Гаитигийн Ерөнхийлөгчийг хөнөөсөн 28 хөлсний алуурчныг тогтоогоод байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 09

Гаитигийн Ерөнхийлөгч Жовенел Моисыг хөнөөсөн 28 хөлсний алуурчныг тогтоогоод байна гэж тус улсын сонгууль, нам хоорондын харилцааны сайд Матиас Пьер мэдэгджээ. Эдгээрийн 26 нь Колумбын иргэд байсан бол хоёр нь гэмт бүлэглэлийн гишүүд байжээ.

Гаитигийн Үндэсний цагдаагийн газрын дарга Леон Шарль, Ерөнхийлөгчийн амийг хөнөөсөн хэргээр 17 сэжигтнийг баривчилж, долоон этгээдийг цагдаагийн ажиллагааны үеэр устгажээ. Найман сэжигтнийг эрэн сурвалжилж байна.

Матиас Пьерын мэдээлснээр, ирэх есдүгээр сарын 26-нд төрийн тэргүүний сонгууль болох гэнэ.

Ерөнхийлөгч агсан Жовенел Моисын үр хүүхдүүд эх орноо орхин гарсан тухай орон нутгийн “Juno7” сайт мэдээлжээ. Үүнээс өмнө Доминикан улсад суугаа Гаитигийн элчин сайд Моисын хүүхдүүд аюулгүй газар хамгаалалтад байгаа гэж мэдэгдэж байжээ.

Харин хүнд шарх авсан тэргүүн хатагтай Мартина Моисыг АНУ-ын Майамид авчраад байна гэж тус улсын Вашингтон дахь элчин сайд Бокчит Эдмонд мэдээлсэн байна. Мартина Моис гар, гуя, хэвлийн тус газраа хүнд шарх авчээ.

Өнгөрсөн мягмар гарагаас лхагва гарагт шилжих шөнө Гаитигийн Ерөнхийлөгч Жевенел Моисын өргөө рүү зэвсэглэсэн этгээдүүд дайрч, амийг нь хөнөөсөн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top