Намрын жавартай өглөөг ярсхийн алхсаар Сүхбаатарын талбайг хөндлөн гарч Монголын үндэсний музейг зорив. Музейн гадаа олон хүн цуглажээ. “Эх түүхээрээ аялахуй” хэмээх тодотголтой “Өглөөний музей”-н шинэхэн үйл ажиллагаа нээлтээ хийж буй нь энэ юм. Монголын үндэсний музейгээс анх удаа санаачлан “Өглөөний музей”-н үйл ажиллагааг зохион байгуулж музей үзэхийг хүссэн ч амжихгүй байгаа хүмүүст өглөө эртлэн хэд хэдэн үзмэрийг үзэх боломжийг тус музейн зүгээс олгож байлаа. Үйл ажиллагаа эхэлж, ирсэн зочдыг өглөөний цайгаар дайлж байв.
Монголын үндэсний музей нь нийт 60 мянган үзмэртэй. Тэдгээр үзмэрүүд дунд олон нийтэд харуулж байгаагүй үзмэрүүд ч бий. “Эх түүхээрээ аялахуй” арга хэмжээний үеэр онцлон байрлуулсан хэд хэдэн үзмэр байв. Онцолбол, XIII-XIV зуунд хамаарах Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Хориг уулын олдворуудыг эгнэн байрлуулжээ. Дээрх уулаас олдсон шаазан ваар, бадмаараг чулуугаар хийсэн чулуун сувс, ясан чимэглэл, мөнгөн чимэглэл, нар сарны дүрст алтан чимэглэл, алтан ээмэг, бөгж, бүсний алтан чимэглэл болон бусад алтан чимэглэлүүдийг шилэн хоргонд толилуулан дэлгэсэн байв. Хамгийн сонирхол татахуйц нь Хориг уулаас олдсон өрөм, шар тос юм. Энэ талаар Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Содномжамц “Хориг уулаас гурван ваар өрөм, нэг ваар шар тос олдсон. Эдгээр олдворууд 700-800 жилийн өмнө хамаарна. Дархадын хотгорын өндөр уулсын мөнх цэвдэгт бүсэд хөлдүүгээрээ хадгалагдан үлдсэнийг 2017 онд олсон. Ваартай өрөм, шар тосыг эрт үед талийгаачтай хамт булшилдаг байв. Олдворыг судлахад лабораторийн нарийвчилсан судалгаагаар үхэр болон хонины сүүг боловсруулж хийсэн өрөм болох нь тогтоогдсон” гэв. Харин ваар нь Юань улсын үеийн цижоу хийцийн шаазан ваарнууд юм байна. Ваартай өрөм, шар тосыг одоогоор Монголын үндэсний музейн лабораторид -15 хэмд хадгалдаг ажээ.
Басхүү тус өдөрлөгөөр алтай ятга, үндэсний хувцас, бүжиг, музейн үзмэр, түүхэн зургийн үзэсгэлэнг дэлгэж иргэдийн нүд сэтгэлийг баясгаж байв. Монголын үндэсний музейн захирал Л.Жаргал “Өглөөний музейг зохион байгуулах болсон шалтгаан нь "Эртэч Улаанбаатар" хөтөлбөртэй холбоотой. 6-8 цагийн хооронд зохион байгуулсан нь ч учиртай. Цар тахлын хүнд нөхцөлд байгаа ч иргэдийн оюун санааг гэгээрүүлэх үүднээс түүхийн өв соёлыг сурталчлан таниулах зорилготойгоор ажиллаж байна. 700 жилийн түүхтэй, өмнө нь иргэдэд харуулж байгаагүй үзмэрүүдээ үзүүлж байна. “Гамма” агентлагтай хамтран “Гэрлээр бичсэн нэгэн зуун” гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа. Цаашдаа ч үйл ажиллагаа үргэлжилж энэхүү арга хэмжээ мягмар болон пүрэв гарагуудад зохион байгуулахаар төлөвлөж байна. Урлаг соёлынхон маань өглөөний хөтөлбөрт хамтарч ажиллаасай хэмээн хүсэж байна” хэмээв.
Д.Ганпүрэв: АЛТАЙ ЯТГЫГ УРЛАХ УРЛААЧ МАНАЙ УЛСАД БАЙХГҮЙ
"Өглөөний музей"-н өнгө эгшиг болсон үзүүлбэр дундаас хуучны хөгжмийн зэмсгийн алтай ятга хамгийн их сонирхол татаж байв. Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн, судлаач Д.Ганпүрэвтэй алтайн ятгын талаар цөөхөн хором ярилцлаа. Он цагийн туршид мартагдах шахаад байсан ч эргэж сэргээн, хөгжмийн ертөнцөд дахин эгшиглэж буй энэхүү хөгжмийн зэмсгийн талаар тэрбээр ийнхүү хүүрнэсэн юм.
