Т.Доржханд: Түүхэн дээд хэмжээнд өссөн нүүрсээ хоногт 100 машинаар л гаргаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 11

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар уул уурхайн салбарт нүүрс тээвэрлэлтийн чиглэлээр гар­сан тогтоол шийдвэрийн хэрэг­жилтийн байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсож танилцлаа. Асуулгын хариуг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар чуулганд танилцуулсан юм.

Өнөөдөр Тавантолгойгоос Гашуунсухайт руу нүүрс тээвэрлэдэг Монгол Улсад бүртгэлтэй 244 аж ахуйн нэгж, 16715 жолооч байгаа гэнэ. Тэдгээр жолооч, тээвэрлэгчдийг коронавирусний эсрэг вакцинд хамруулж, халдваргүй ногоон бүс болгох тал дээр 2021 оны гуравдугаар сараас шуурхай арга хэмжээ авч эхэлжээ. Нүүрс­ний тээвэрлэлтийн 50-иас доошгүй хувийг үндэсний хөрөнгө оруулалттай компаниар гүйцэтгүүлэх тухай УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 10 дугаар тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгааг ч танилцуулгад дурдлаа. Түүнчлэн нүүрс тээврийн компаниудын шинээр худалдаж авсан тээврийн хэрэгслүүдийг Ганцмод боомтод бүртгүүлэх ажил удаашралтай байгааг онцоллоо.

Гэтэл БНХАУ-аас Ганцмод боомтын нэвтрүүлэх хүчин чадалд тохируулсан “С” зөвшөөрлийн бичгийг 6000-аас доош тээврийн хэрэгсэлд олгох шаардлага тавьж байгаа аж. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөр”-ийн хүрээнд нүүрс тээврийн хоёр аж ахуйн нэгж гурван хувийн хүүтэй 766 сая төгрөгийн зээлийг авчээ. Нүүрс тээврийн салбарт үүсэж буй хүндрэлийг шийдвэрлэх хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Тээвэрчдийн хотхон цогцолбор, Ханбогд суманд “Тайван зогсоол” үйлчилгээний байгууламж барьж, эхний хэсгийг ашиглалтад оруулжээ. Мөн Тавантолгой-Гашуунсухайтын автозамын дагуу 15-25 км тутамд түр зогсох цэг, хогийн цэг, засварын цэг байгуулж дууссан байна.

Тал нутгийн зам компани Тавантолгой-Гашуунсухайтын хатуу хучилттай автозамыг концессын гэрээний дагуу тавьж буй бөгөөд одоогоор 38 хувийн гүйцэтгэлтэй байгааг Зам, тээврийн хөгжлийн сайд онцоллоо. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын инже­нерийн нарийвчилсан зургийг баталж, байгаль орчны нөлөөл­лийн үнэлгээ хийж, төслийг эхлүүлсэн. Одоогоор бүтээн байгуулалт 69.4 хувийн гүйцэт­гэлтэй байгааг хэлэв.

Асуулгатай холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авсныг тоймлон хүргэе.


УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Энэ жил нүүрс тээвэрлэлт хугацаа алдаж, төлөвлөгөө тасалдаж байна. Сүүлийн гурван сарын хугцааанд 2021 оны төлөвлөсөн хэмжээнд хүргэх боломж байна уу. Халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой асуудал хэл ам татлах юм. Манай талд шинжилгээ өгөхөөр сөрөг гардаг, Хятадын талд шинжилгээ өгөхөөр эерэг гардаг асуудлаас болж жолооч нар хохирч байна. Нүүрсний экспортын хувьд боломж гараад байгаа. Монгол Улсын Австралиас авах нүүрсний хэмжээ багассан, дотооддоо нүүрсний хомсдолд орсон. Цахилгаан эрчим хүчний дутагдалд орох эсэх асуудлыг хүчтэй ярьж байгаа. Энэ үед Хятадын талтай нягт ажиллаж, нүүрс экспортыг нэмэгдүүлэх шаардлага байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:

