Тэр нүдэн дээр “Нутгаа хөгжүүлнэ” гээд хүрээнээс явсан ч нидэр дээрээ “тарчилсан”-ыг хойш өгүүлнэ. Намтар нь ч тэр чигээрээ их улс төрд тэмүүлсэн зовлон. Яахав. “Нутгаа хөгжүүлнэ” гэдэг бол манай улстөрчдын уриа төдийхөн үг бөгөөд Ж.Батсуурь гишүүн ч энэ уриаг тойрч гараагүй. Харин тэр маш боловсон популист учраас парламентад ирэх хугацаагаа хойшлуулсан гэж боддог. Уг нь С.Ганбаатар гишүүн шиг бохир популист байсан бол парламентад эрт ороод ирэх эрэмбэтэй нэгэн. Их эртнээс улс төрд өөрийгөө бэлдсэн ч хугацаа сунасаар байгаад 2020 онтой золгосон нь энэ юм шүү дээ. Нөгөө талаар өөрсдөө арай гэж амь дүйж байсан АН-д түүнийг шингээх газар нэг хэсэгтээ олдоогүй гээд хугацаа сунах шалтгаан олон байв.
Өдгөөгөөс 20 гаруй жилийн өмнө буюу 1997 онд Сүхбаатар аймгийн АН-ын дарга болж, 2017 он хүртэл 20 жил ажилласан хүн түүнээс өөр байхгүй ч байж мэднэ. Харин АН-ыг тарамдуулсан гэх С.Эрдэнэ Баянголын АН-ын даргаар 20 жил ажиллаж, өнөөдөр улс төрийн замналдаа цэг хатгав бололтой. Түүнийг ийнхүү “тарчилж” байхад “Монос”-ын Л.Эрдэнэчимэг.санхүүжүүлэх замаар аймгийн Засаг дарга болгосон гэдэг. Яг таг мэдэх зүйл байхгүй ч тэр хоёрын дунд хаус, газар байршил гэх мэт бага сага асуудал байгааг хойш тавъя.
Парламентад орж ирэх гэж аймгийн намын үүрийн даргаар 20 жил ажиллана гэдэг бол яах аргагүй “тарчлаан”. Аймгийн намын үүрийг өнгөтэй өөдтэй авч явах, гишүүд дэмжигчидтэй байлгахын тулд асар их хөрөнгө хэрэгтэй. Хөрөнгөтэй байхын тулд татвар төлөгчдийн хэтэвч рүү өнгийхөөс өөр аргагүй. Түүнээс бус Ж.Батсуурийн насаараа хураасан хөрөнгө ч дүйж очихгүй. Бас нэг зүйл бий. Татвар төлөгчдийн хэтэвч рүү хэтэрхий их гар дүрвэл хэрэгт орно. Дүрэхгүй гэхээр юун нам санхүүжүүлэх манатай болно. Харин хаа очиж Ж.Батсуурь энэ бүгдийн давс хужрыг нь тааруулж ирсэн сэргэлэн эр.
Түүнээс бус тэр 1994-1999 онд “Молор импекс” компанийн захирлаар ажилласан бизнесийн богинохон түүхтэй. Аймгийн АН-ын даргаар ажиллах 20 жилд тэр “юм” “юм” л үзсэн. АН засаглах үед буюу 1999-2000 онд “Дөрвөлт” ОНӨҮГ-ын даргаар, “Их эвслийн” гэх Засгийн газарт 2005-2007 онд Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дэд даргаар тус тус маш богино хугацаанд ажилласан гэхээр хэрдээ л төв суурин газарт байр сууриа эзлэхийг зорьсон. Гэвч АН гавьяа ч үгүй, гай ч үгүй нөхрийг хэрхэн шингээх билээ. Тиймээс мань эр гай, гавьяа хоёрыг зэрэгцүүлэн байгуулахаар Сүхбаатар аймгийг зорьсон нь ийнхүү гэрэл сүүдэртэй намтрыг ард түмэнд бүтээж өгсөн хэрэг.