-Өнөөдрийн үйл ажиллагаанд алтай ятга тоглож харууллаа. Их эртний хөгжмийн зэмсэг шүү дээ. Энэхүү хөгжмийн зэмсгийн түүхийг ярилцацгаая.
-Их олдворын судалгаагаар алтай ятга нь 1500 жилийн өмнөх буюу Хөх Түрэгийн үед хамаардаг. VI-VIII зууны үе гэсэн үг. Анх гурван мянга жилийн өмнө үүссэн байдаг. Түүнээс хойш хувьсан өөрчлөгдөж, хөгжсөн хөгжмийн зэмсэг юм. Үүнийг юу нотолдог вэ гэвэл гурван мянга жилийн өмнөх Алтайн урд хэсэгт байгаа Шинжаан Уйгурын нутгаас олдсон Янхайн булшны хөгжмийн зэмсгүүд бий.
-Энэхүү хөгжмийн зэмсэгтэй ойролцоо хэчнээн төрлийн хөгжмийн зэмсэг олдсон бэ?
-Тал хээрийн нүүдэлчид буюу эртний нүүдэлчдийн тоглож байсан хөгжмийн зэмсэг гэдэг нь тодорхойлогдсон. Энэхүү хөгжмийн зэмсгийг ихэвчлэн морин дээр суун тоглодог байжээ. Морины хэмнэл, байгалийн өгөгдөл, хүний мэдрэмж түлхүү мэдрэгддэг. Туульс хайлахдаа тоглож байсан байх магадлалтай. Археологийн олдворууд нь Тэнгэр уул, Померын өндөрлөг, Алтайн хойд хэсгийн газруудаар 10 орчим төрлийн ятга олдсон.
-Хөгжмийн зэмсэг бүр нь өөрийн гэсэн онцлогтой байдаг. Алтай ятга нь бусад хөгжмийн зэмсгээс ямар ялгаатай байна вэ?
-Нүүдэлчдийн энэхүү хөгжмийн зэмсэг нь тууль хайлахад зориулагдсан юм. Хөгжмийн зэмсгийн ангиллын хувьд тэгш өнцөгт, нуман хүзүүтэй ангилалд орно. Монгол үндэсний хөгжмийн зэмсгүүдээс ялгарах гол онцлог нь тэвхгүй, хүнгэнээ ихтэй, тээгнээсээ шууд чавхдасаа татдагаараа ялгаатай. Бүтцийн хувьд толгой, хүзүү, цар гэсэн үндсэн гурван хэсэгтэй. Нэмэлтээр чавхдас татагч болон чавхдас нэмэгддэг. Нийт таван чавхдастай. Эртнээсээ л таван чавхдастай байсан. Тэвхэн дээр нь нүх нь байдаг юм. Их бие нь тэмээ шиг харагдана. Толгой хэсгээс нь харвал морь шиг харагддаг хэр нь хошууг нь харвал тэмээ шиг харагдаад байдаг. Өнөөдөр тоглосон алтай ятга нь удаан хугацаанд хувьсан өөрчлөгдөж тодорхой хугацааны дараа өнөөдрийн хэлбэрээ олсон юм.
-Уг хөгжмийн зэмсгийг урлах урлаач манай оронд байдаг болов уу?
-Алтай ятга нь дахин сэргэж буй хөгжмийн зэмсэг. Манай улсад нэг ч урлаач байхгүй. 2013 онд анх “Эгшиглэн магнай” хэмээх хөгжмийн үйлдвэрт захиалгаар уг хөгжмийн зэмсгийг хийлгэсэн. Одоогоор Увс аймагт байгаа икэл хуур урлаачаар арьсан цартай алтай ятга хийлгэж байгаа.
-Энэхүү хөгжмийн зэмсгийг дахин сэргэж байгаа гэлээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар уг хөгжийн зэмсгийг тоглодог хөгжимчид хэр их байгаа вэ?
-Ойролцоогоор 80 орчим хөгжимчин байна. Бельги болон Голланд улсад алтай ятгыг тоглож сурч байгаа гадаад хүмүүс бий. ӨМӨЗО-д 4-5 алтай ятга тоглодог хүн бий. Зарим хүмүүс цахимаар заалгадаг. Цаашдаа илүү түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулна. Ялангуяа манай хөгжимчид алтай ятгаа сурах хэрэгтэй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Н.Анужин
Сэтгэгдэл ( 0 )