1981 онд АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Роналд Рейганы амь насанд халдсан Жон Хинклид шүүхээс ногдуулсан эрхийн хязгаарлалтууд ирэх оны зургаадугаар сараас эхлэн үйлчлэхгүй болно гэж нийслэлийн Колумбийн тойргийн холбооны шүүгч Пол Фридман мэдэгджээ.
Түүний хэлснээр, 2022 оны зургаадугаар сард Хинкли бүрэн чөлөөлөгдөнө. Холбооны шүүгч энэ долоо хоногт холбогдох албан ёсны баримт бичигт гарын үсэг зурах гэнэ.
АНУ-ын Хууль зүйн яам 2016 онд улсын сэтгэцийн эмнэлгээс тэнсэн харгалзах нөхцөлтэйгөөр гарсан Хинклид /66 настай/ шүүхээс ногдуулсан ажиглалт, хяналтыг зогсоох саналыг хүлээн авчээ. Тэрбээр Виржиниа мужийн Уильямсбург хот дахь гэртээ эргэн ирсэн бөгөөд шүүхээс түүнийг хэвлэлийнхэнтэй уулзах, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглож, нийгмийн сүлжээнд бүртгүүлэхэд тусгай зөвшөөрөл авах зэрэг хэд хэдэн эрхийн хязгаарлалт тавьсан аж.
Шүүхийн шийдвэр гарсны дараа түүний өмгөөлөгч Барри Левин “Түүний зүгээс аюул учруулах ямар нэгэн шинж тэмдэг байхгүй” гэж мэдэгдсэн байна.
Жон Хинкли 1981 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Вашингтоны “Hilton” зочид буудлын үүдэнд АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Роналд Рейганы амь насанд халдсан юм. Тэрбээр Рейган руу зургаан удаа буудсанаас нэг сум нь Ерөнхийлөгчийн цээжин тус газар оножээ. Тухайн үед ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Жеймс Брэдли, тусгай албаны ажилтан, нэг цагдаа хүндээр шархдаж байв.
1982 онд болсон шүүх хурлаар Хинклийг 13 зүйл заалтаар ялласан ч эцэстээ түүнийг хэргээ хүлээх чадваргүй хэмээн үзэж, Вашингтоны гэгээн Элизабетын сэтгэцийн эмнэлэгт шилжүүлсэн байна. 1999 оноос түүнд харгалзагчийн хяналт дор эмнэлгээс гарч, ар гэрийнхэнтэйгээ уулзах зөвшөөрөл олгосон бол 2003 оноос тусгаарлах дэглэмийн зарим нөхцөлийг нь сулруулжээ. Сэтгэцийн эмнэлгээс гарснаас хойших хугацаанд Хинклид хэвлэлийнхэнтэй уулзахыг хатуу хориглосон бөгөөд төрийн тэргүүний аюулгүй байдлыг хариуцсан тусгай албадын ажилтнууд түүнийг ажиглан, хянадаг байна.
Сэтгэгдэл ( 1 )
1976 онд Taxi Driver гэдэг кино гарсан. Түүний гол дүрд тоглосон Жуди Фостерт энэ Жон Хинкли дурлаж, олон удаа захиа илгээсэн боловч Фостер хариу бичээгүй тул кинон дээр гарсан үйл явдлыг давтаж, гол дүр Роберт Де Ниро шиг ерөнхийлөгчид халдсан юм. Түүгээрээ Жуди Фостерийн анхаарлыг татаж чадсан байдаг.