцаар явсан уу?

-Тэгсэн. Гэр бүлийнхэндээ ч хэлээгүй. Гэхдээ тэд мэдэж байсан байх, хүн асуувал хөдөө явлаа гэдэг байсан. Би чинь угийн бор хүн болохоор хөдөө яваад улам л бор болно, харин Москва яваад огт өөр болоод ирнэ. Хүүхдүүддээ бохь авчрах жишээтэй. Хөдөөнөөс бохь авчирна гэж байхгүй учраас гэрийнхэн бол хаашаа яваад ирж байгааг мэдэж л байсан байх. Ажлынхан бол ерөөсөө мэддэггүй байсан. Байнга л хөдөө явдаг байсан болохоор дарга нараас бусад нь намайг хөдөө явлаа л гэж бодно.

-Орост очоод хэд хоноод буцаж ирдэг байв?


-Орост долоо хоноод л буцаж ирнэ. Эндээ 20 гаруй хоноод буцаад Орос руу явдаг байсан. Нэг удаа Москвагаас буцах гэж байтал Төв хорооноос намайг нэг хүн нэмж авах хэрэгтэй байна, одоо ажил бүр их болж байгаа гэлээ. Харин телевиз бол том баг очно гэсэн. Би Монголдоо ирээд гэрэл зурагчин Ц.Нинаг авсан. 1981 оны эхнээс бид хамтарч ажилласан. Сансрын нисэгчдийг тус тусад нь, гэр бүлээрээ зугаалж байгааг нь, бэлтгэлээ хийж байгааг нь авдаг байв. 1981 оны гуравдугаар сарын эхээр Ж.Гүррагчааг сансарт ниснэ гэдгийг бид гадарлаж эхэлсэн. Яагаад гэхээр, оросууд Жанибековыг нэгдүгээр нисэгч, Ляховыг хоёрдугаар нисэгч гээд зарлачихсан байсан. Ингэхдээ Ж.Гүррагчаа В.Жанибековтой, М.Ганзориг В.Ляховтой гэж хэлсэн болохоор бид Ж.Гүррагчаа нисэх нь гарцаагүй боллоо гээд ойлгочихсон байсан.
 

С.Батсүх: Ж.Гүррагчаа, В.Жанибеков нарын хөлгийн залгаас салсангүй гэхэд бидний сэтгэл их түгшсэн 

-Ж.Гүррагчаа, В.Жанибеков нар сансарт ниссэн өдөр гэрэл зурагчид хэрхэн ажилласан бэ?

-Сансрын нислэгийн өдөр Монголоос очсон телевизийн асар өргөн бүрэлдэхүүнтэй баг ажилласан. Ж.Гүррагчаа, В.Жанибеков нарыг сансарт нисэх үед Ц.Нинагаа Москвад үлдээгээд, киноны багаас н.Дашдондог, Б.Балжинням бид хэд Байконур сансрын станц явсан. Ж.Гүррагчаа, В.Жанибеков нарыг сансарт нисэх үед сэтгүүлчид болон дарга нар нэлээд хол, 700-800 метрийн зайтай байрласан бол Монголоос гурав, Оросоос гурван зураг авдаг хүн оруулна гэлээ. Монголоос н.Дашдондог, З.Сүхбаатар бид гурав дотогш очиж, сансрын нисэгчдээс 200 метрийн зайд орсон. Байконур сансрын станц руу ороход бидний жинг үзсэн. 68 кг-аас дээш бол оруулна гэсэн санагдана, би тухайн үед хамгийн залуу нь, 28 настай байлаа. Жингээ үзтэл 68 кг арай л хүрдэггүй. Нөгөө хэд маань надаар тоглоод 68 кг-аас бага жинтэй бол оруулахгүй гэсэн юм шиг байгаа юм. Тэд миний халаасанд “Болор” архи хийж өгөөд жин дээр зогсоочихсон. Архитай бол 68 кг хүрч байна гээд л оруулчихсан. Надаар тоглоод байсныг нь би мэдэлгүй айгаад л, оруулахгүй бол баларлаа гээд л /инээв/. Биднийг ороод байж байтал хоёр нисэгч автобусаар ирж, яриа өгөөд, автобусаараа хөлгөндөө очоод суулаа. Тэгээд л хөөрөхөд нь “Ийм юманд явна гэдэг азтай ч юмуу, эзтэй ч юмуу” гэж бодогдоод л сэтгэл сонин болдог юм билээ. Эмээх, гайхах зэрэгцээд л...
 


