ТАНИЛЦ: Баян-Өлзийт уулын хадны зосон зураг

2021 оны 07 сарын 08

ШУА-ийн Археологийн Хүрээлэн, Соёлын Өвийн Төвтэй хамтран 2008 оны 06 дугаар сард Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт орших түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгэж, баримтжуулах зорилгоор хээрийн шинжилгээний ажил зохион байгуулсан юм.

Тус хээрийн шинжилгээний анги Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт буй түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг бүртгэх явцдаа Баян-Өлзийт хэмээх уулнаа урьд өмнө нь мэдэгдээгүй хадны зосон зургийн дурсгалыг илрүүлэн олжээ.

Баян-Өлзийт уул нь Батноров сумаас Дадал сум орох замд тааралдах боловч, Норовлин сумын нутагт оршдог. Энэ уул нь гурван хэсэг шовх хаднаас бүрдэх ба урд болон баруун талаар нь цөөн тооны дөрвөлжин булш бий.

Тус гурван хадны дунд талын зүүн урагш харсан толигор, эгц хадны төв хэсэгт улаан зосоор дундаа босоо зураастай хоёр сөөлжир чагтан тэмдэг дүрсэлсэн байх ба түүний зүүн дээд талд хэмжээгээр арай багавтар мөн л нэг дундаа босоо зураас бүхий хоёр сөөлжир чагтан тэмдэг дүрсэлсэн байна. Эхний дүрсний чанх зүүн талд сүүлээ өргөсөн, босоо урт чихтэй нохойг өмнөх дүрснүүдээс илүү өтгөн улаан хүрэн өнгөтэй зосоор урлажээ.

Энэхүү зосон зургийн бусад зургуудаас ялгаатай нь сөөлжир чагтан тэмдгийн хамт нохой дүрсэлсэн явдал бөгөөд Монгол нутгаас анх удаа олдож байгаагаараа онцлог юм. Эдгээр дүрснүүд нь он цагийн уртад нэлээд баларч, мэдэгдэх төдий болжээ. Энэхүү зосон зургийн дурсгал нь неолитын үед холбогдоно.

Эх сурвалж: ШУА-ийн Археологийн хүрээлэн

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өвгөн(139.5.217.222) 2021 оны 07 сарын 09

Зураг байна аа, сэрээ тамга шиг л харагдаж байна, гэхдээ хадны хагарал таараад ингэж харагдаж байгаа юм болов уу даа.

0  |  0
Зан(202.179.24.161) 2021 оны 07 сарын 09

Уг хадан дээр ямар ч зотон зураг алга, бүр эрээчсэн сараачсан зүйл ч олж харсангүй ямар нүдээр хараад байнаа гэж....

0  |  0
Top