МАН урт удаан хугацаанд манлайлж байсан Сүхбаатар аймагт нэр ч үгүй, хөрөнгө ч үгүй нам толгойлно гэдэг яаж ч бодсон амаргүй. Тиймээс аймгийн Засаг даргад зүтгэсэн, дээр дурдсанаар бол “Монос”-ын дэмжлэгээр Засаг дарга болсон гэх. Мэдэх юм алга. Ямартай ч бүтэн аймгийн төсөв атгаад ирэхээр нөхцөл байдал тэс өөрөөр эргэнэ. Зүдэрч явсан нөхөрт ёстой л тэнгэрийн умдаг атгалаа гэсэн үг. Сүхбаатар аймаг Хятад улстай хиллэх учраас түүнд илтэд нөлөөлсөн гэх мэдээлэл олон байгааг дурдах нь бас л илүүц хэрэг.
Хэтэвчний хэмжээ томрох тусам түүний гэгээлэг мэдээ мэдээлэл орон нутгийн хэвлэлээс хальж, төвийн хэвлэл мэдээллийн “баатар” боллоо. “Ж.Батсуурь залуу хүн учраас Сүхбаатар аймгийг хөгжүүллээ” гэх мэтийн мэдээ мэдээлэл нэг хэсэг хэвлэлийн хуудаснаас салахаа больсон. Тухайн цагийн Ерөнхий сайдын Хэвлэлийн алба хүртэл сайдаа ийн алдаршуулж чадаагүй юм даг. Нуулгүй хэлэхэд татвар төлөгчдийн мөнгө л ийнхүү түүнийг гэрэлтүүлж байсан нь ойлгомжтой. Түүнээс бус Сүхбаатар аймаг хөгжиж дэвшээд сүйд болсон зүйл алга. Өрсөлдөх чадвараас нь харахад тус аймаг сүүлийн жилүүдэд оноо илтэд буурч иржээ. Эцэст нь уул уурхайн хөлд дарагдсан бэлчээргүй нутаг болох аюулд тулчихсныг л тал талаас дуулгах аж. Энэ бол бодит үнэлгээ. Цагийн аясаар хэдэн барилга байшин нэмэгдэхийг хөгжил дэвшил гэж харах нь эндүүрэл. Харин мань эр аймгийн хэмжээнд нэг амбаар барьсан ч өөрийнхөө нэр дээр наагаад байхаар карьер дээшилж болдгийг л харуулсан. Энэ утгаараа найман жил аймаг засаглахдаа “Бурхан”-ы дүрд хувирсан юм.
Гэхдээ төсвийн мөнгөөр бүтээсэн “Бурхан” байв. Өнгөрөгч 2016 оны сонгуульд өвдөг шороодсон нь пиарын хөөс хэтэрснээс болсон. Шоглож хэлэхэд боронзоор бүрсэн шавар бурхан байсныг сүхбаатарчууд мэдэв. Найман жил засагласан намтартаа эрдэж яваад унасан уу гэвэл үгүй. Ерөөсөө пиар, хэвлэл мэдээллийн хөөс хэтэрсэн учраас унасан. Тийм ч учраас 2016 онд өвдөглөсөн Ж.Батсуурь дөрвөн жил өөр аргаар үзэж, нутгийн иргэдтэй тулж ажилласан. Тодорхой албан тушаалгүй ч Сүхбаатар аймагт Ч.Улааны үүсгэсэн МАНАН бүлэглэлийг дарамтлах замаар асуудлаа шийдэж, иргэдэд шууд утгаар нь нөлөөлөх замаар пиар хийсэн гэдэг. Сүүлдээ иргэдэд идээний дээжээс эхлэн бэлэг сэлт тараасан нь ч бий. Азаар 2020 онд түүний өрсөлдөгч үнэхээр сул байв. Улс төрийн тэтгэвэрт эрт гарсан Т.Гандитай өрсөлдөх хувь тохиосондоо баярлах, бүр түүний зургийг хоймроо залсан ч яадгийм. Арай чанга өрсөлдөгч таарсан бол “тарчлаан” л нэмэгдэх байв.
