Жил бүрийн дөрөвдүгээр сарын 24-ийн өдөр Лабораторийн амьтныг хамгаалах дэлхийн өдрийг тэмдэглэдэг. Шинжлэх ухааны талбарын үл үзэгдэгч цэрэг болсон эдгээр амьтангүйгээр сүүлийн хэдэн зууны биологийн болон анагаах ухаан лабораторийг төсөөлөх аргагүй.
Өнөөдөр дэлхий дахинд хүн төрөлхтний эрүүл мэнд, дэвшлийн төлөө хэдий тооны хулгана, харх, туулай, усан гахай, шавж хөдөлмөрлөж буйг нарийн хэлэхэд хэцүү аж. 2005 онд британийн амьтан хамгаалагчдын хийсэн тооцоогоор, дэлхийн хэмжээнд 115 сая сээр нуруутан лабораторийн туршилтад оролцож байжээ. Харин “РЕТА” амьтан хамгаалах байгуллагын мэдээллээр, зөвхөн АНУ-д гэхэд жил бүр 100 сая хулгана, хархыг лабораторид ашигладаг байна.
Усан гахай болон бусад төрлийн амьтан дээр XVI зуунаас туршилт хийж эхэлсэн ч саяхнаас хүмүүс тэдний хувь заяанд санаа тавьдаг болж эхэлжээ. Энэ нь зөвхөн амьтан хамгаалагчдын үйл ажиллагаа эсвэл амьтдын ухамсрын судалгаатай холбоотой биш. Судалгааны аргачлал төгөлдөршсөнөөр ирээдүйд амьтдыг тарчлаан зовоох, хөнөөхөөс сэргийлэх боломжтой болно.
1959 онд амьтан судлаач Уильям Расселл, микро биологич Рекс Берч нар биологийн ёс зүй, лабораторийн амьтадтай ажиллах алтан стандарт болсон 3R зарчмыг танилцуулж байжээ. Энэ нь боломжтой үед амьтдыг туршилтын бусад хэрэгслээр солих (replacement), амьтан заавал шаардлагатай үед аль болох бага ашиглах (reduction), эдгээр хоёр боломж шавхагдсан үед амьтдыг аль болох бага тарчлаан зовоох (refinement) гэсэн гурван зарчим юм. 60 жилийн дараа Расселл, Берчийн энэ хүмүүнлэг зарчмыг дэлхийн олон орны хууль тогтоомжид баталгаажуулсан байна.
Хүн төрөлхтөн өөр дээрээ аль болох туршилт хийхгүйн тулд амьтдыг золих болжээ. Гэхдээ амьтан дээр туршилт хийгээд хүн рүү шилжихэд тэр бүр амжилттай болдоггүй байна. Тодорхой хэлбэл ийм туршилтын 80 орчим хувь бүтэлгүйтдэг байна. Тухайлбал, амьтан дээр амжилттай туршиж, Стивен Хокингийн өвчинтэй тэмцэхэд ирээдүйтэй гэж үзсэн 100 гаруй нэгдлээс нэг нь ч хүн дээр амжилт олоогүй. Хулгана дээр эмнэлзүйн өмнөх туршилтыг амжилттай давсан цус харвалтын эсрэг 100 орчим эм бэлдмэл хүн дээр мөн л үр дүнг өгөөгүй байна. Сүүлийн хорин жилд 250 мянган хулгана энэ бүтэлгүй туршилтын төлөө амиа өгчээ.
Өдгөө амьтдыг “чиптэй эрхтэн” буюу зүрх, уушги, арьс зэрэг хүний эд эрхтний микро физиологийн загварт их найдвар өгч байна. Эдгээр эрхтний эсээс тухай эртний хувилбарыг гаргаж авдаг байна. Ийм технологийг дэлхийн эрдэм шинжилгээний олон төвд ашиглаж байна. Өвчтөний эсээс хиймэл эрхтэн ургуулан туршилт хийх замаар тухайн өвчтөнд тусгайлан зориулсан эмчилгээний арга боловсруулах боломж гарч ирсэн нь асар их дэвшил юм гэж эрдэмтэд онцолж байна.
Технологийн хөгжил, амьтан хамгаалагчдын шаардлагын ачаар эрт, орой хэзээ нэгэн цагт амьтдын арми лабораториос алга болно гэж эрдэмтэд найдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )