А.Даваасүрэн: Ниргэсэн хойно нь хашхирах биш, хариуцсан яам, агентлаг өмнө нь зохицуулах ёстой

2021 оны 09 сарын 28

БНХАУ, БНСУ, Казахстанаас шатахуун авч, зах зээлээ олон талтай болгох ёстой. Нэг улсаас хамаарах хамаарал, нэг улсаас үүсэх эрсдэлийг бууруулах арга замыг дэлхийн бүх улс орнууд эрэлхийлж, хийж ирсэн. Бид үүнийг хөөцөлдөх ёстой юм. Төр гэж, Засгийн газар гэж байгаа нөхцөлд алдагдлыг нөхөн олговроор шийдэх бодлого барьдаг. 

 

Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Бүс нутаг, олон улсын байгууллага судлалын салбарын эрхлэгч, доктор, профессор А.Даваасүрэнтэй шатахууны импорттой холбоотой сэдвээр ярилцлаа.


-Москваг зорьсон шатахуун импортлогчид, салбарын яам, агентлагийн төлөөллүүд айлын талтай ямар ч байсан ойлголцож, бензиний татан авалтууд эхнээсээ хийгдэж байна. Хэдий тийм ч шатахууны хангамж, үнэтэй холбоотой дараа дараагийн асуудлууд дахиад л үүснэ. Энэ удаагийн шатахууны хангамжийн асуудал өнгөрсөн хавар, зуныг дамнан үнийн асуудлаар эхэлж яригдаж байгаад үүссэн шүү дээ. Ер нь бид дунд, урт хугацаанд ямар арга хэмжээнүүд авах нь зохистой вэ?

-Эхлээд шатахууны үнийн талаар хэлэхэд, ОХУ-ын дотоодын зах зээл дээр шатахууны үнийг өсөлттэй байлгах бодлого 2014 оноос эхэлсэн тус улсын татварын хуулиар дотоодын бензин, дизель түлшний онцгой албан татварыг жил бүр 4 хувиар индексжүүлэхээр заасны  дагуу шатахууны үнэ өсч байгаа. Тэр хэмжээгээр дотоодын нийлүүлэлт багасаж гадагшаа экспортлох хэмжээ нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгч тал дотоод зах зээлд борлуулахаасаа илүү гадагшаа зах зээлд борлуулах нь ашигтай гэсэн чиг барьж байгаа. ОХУ-ын өөрийнх нь дотоод зах зээлийн, клонкоор зарж байгаа үнэ өндөр байна. АИ95 бензин 60 рубль, АИ92 бензин  57 рублиэр худалдаалагдаж байна. Тэгэхэд манайд  АИ92 автобензин 2050 төгрөг байгаа. Манайх үйлдвэрлэдэггүй, импортолдог байж хямд авч, борлуулж буй гэдгээ  бас бодох ёстой. Дээр нь ОХУ-д хэд хэдэн боловсруулах үйлдвэрт их засвар хийгдэж байгаа юм байна лээ. Мөн намрын ургац хураалтын үед шатахууны хэрэгцээ нэмэгдсэн учраас нийлүүлэлтэд нөлөөлсөн зэрэг асуудлууд байна.

-ОХУ нийлүүлэлтээ хумьсан үед БНХАУ-аас татан авалт хийх гэхэд бас асуудал зэрэг үүслээ л дээ. Манайхны хандлагыг харахад үүссэн нөхцөл байдлыг  улс төртэй холбох нь нийтлэг байлаа. Тухайлбал, У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Дорнын эдийн засгийн форум болон ШХАБ-ын уулзалтын аль алинд биечлэн очоогүй хэр нь АНУ-ыг зорьсны хариу ч гэдэг юм уу?

-Үгүй шүү, ингэж харж болохгүй. Дорнын эдийн засгийн форумд гэхэд Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр цахимаар буюу албан ёсоор оролцож, үг хэлсэн. Харин БНХАУ, БНЭУ, Тайландын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар бол мэндчилгээ илгээсэн. Тэгэхээр Ерөнхийлөгч тийшээ очоогүй учраас шатахууны үнээр боолоо, баруун бүсийн эрчим хүчийг тасаллаа гэхчлэн харж, тайлбарлаж болохгүй. Найрамдал, хамтын ажиллагааны урт хугацааны түүхтэй, дипломат харилцаа тогтоосныхоо 100 жилийн ойг тэмдэглэж буй улс орнуудын хувьд ийм жижиг яриа гарах ёсгүй.

Өөрийн чинь түрүүн асуусанчлан,  цаашдаа нэг улсаас хамаарах хамаарлыг багасгах тал дээр бид анхаарахгүй бол болохгүй. Олон жил ОХУ-ын үйлдвэрлэгчдээс, зах зээлээс хамааралтай байна. Тиймээс дотоод дахь газрын тос боловсруулах үйлдвэрээ яаралтай байгуулах хэрэгтэй. Үйлдвэрээ түүхий тосоор хангах асуудлыг шийдэх шаардлагатай. Тамсагийн талаас олборлож байгаа түүхий нефтиэс Монголын талд ногдох хувь гэж байгаа. Тэрийгээ нэрж бензин болгох арга чарга яаралтай бодохгүй бол болохгүй. Хоёрдугаарт, БНХАУ, БНСУ, Казахстанаас шатахуун авч, зах зээлээ олон талтай болгох ёстой. Нэг улсаас хамаарах хамаарал, нэг улсаас үүсэх эрсдэлийг бууруулах арга замыг дэлхийн бүх улс орнууд эрэлхийлж, хийж ирсэн. Бид үүнийг хөөцөлдөх ёстой юм. Төр гэж, Засгийн газар гэж байгаа нөхцөлд тэр улс орноос татаж байгаа алдагдалтай хэсгийг нөхөн олговор өгч явдаг бодлого байдаг.

-Манай улсын  нефтийн бүтээгдэхүүний импорт ганц зах зээлээс хамаарч байна. Гэтэл ОХУ-ын тухайд аваад үзэхэд бид тэдний экспортын багахан хувийг л бүрдүүлж байгаа шүү дээ?

-Тийм. 2019 онд ОХУ дэлхийн улс орнууд руу нийтдээ 142,8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн экспортолсон бол Монгол Улс  руу  1,73 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн экспортолсон.  Эндээс тооцоход Монгол Улс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортод 1,2 хувийг эзлэж байна. Манай улсын импортод ОХУ-аас авдаг шатах тослох материалын импорт 85 хувийг эзлэж байгаа нь маш өндөр хувь юм. Түүнчлэн 2020 оны байдлаар манай улс нийт импортынхоо 35,7 хувийг БНХАУ-аас, 26,4 хувийг ОХУ-аас авсан байна. Ийм нөхцөлд нөгөө хамаарлаа багасгах л ёстой. Нэг улс орон крантаа хаахад, нөгөө улс орноос урсгал нь орж ирж байдаг. Хоёр дахь улс нь крантаа хаахад гурав дахь улсаас орж ирж байдаг байх хэрэгтэй. Тэгээд дотоодынхоо газрын тосны үйлдвэрийг барих нь чухал.

-Нийлүүлэлтийн эх үүсвэрүүдээ нэмэх нь яах аргагүй чухал л даа. Гэхдээ бид дэд бүтцийн шийдэлгүйн улмаас асуудал хэрхэн үүсэж буйг сая энэ хомсдолын үеэр БНХАУ-аас шатахуун авч чадахгүй байгаагаас харлаа?

-“Ниргэсэн хойно нь хашгирав” гэж үг бий. Нэгэнт хомсдол бий болоод оочерлож, дугаарлахдаа хүрэхээр сандарч эхлэхээсээ өмнө нь үүнийг зохицуулж байх ёстой. Үүнийг хариуцсан яам байна, агентлаг байна. Хариуцсан яам, агентлагууд өөрийнхөө бодлогоор импортлогч  компаниудаа зохицуулаад, хянаад явж байх ёстой. Тэр дөрөв, таван компани өөрийн дураар, өөрийн мэдлээр, ямар нэг зөвшөөрөлгүйгээр дураараа импорт хийгээд байгаа хэрэг биш шүү дээ. Бүх юм бодлого зохицуулалтын хүрээнд явж байгаа. Одоо дөнгөж хийгдэж байгаа гэрээний бодит хэрэгжилтэд хугацаа орно. Нөхцөл байдал хүнд, ковидын үе байна. Хил гаалиар орж гарах хөдөлгөөнд тодорхой тоон хязгаарлалт тогтоосон байна. Монгол Улс бензингүй болчихлоо гээд шууд савлаад наашаа явуулна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тийм учраас бид хаа хаанаа нөхцөл байдлаа мэдрээд, хэрэглээн дээрээ тэвчих ёстой. Энэ үед манай хэрэглэгчид бензин их иддэг машин унаад байдгаа болиод явган явах хэрэгтэй. Эрүүл мэндэд сайн шүү дээ. Төр засгийн албанд мөн том машинууд унаж байна. Тэд нар ч гэсэн жижиг машин унах, эсвэл явган явах, дугуй унах зэргээр дор бүрнээ шатахууны хэрэглээн дээрээ өөрчлөлт хийх ёстой.