Түүнийг засаглах хугацаанд Баруун-Урт Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбогдлоо. Гэр хорооллын зарим хэсгийг инженерийн шугам сүлжээнд холбож, аймгийн төв дээр орон сууцны хороолол нэмэн, айл өрхүүд халуун, хүйтэн устай тохилог амины орон сууцанд амьдрах боломжоор хангагдсан нь Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлогын үсэрхийлэл байв. Гэхдээ Ж.Батсуурийн хүчин зүтгэл байсныг үгүйсгэхгүй. Тэр заримдаа шүгэлдэнэ. Тухайлбал, “Баруун Европыг Номхон далайтай холбохын тулд Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл 277 километр засмал зам, дараа нь төмөр зам тавина” гэх. Энэ бол аймгийн Засаг даргын “үлээх” асуудал биш. Парламент, Засгийн газрын түвшинд “үлээх” маш том зүйл. Энэ нь хувь улстөрчийн популист үнэр ханхлуулсан шоу л байсан болов уу.
Ямартай ч өнөөдөртөө боомт руу зам тавиагүй. Харин ч эсрэгээрээ олон арван шороон зам салаалж, байгаль дэлхий сүйдсэн нөхцөлд орхиод парламент руу зугтаасан гэж болохоор. Популист хийдэггүй улстөрч гэж байхгүй. Тэрээр байнгын хорооны хуралдааны үеэр "Улаанбаатарчууд 36 мянган төгрөгөөр мах авч идэх ёстой" гэж хэлсэн. Сүхбаатарчуудад таалагдах гэсэн хийрхэл байсан болохоос бус хөрсөн дээр ямар байгаа билээ. Ж.Батсуурийн улс төрийн замналд Ерөнхий сайд асан Р.Амаржаргал холбоотой төдийгүй энэ зам руу түлхсэн хүмүүсийн нэг байх. Хөтлөөд алхаагүй ч дам уруу татсан хүн нь гэж боддог. Өөрөө ч энэ тухай дурдсан санагдана. Р.Амаржаргалыг Санхүү, эдийн засгийн сургуулийн захирал байх үед оюутан нь байсан хүн. Унаган мэргэжлээсээ гадна дотоодын Удирдлагын академи, БНСУ-ын Удирдлагын академийг тус тус дүүргэсэн гэх зүйл намтрыг нь чимэж байдаг.
Газрын доорхи баялагт гар дүрээгүй, түүнээс ашиг хүртээгүй Засаг дарга гэж хаана ч байхгүй. Аймгийн амьдрал, хувь улстөрчийн пиарт төсвийн мөнгө хүрэхгүй. Хүрдэг ч хэтэрнэ. Тэгэхээр цухас дурдахад Төмөртэйн цайрын ордыг эзэмшдэг "Цайрт минерал”-аас 2009 онд татварт хоёр тэрбум төгрөг авсан ч нэг тэрбум 500 саяыг татварт авдаг гэж Ж.Батсуурь тайлбарлажээ. Нуусан 500 сая төгрөг яав. Мөн "Цайрт минераль” компани төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 200 сая төгрөгийг 2011 онд өгсөн ч энэ мөнгө эзэддээ очоогүй. Энэ мэтчилэн дурдаад байвал уул уурхайтай холбогдох түүний мөр зам хэзээ ч балрахгүй. Эцэст нь хэлэхэд аймгийн төсөв найман жил захирсан учраас л “Төсвийн мөнгөөр бүтээсэн Бурхан” гэж нэрлээд байгааг болгооно буй заа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )