Өнгөрсөн зургаадугаар сард УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг өргөн барьсан байдаг. Хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв /2021.10.07/ гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн.
Тэгвэл уг хуулийн төсөлд тусгасан заалт нь олон нийтийг бухимдуулж, улстөрчдийг хоёр хуваагаад байна.
Тухайлбал, уг хуульд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш төгрөгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэж олгохыг зөвшөөрсөн заалт юм. Энэхүү Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
ЗГХЭГ-ын дарга Ц.НЯМДОРЖ:
-Тэр гишүүдийн өргөн мэдүүлсэн төслийг бүлэг дээр ярьж байгаад шийдэх л хэрэгтэй байх. Ер нь, тэр төсөл явахгүй байлгүй дээ. Хууль хийнэ гэдэг өнгөрсөн, одоо, ирээдүйг харж л хийгддэг ажил шүү дээ. Хойноосоо муу хор уршиг дагуулж магадгүй. Гишүүдийн болгоомжилж, асуудал үүсгээд байгааг би хувьдаа буруу гэж бодохгүй байна. Тиймээс УИХ дээр ч юм уу, бүлэг дээр ч юм уу ярьж, нэг тийшээгээ болгох байлгүй дээ.
УИХ-ын гишүүн Д.ЦОГТБААТАР
-Аливаа зүйлийг үндэслэлтэй ярьж байна гэдэг нь тооцоо, судалгаатай ярихыг л хэлдэг шүү дээ. Монгол Улсад зарчмын хувьд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Үүнийгээ тал, талдаа ойлгож байгаа. Харин гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулж ирэхэд ямар хэмжээнд байлгах нь чухал. Одоо бол хуулийн төсөл орж ирж байгаа нь эцэслэгдэж байна гэсэн үг биш шүү дээ. Олон нийтийнхээ саналыг авна, хэлэлцүүлэг явж байна шүү дээ. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгө оруулагчдын сонирхол хөрчихөөд удаж байна. Тэдний сонирхлыг татах арга хэмжээ авах нь зөв. Гэхдээ ямар арга хэмжээ авахыг бүгдээрэ ярилцлах л хэрэгтэй.
УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ
-УИХ дээр маш цөөхөн саналаар дэмжигдсэн. Хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүс 100 мянган ам.доллар байх ёстой гэдэг байр суурьтай байна. Үүнийг багасгаад хэрэггүй гэдгийг хууль санаачлагчдад нь ч хэлсэн. Хуулиа уншаагүй байж гарын үсэг зурж болохгүй. Хууль тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өөрөө уншиж судалж байж гарын үсгээ зурах хэрэгтэй. Манай гишүүд хайнга хандсан байх талтай.
УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ
-Хуулиа мэдэхгүй гарын үсэг зурах, гарын үсэг зуруулснаас өөр төсөл оруулж ирэх бол яах аргагүй УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой. Тэр хуулийг хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэхэд үгээ хэлсэн. Хэдэн жилийн өмнө орж ирсэн, босго даваагүй. Түүнтэй адилхан хуулийн төсөл байна гэдгийг хэлсэн. Цогцоор нь оруулж ирэх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүй нь дутуу байна гэхээс илүү бүх шатанд авлига авдаг байдал юм.
УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР
-Ил байдал биш нууцын зэрэглэлээр хэлэлцэгдэж ирсэн түүхтэй. Тиймээс хаалттай хэлэлцэх ёстой гэж санал гаргасан ч дэмжигдээгүй. Визтэй холбоотой асуудлыг эдийн засаг талаас нь харж болохгүй. Манай урд айл нийт хөрөнгө оруулалтын 90 хувийг дангаараа эзэлдэг. Тиймээс асуудлыг ганцхан зоосны нүдээр биш, тэр өнцгөөс нь харж хэлэлцэх ёстой. Хувьдаа дэмжихгүй гэдэг байр суурийг илэрхийлж, саналаа өгсөн.
Сэтгэгдэл ( 2 )
Үндэсний аюулгүй байдалтай холбоотой энэ мэт хуулийг нээлттэй хэлэлцэх ёстой, мөнгөнд сохорсон МАН луйварчидад итгэж болохгүй. Ядаж Монгол угсаатай Халимаг, Буриад, Өвөр- Монголчуудад тусгай бодлогоор Монголын иргэншилийг өгөх заалт байгаа бол маш зөв гэж сайшаах байтал санаатай 50 мянган Хятадад $50,000 зарна гэж тодорхой тусгачихаад Хөрөнгө оруулалт гэж чичрээд байгаа Хятадын тавиул гишүүдийн нэрсийг нь зарла
Ер нь ийм маягаар бол цаашид итгэхэд хэцүү байна даа. Одоо энэ улсад юу хэрэгтэй байгаа юм бэ, байгалийн баялгаа зөв зарцуулж дотоодын том үйлдвэртээ хөрөнгө оруулж дэмжих шүү дээ, үүн дээр л толгой байдаг бол ажиллуулаачээ.