-ОХУ нийлүүлэлтээ танасан нь манай ковидын тархалттай холбоотой болов уу. Яагаад ингэж асууж байна гэхээр БНХАУ-д нүүрс, зэсийн эрэлт өндөр байгаа ч манай дотоодын тархалтаас болоод тэд татан авалтаа бууруулсан шүү дээ?

-ОХУ-ын үйлдвэрлэгч компаниуд, манай импортлогч компаниудын хоорондын өмнө хийсэн гэрээний хүрээнд ковидын нөхцөлтэй, нөхцөлгүй шатахуун орж ирж байгаа. Гол нь ОХУ-д дотоод зах зээл дээр хомсдол бий болсон учраас л багасгачихаж байгаа юм. Компаниуд хоорондын гэрээ бол урт хугацаатай хийгдээд явж байгаа. Гол нь үнэ дээр сар болгон тодруулга хийж явдаг. Тэрнээс нийлүүлэлтийн гэрээ бол өмнө нь хийгдсэний дагуу л урт хугацаатай явагдаж байгаа байх.

-Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь үйлдвэр гол хүлээлт үүсгээд байна. Баригдчихвал шатахууны хэрэглээний 50 хувийг, 20 жилийн хугацаанд хангачихна гэсэн тооцоолол бий. Гэхдээ бид газрын тосны нөөцөө шийдвэрлэх шаардлага бий талаар та түрүүн дурдаад өнгөрнө лээ?

-Манай улсын газрын тосны нөөц бол тийм их биш ээ. 400 сая тонны нөөцтэй байгаа. Геологийн чадамж бололцоогоор 10 хувийг нь л авдаг юм билээ. Ер нь газрын тосны хэрэглээгээ бууруулахын тулд цахилгаан эрчим хүчээр ажилладаг машиныг бий болгох, нар салхины эрчим хүчээр ажилладаг эх үүсвэрүүдийг бий болгох зэргээр арга хэмжээнүүд авах нь зөв. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдах гэж байна гэдэг чинь бас л өөр эх үүсвэр, хувилбарыг хайж олох гэж байгаа оролдлого. Цаашид өөр олон эх үүсвэр бий болгох хэрэгтэй байна. 

-ОХУ манайд клонкуудаа оруулж ирэх талаар санал тавьсан гэх  асуудал үе үе сэргэж яригддаг?

-Наадах чинь тийм зохистой эд биш ээ. Ус уудаг крантаа хүнд өгчихөж байгаатай ижил шүү дээ.

-Ер нь шатахууны асуудалд төрийн зохицуулалт ямар байдлаар байх нь зохистой вэ. Нөөц, үнийн асуудал илүү хурцдаад ирэхээр төр энэ салбарыг, үнийг барьсны уршиг гарч байна, импортлогчдыг зөнд нь орхих хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлэгчид олон байдаг?

-Монгол Улсын хууль эрхзүйн бичиг баримтад хуульчлан тусгасан стратегийн хэд хэдэн бараа байгаа. Түүн дотор газрын тосны бүтээгдэхүүн гэж бий. Стратегийн бараа бүтээгдэхүүн гэж үзсэн нөхцөлд тэр барааг хэрэглэгчдэдээ хямд төсөр үнээр нийлүүлэхийн тулд Засгийн газрын бодлого байх нь зөв. Анхаарлын төвд байх нь зайлшгүй чухал. Гэхдээ тэрийг оруулж ирж байгаа хэдэн компанийг алдагдалтай байлгаж болохгүй. Алдагдалгүй байлгахын тулд тэдэнд бас татаас нөхөн төлбөр олгох зохицуулах ёстой. Аливаа улс орон өөрт байхгүй, зайлшгүй хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнээ авахдаа, тэрийг оруулж ирж байгаа компани, хуулийн этгээдэд нөхөн төлбөр олгодог практик дэлхий нийтээр байдаг. Импортлож байгаа хэдэн компаниудад бүх бурууг тохоод, буруутгаад байж бас болохгүй.