”Союз-39” хөлөг цагариг үүсгээд л тэнгэрт хөөрсөн. Эхлээд бөөн гал авалцаад, дээшээ хөөрснөө явж байгааг нь харахад цагариг үүсгээд байдаг юм билээ. Би “Ингээд хязгааргүй юм руу орчихоор ямар байгаа бол. Монгол хүн явж байгаа шүү дээ” гээд л бодож байгаа юм. Тэд сансарт бараг найм хоноход бид Москвад Нислэгийн удирдах төвөөс сансрын хөлгөө ажигладаг байсан. Монголоос очсон дарга нар ч тэнд суугаад ажиглана. Ц.Нина бид хоёр заримдаа тэр удирдах төвд зураг авна, заримдаа гадуур явж, хүмүүсээс сэтгэгдэл авна.

Хөлгийг буух өдөр бид Казахстанд очсон. Нисдэг тэргээр Казахстаны тал руу явсан. Замд явж байтал биднийг буулгачихав. Би ч мундаг орос хэлтэй биш болохоор яасан ийснийг нь мэдэхгүй гайхаад л. Тэгтэл “Союз-39” хөлөг болон “Салют-6” станцын залгаа нь салсангүй гэв. Өмнө нь Оросын гурван нисэгч буухдаа бүтэлгүйтгэсэн энээ тэрээ гээд янз бүрийн юм сонсож байсан би их айлаа. Тэгтэл биднийг буцаад суу, хөлөг салчихлаа гэсэн. Хөлөг станцаас залгаа нь салахгүй байсаар дэлхийг буцаад нэг бүтэн тойрчихсон юм билээ. Бороотой, салхитай өдөр байсан. Биднийг 200-гаад метрийн цаана буулгасан. Эхлээд аврагчид, эмч нар очдог юм байна. Биднийг очиход хоёр нисэгчийг гаргаж ирээд сандал дээр суулгачихсан байсан. Тэгээд л бид зургаа авсан. Өмнө нь би Кубын нислэгийн үеэр Байконур дээр очиж, холоос харж байсан. Бас Вьетнамын нислэг буухад авч явсан зүйлүүдийг нь сэтгүүлчид хулгайлчихсан гэж сонсож байсан. Түүнээс хойш сэтгүүлчдийг сүүлд нь аваачдаг болсон гэсэн.

-Та гэрэл зургаараа хэдэн удаа үзэсгэлэн гаргаж байсан бэ?
 


-Монгол хүн сансарт ниссэний 5, 10, 30 жилийн ойгоор үзэсгэлэн гаргаж байсан. 10 жилийн ойгоор Булган, Эрдэнэт, Дарханд үзэсгэлэн гаргасан. Улаанбаатарт гаргасан үзэсгэлэнгээ аваад тойроод явсан. Мөн сая 40 жилийн ойгоор үзэсгэлэн гаргалаа.

-Ж.Гүррагчаа, Жанибеков нар гэр бүлээрээ шинэ жил тэмдэглэж байгаа зураг байдаг. Тэр зургийг шинэ жил болоогүй байхад зохиомлоор авсан гэж та ярьсан байсан. Энэ зургийн талаар сонирхуулаач?

-Энэ зургийг Оддын хотхонд Жанибековын гэрт авсан. Шинэ жил тааралдахгүй байсан болохоор манай кино багийнхан хоорондоо ярьж байгаад Жанибековынд шинэ жил тэмдэглэж байгаагаар зураг авъя гэсэн хүсэлт тавихад Жанибеков зөвшөөрсөн.

-Сая Монгол, Зөвлөлтийн хамтарсан нислэгийн 40 жилийн ойгоор Жанибеков Монголын ард түмэнд мэндчилгээ дэвшүүлсэн. Жанибеков одоо монголчуудтай холбоотой байдаг уу. Ж.Гүррагчаа гуайтай ойр, дотно байдаг байх?

-Жанибеков Гүррагчаатай үе үе ирж уулздаг юм шиг билээ. 2015 онд намайг Хустайн нуруунд явж байхад Жанибеков, Гүррагчаа нар эхнэр, хүүхэдтэйгээ явж байгаад тааралдсан. Уулзаад сүйд болж билээ. Би гуравдугаар сарын 22-нд Гүрээ рүү залгаж, баяр хүргэдэг юм. Зарим жилд Москвад яваа сураг сонсогддог байсан. Жанибеков тэр хоёр их ойр байдаг.
 


-Тэд сансарт ниссэний дараахан В.Жанибеков Монголд ирж, Ж.Гүррагчаа гуайнд очсон зургууд бас бий. Тэр зургийг мөн та авсан уу?

-Тэгсэн. В.Жанибеков нэг хүүхдийг унаган дээр суулгачихсан зураг байдаг. Тэр хүү Гүрээгийн том хүү Батбаяр юм. 1981 онд Монгол, Зөвлөлтийн хамтарсан нислэг болсны дараа В.Жанибеков Монголд ирээд, бүх аймгаар явсан. В.Ляхов бас хамт ирсэн.

-Зурагчин хүний жаргал юу байдаг вэ, бас зовлон нь юу вэ?

