Гаити улсын Ерөнхийлөгчийн амь насанд халджээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 08

Гаити улсын Ерөнхийлөгч Жовенел Моисийн амь насанд халджээ.

Тус улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Клод Жозефын мэдэгдсэнээр, лхагва гарагийн шөнө 01.00 цагийн орчим испаниар ярьдаг хэсэг этгээд Ерөнхийлөгчийн хувийн өргөө рүү халдаж, амийг нь хөнөөжээ. Түүний гэргий Мартин Моис эмнэлэгт шархаа даалгүй нас барсан гэж мэдээлж байсан ч хожим нь тэрбээр амьд бөгөөд биеийн байдал тогтвортой байна гэж тодруулсан байна. 

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Клод Жозеф Ерөнхийлөгчийн үүргийг түр хүлээхээр болжээ. Тэрбээр хүнлэг бус, зэрлэг ажиллагааг буруушааж, ард түмэндээ хандан тайван байхыг уриалжээ. Арлын улс дахь нөхцөл байдаг цагдаа болон  зэвсэгт хүчнийхэн бүрэн хяналтдаа аваад байна гэж тэрбээр мэдэгджээ. Жозеф ойрын үед ард түмэндээ хандаж, мэдэгдэл хийхээр төлөвлөж байна.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, тус улсын олон улсын Порт-о-Пренсе нисэх онгоцны буудлыг түр хааж, ирж буй онгоцнуудыг буцааж байна.

Жовенел Моис 2017 оноос хойш Гаитигийн Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байжээ. Энэ нь түүний амь насанд халдсан анхны тохиолдол биш гэнэ. Хоёрдугаар сард цагдаа, хүчнийхэн түүний амь насанд халдаж, төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоож байжээ.

1968 онд төрсөн Моис өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүрэн эрхийн хугацааны талаар сөрөг хүчнийхэнтэй тэмцэлдэж иржээ. АНУ болон НҮБ түүний бүрэн эрхийн хугацааг таван жил үргэлжлэхийг дэмжиж байсан ч сөрөг хүчнийхэн түүний бүрэн эрхийн хугацаа энэ оны хоёрдугаар сарын 7-нд дуусгавар болсон гэж үзэж байсан юм.

Гаитигийн Ерөнхийлөгч амь насаа алдсантай холбогдуулан 15 хоногийн үндэсний гашуудал зарлаад. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, аллагад холбоотой дөрвөн хөлсний алуурчинг устгаж, хоёр хүнийг саатуулаад байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.121.160) 2021 оны 07 сарын 11

орчуулна гэж тамлачих.н бна даа, гарчиг нтрээ аятайхан өгөөч

1  |  0
Top