Ерөөсөө л элбэгшээд ирэхээр нь тодорхой хязгаараа тогтоотоогоод, дутаад ирэхээр нь нөхөн төлбөрөө олгодог, зохицуулалтын нийтлэг механизм байна. Татвараараа л зохицуулчихна шүү дээ. Айхтар толгой өвдөөд байх юм байхгүй. Үнэ өсөөд ирэхээр татвараа бууруулдаг, буураад ирэхээр татвараа нэмдэг арга зохицуулалтууд байна.

-Хэрэв шатахууны импортод төр өөрөө нэг оролцогч болвол  эрсдэлээ хувийн хэвшилтэйгээ хуваалцаж байгаа хэрэг болох уу?

-Наадах чинь маш зөв. Олон улсын туршлага, сонгодог жишээнүүдийг авч үзэх юм бол стратегийн гэсэн салбарууд дээр төрийн оролцоо 49, 50, 51 хувь гэхчлэн заавал байна. Хүмүүсийн хоол хүнс, хэрэгцээ, улс орны эрх ашигтай холбоотой байдаг учраас компаниуд нь холимог хэлбэртэй байдаг. Бүгдийг нь хувьчилна гэвэл бас болохгүй. Төр эргээд компаниудаа гуйх хэрэг гарна. Төр өөрөө хувийн компаниудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох хэрэг болчих гээд байдаг. Сонгодог жишээ болох  БНСУ, БНХАУ, Япон гээд улс орнуудыг харахад, стратегийн чухал салбарууд дээрээ төр, хувийн хэвшлийн хамтарсан холимог хэлбэртэй компаниудтай байдаг.

-Манайд бол эсрэгээрээ гучин жил энэ салбарт импортлогч компаниуд байж ирсэн. Монополийг зохицуулахад төрийн зүгээс ямар бодлогууд байж болох вэ?

-Төрд их боломжууд байна. Шатахууны салбарыг авнаа гээд шууд дайрах биш, шахатуун импортлогч компаниудын тодорхой хувьцааг л худалдаад авчих л даа. Эдийн засгийн олон арга механизм байна. Тэдгээрийг л ашиглах хэрэгтэй.

-Өмнө нь таниас хийн хоолойн асуудлаар ярилцлага авч байсан шүү дээ. Та сая Дорнын эдийн засгийн форумд биечлэн оролцоод ирсэн. Манайхаар дамжих хийн хоолойн талаар ОХУ-ын эрдэмтэн, судлаачид ямар байр суурь илэрхийлж байна вэ?

-Алс дорнодын форумын нэгдсэн хуралдааныг хөтөлсөн Сергей Брилев гэж хүн Монголоор дамжуулж байгаа байгалийн хийн хоолой Украинаар дамжсан байгалийн хийн хоолой шиг болчихгүй байх гэж найдаж байна. Удахгүй “Газпром” Монголын нутгаар байгалийн хий дамжуулах хоолойгоо татна. Тэр нь сансраас их гоё харагдах болно гэж хэлсэн шүү.

- В.В.Наумкин гэж  академич “Хэрэв ашиглалтад орвол хоёр улсын харилцааны чухал хөдөлгүүр”  болно гэсэн байсан?

-Ер нь бол Европын орнууд байгалийн хийнээс, эрчим хүчнээс хараат байдалд орохгүйн тулд маш их эрмэлздэг юм байна. Тэгсэн ч гэсэн Европын холбооны улсууд, тэр дотроо Герман улс ОХУ-ын байгалийн хийн хараат байдалд орчихсон. Манайхаар бол дамжиж байгаа учраас бид хараат байдалд хүчтэй орохгүй. Хэрэглэгч болох юм бол хараат байдалд орох гэсэн асуудал байна. Гэхдээ Монгол Улсад хараат байдал гэж ярихаасаа илүү бидний эрчим хүчний хэрэглээнд хувьсгал болно.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top