-Зурагчин хүний жаргал нь миний бодлоор зургаа авчихаад хальсаа угаагаад үзэхээр сэтгэл онгойдог тэр мэдрэмж байдаг. Зовлон нь гэхээр зургаа авчихаад яасан бол, ийсэн бол гээд үргэлж санаа зовно, нөгөө хүн маань нүдээ аньчихсан болов уу, дутуу зураг авчихсан болов уу гэж бодох нь байдаг. Хальсаа угаагаад үзэхээр л дотор онгойгоод, жаргаж байгаа юм. Авсан зургуудаараа бүтээл хийх, сонин хэвлэлд өгөхөөр л би мэргэжлээ зөв сонгож дээ гэж боддог.

-Таны хамгийн их ажил болж байж авсан, авахад хэцүү байсан зураг ямар зураг вэ?

-Ер нь үйл явдлын зураг авахад их хэцүү. Гэрэл зурагт гурван кадраас нэг нь ашигтай гэж үздэг. Гурав дарж байж амжилттай болно. Кадраар нь тооцоо хийчихдэг байсан учир гэр бүлийнхнийхээ зургийг ч дарах эрхгүй шүү дээ, бид нар чинь. Хөдөө зураг авахад л жаахан хэцүү. Үйл явдлыг өөрийнхөө мэдрэмжээр авчихдаг бол хөдөө зохиомжтой зураг авах болдог. Хөдөө комбайнчдыг эгнүүлж зогсоож авсан нэг зураг бий, түүнийг зохион байгуулахын тулд бригадын даргатай нь ярьж байлаа. Бас сүүлийн үед авсан зургуудаас Г.Баасангийн цагдаа нар руу дайрч байгаа нэг зураг байдаг юм. Цагдаа нар хамгаалалтад гарчихсан байх тэр үед би хажуугаар нь өнгөрч явтал нэг хүн цагдаа заамдаж авуут нь би ч ухас гээд зураг дарчихсан. Г.Баасан байсан байна лээ.
 


-Та зургуудаа гаднын уралдаанд хэр явуулж байв. Байр эзэлж байсан зургийнхаа талаар...

-Гаднын уралдаанд зургаа явуулдаг байсан. Миний “Баярлалаа, баяртай” гээд нэг зураг бий. Тэр зургийг ЮНЕСКО-гийн уралдаанд явуулсан. Зуднаар дарга нар Дундговь аймаг руу тусламж тараахаар явахад нь хамт яваад айлын гадаа буучихаад буцаад явах үед авсан зураг. Айлынхан авсан зүйлсээ дээлэндээ боочихсон, гэрүүд нь цасанд дарагдчихсан тэр агшин нисдэг тэрэгний салхинд их гоё харагдахаар нь нисдэг тэрэгний хаалгыг онгойлгож байгаад, хоёр, гурав дарчихсан юм. Тэгтэл намайг яагаад онгоцны хаалга онгойлгосон бэ гэж нэг сар байцаасан. Дөрөв, тав хоноод л дуудаад байцаана. Тэгтэл ЮНЕСКО-гийн уралдаанд явуулсан зураг маань гуравдугаар байр эзэлчихэж. Нэг дуудахад нь нөгөө зургаа авч очоод “Энийг л дарах гэж нисдэг тэрэгний хаалга онгойлгосон юм. Энэ зураг манай улсын нэрийг гаргаж байна шүү дээ” гэж тайлбарласнаас хойш харин дахиж дуудаагүй.
 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkk(202.126.88.153) 2021 оны 04 сарын 22

Ene khun Banzragchiin Sukhee gej khuneer gerel zurag ankh \n zaalgasnaa martaagui baimaar

0  |  0
.нацаг(192.82.75.72) 2021 оны 04 сарын 21

Ганзориг гуай-г зураглаагүй л хүн дээ

0  |  0
varane(66.181.186.56) 2021 оны 04 сарын 21

Batsuh ahdaa eruul enhiig husie.

0  |  0
чимэддорж(124.158.85.147) 2021 оны 04 сарын 21

Гүррагчааг яг нисэх гэж байна гэх үед төрийн шагналт, мэдрэлийн эмч Дондов,Төв аймгийн ерөнхий эмчОчирбат,фтозурагчин С.Батсүх бид хэд сайн явж ирээрэй гэж хундага өргөж байж билээ.ШУА-н дэд ерөнхийлөгч Б.Чадраа бидэнтэй ойролцоо өрөөнд байрлаж байсанГанзоригийг хөөргөх сонирхолтой байсан Гэвч Цэдэнбал дарга шийдсэн.Тэр үед миний бие ШУ-ны асуудал хариуцсан референт учраас ойр зуурын ажилд нь оролцож Жалан-Аажав даргын даалгасныг хийдэг байсан юм.

1  |  0
Top