-Нүүрс гаргах асуудал үнэхээр санаа зовоож байна. Халдвар хамгааллын дэглэм Гашуунсухайт, Цагаан хад боомтод идэвхжсэн. Үүнтэй холбоотойгоор Хятадын талаас шинжилгээнд анхаарч байна. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх тал дээр Сангийн яамнаас гурван уурхайтай яриад хилийн зурвас дээр терминал байгуулсан. Туршилтууд хийгдэж амжилттай болсон. Хятадын талтай яриа хэлэлцээр өрнөж байна. Хятадын талд очихоор эерэг гардаг асуудал гурав дахь сардаа үргэлжилж байгаа юм. Эрүүл мэндийн яаманд асуудлыг тавьж, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийг боомтын шинжилгээнд хэд хэдэн удаа ажиллуулсан. Хоёр талын шинжилгээний тоног төхөөрөмжийн хувьд адилхан байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Өнөөдөр эдийн засаг маш хүнд байдалд орсон. Нүүрсний үнэ түүхэндээ байгаагүй өндөр байхад бид хоногт 100-хан машин гаргаж байна. Үүнийг хариуцах хүн алга. Бид нүүрсээ зарж чадахгүй байна. 500 жолоочийг тусгаарлаад явууллаа гэхэд дундуур нь ковид-19 халдвартай ганц, хоёр хүн шургаад орж байна. Бизнес, ачаа тээвэр аль аль нь байхгүй. Зохион байгуулалтын л асуудал шүү дээ. УИХ дээр Өмнөговь аймагт ногоон бүс байгуулах тухай яригдаад ч үр дүн гарахгүй байна. Хоёрдугаарт, төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд хоёр чиглэлээр зам тавьж байгаа. Ямар компанитай ямар нөхцөлөөр гэрээ байгуулсан гэдгээ нууцалсан. “Зах зээлийн үнээс 10-20 дахин өндөр үнээр бараа бүтээгдэхүүнийг төмөр зам руу нийлүүлсэн” гэх мэдээлэл ирээд байна. УИХ-ын гишүүний хувьд компанийн болоод гэрээний талаар мэдээллийг авмаар байна. Энэ тухайд хатуу хяналт тавих ёстой.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Монголын төрд төмөр замын асуудал ярьж эхэлснээс хойш нүүрсний салбарт олон боломжоо алдлаа. Жилд 30-40 сая тонн нүүрс гаргана гэдэг, гүйцэтгэл 50 хувьдаа ч хүрдэггүй. Ковид-19 халдвараас өмнөх үед ч адилхан нөхцөл байдалтай байлаа. Өнгөрсөн хугацаанд төмөр замаа барьчих боломжтой байсан хугацаанаас өнөөг хүртэл алдагдсан боломжийн өртгийн тооцоолол байдаг уу. Өртөг, зардлаа багаар гаргаж, хэчнээн ам.доллар илүү олох боломж байв. Төмөр зам 2022 оны долоодугаар сард ашиглалтад орно гэж та бичсэн байна лээ. Үүнээс хойш төмөр замын нүүрсний тээврийн хэмжээ хэд болж, зардал яаж буурах вэ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:

-Төмөр замын алдагдсан боломжийн судалгааг хийх шаардлагатай. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам баригдсанаар одоогийн байгаа зургаан зөрлөгтэй ажиллахад жилд 15-20 сая тонн нүүрс тээвэрлэнэ гэсэн ТЭЗҮ-тэй хийгдсэн. Төмөр зам ашиглалтад орсноор зардал дөрөв дахин багасна. Одоогийн маршрутаар авто замаар тээвэрлэхэд нэг тонн нүүрсийг 32 орчим ам.доллароор тээвэрлэж байна. Хэрвээ төмөр зам ашиглалтад орсон үед Тавантолгой өртөөнөөс Гашуунсухайт өртөө хүртэл нэг тонн нүүрсний төмөр замын тээврийн зардал найм орчим ам.доллар, урагшаа хил гарахдаа 11 орчим км-ийн асуудал дээр 55 орчим цент буюу нийт 8.5 ам.доллароор хүргэнэ гэж тооцож байгаа.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

-2019 онд Хангимандал-Тавантолгой концессын гэрээний хүрээнд гаднын компани хүнд даацын авто зам барихаар гэрээ байгуулсан. Энэ ажил төдийлөн сайн явахгүй байгаад Зам, тээврийн хөгжлийн яам яаж анхаарч байна. Замын-Үүдийн импортын ачаа эргэлтэд онцгой анхаарах шаардлагатай. Сая дотоодод 70 жолоочийг 14 хоног хөл хорионд байлгаад Эрээн рүү гаргасан. Тэднээс есөн жолоочоос халдвар илэрч, бүгд буцсан байгаа. Нэгдүгээр сараас хойш Эрээнд 32 жолооч тусгаарлагдаж Монгол Улс руу орж ирэх ачаа эргэлтийг хийлээ. Одоо тэдгээр жолооч нар 10-аад сар боллоо, Монгол руугаа буцъя гэж байна. Энэ асуудлыг яаж шийдэх вэ. Энэ хүмүүсийг урамшуулах уу. Замын-Үүдэд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үнэхээр сул байна. Цаашдаа хил гааль хаагдах асуудал ч тулгарч магадгүй гэдгийг анхаараарай.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Хятадын зах зээлд нүүрсний үнэ 485-490 ам.доллар байна. Энэ үнэ удахгүй 500 ам.доллар хүрлээ. Төгрөг рүү шилжүүлэхээр нэг сая 400 мянга болж байна. Нүүрсний үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрч өсчихөөд байхад боломжоо ашиглаад Монголын ард түмэндээ ашиг тус болж чадахгүй байгаа салбар үнэхээр арчаагүй, сэтгэлгүй байна. Энд байгаад байхаар тэнд очоод сэтгэл гаргаад ажилламаар байна шүү. Манай улс импортын хараат нөхцөлтэй. Өргөн хэрэглээний бүх бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, зарим талдаа 50 хувь өссөн. Цалин, тэтгэвэр огт нэмэгдээгүй. Юмны үнэ өсөөд байгаа нэг шалтгаан бол Эрээн, Замын-Үүдийн тээврийн асуудал шүү дээ. Энэ асуудал нүүрсний үнэтэйгээ яг адилхан явж байна. Тиймээс адилхан арга хэмжээ авах шаардлагатай. Бүгдээрээ очоод ажлыг хурдасгая гэсэн үр дүн нь хаана байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top