Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн УИХ-ын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг гишүүд дэмжсэн. Гэвч олон нийтийн зүгээс нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж, үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээний зүйл заалт оруулсан гэж шүүмжлэн нийгмийн сүлжээгээр эрс эсэргүүцэж эхэлсэн. Олны анхаарлын төвд орсон дээрх нэмэлт өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамын байр суурийг тодрууллаа.
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа юу. Монгол Улс хөрөнгө оруулалтыг татахын тулд мөнгөний босгоо бууруулах нь хэр оновчтой вэ?
-Хөрөнгө оруулалтыг татах зорилго нь зарчмын хувьд зөв. Гэхдээ чанартай хөрөнгө оруулагч татах ёстой. Мөнгөний босго ямар байхаас илүү чухал олон нөхцөл шаардлага байна. Тухайлбал шударга шүүх тогтолцоо, шүүхий шийдвэр гүйцэтгэл сайтай, хөдөлмөрийн тухай хууль нь оновчтой, хүний нөөцийн чадамж сайтай, татварын таатай орчин, экспорт, импорт хийх зохицуулалт нь амар, ойлгомжтойгоос гадна хамгийн чухал нь тогтвортой засаглал, хүнд суртал, авилга, хээл хахуульгүй төртэй байхыг бизнес эрхлэгчид чухалчилдаг. Үүнээс гадна дэд бүтцийн орчин чухал, жишээ нь томоохон төсөл хэрэгжүүлж, үйлдвэр барья гэхэд эрчим хүчний хангамж дутагдалтай асуудал Монголд бий. Энэ мэт чухал нөхцөл, шаардлагыг хангасан эсэхээ бид харах ёстой.
Хамгийн чухал нь төрийн албан хаагчидтайгаа нийлээд гадаадын хөрөнгө оруулагчийг залилсан, дээрэмдсэн үйлдэл өмнө нь хэд хэд гарсан. Энэ мэт хууль бус үйлдэл байсаар байхад Монголд хэн хөрөнгө оруулах юм бэ. Тавь, зуун мянган ам.долларт асуудал байгаа юм биш. Мөнгөн дүнгээс хамаарч сайн, чанартай хөрөнгө оруулагч орж ирнэ гэсэн ойлголт буруу учир уг хуулийн өөрчлөлтийг миний хувьд зарчмын үүднээс дэмжихгүй байгаа. Өргөн барьсан гишүүдийн хоёр нь нэмэлт өөрчлөлтийг эцэслэн харуулаагүй гэж байр сууриа илэрхийлсэн байна лээ.
-УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав бүх хөрөнгөө Монголд оруулаад залилагчдад алдсан, хууль эрх зүйн орчин хамгаалж чадаагүй хөрөнгө оруулагчийн тухай ярьдаг. Монгол Улсад хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдсэн гэж та үздэг үү?
-Дэлхийн банкнаас гаднын орнуудад бизнес хийхэд хэр таатай байдаг талаар судалгааг жил бүр хийдэг. Энэхүү судалгаанд 12 шалгуураар улс орнуудыг эрэмбэлэхэд Монгол Улс дэлхийн 190 орноос 81-т жагссан байсан. Мөн АНУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан судалгаагаар Монгол Улс бизнес хийхэд тийм ч таагүй улсын жагсаалтад багтаагүй ч сайжруулах зүйл олон байгааг онцолсон байсан. Хөрөнгө оруулагчийг татахын тулд шүүхийн хараат бус тогтолцоо маш чухал. УИХ-аар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталсан. Энэ хуулийн хэрэгжилт сайн байвал Монгол Улсын үзүүлэлтийг шат шатаар ахихиад чухал нөлөөтэй. Гэх мэтчилэн олон цогц асуудлыг шийдвэрлэж байж хөрөнгө оруулалт нэмэгдэх ба үүнийг нэг байнгын хороо, эсвэл гурав, дөрвөн УИХ-ын гишүүн шийдэхээс илүүтэй салбар салбарын хүмүүс хамтран судалгаа, өргөн цар хүрээтэй хэлэлцүүлэг зэргийг хийж боловсруулах асуудал гэж харж байна. Тиймээс УИХ-ын гишүүд бид хагас жилийн өмнө хөрөнгө оруулалтын асуудлаар түр хороо байгуулах саналаа УИХ-ын даргад өгсөн. Одоогоор шийдэгдээгүй байгаа.
-Х.Ганхуяг гишүүн Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барихаас өмнө П.Анужин, Д.Өнөрболор нарт танилцуулаагүй гэдгийг гишүүд өөрсдөө мэдэгдсэн. Хуулийн төслөө санаачлагч гишүүдэд танилцуулахгүйгээр өргөн барьж болдоггүй биз дээ?
- Хууль тогтоомжийн тухай хуульд хуулийг хэрхэн боловсруулж өргөн барих тухай маш тодорхой, нарийн заасан байдаг. УИХ-ын гишүүн хууль санаачлахын тулд тооцоо судалгаа хийж, төрийн болоод хувийн хэвшил, мэргэжлийн холбоодтой хамтран хэлэлцүүлэг хийж, гарах үр дагаврыг үнэлж, Засгийн газраас санал авдаг. Энэ бүхний эцэст хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барина. Тиймээс энэ хуулийн төсөл хэрхэн яваад зарим хууль санаачлагч нь гомдол гаргаж байгааг би сайн ойлгохгүй байна. Хуулийн төсөлтэй холбоотой ард иргэдийн бухимдлыг ойлгож байгаа ч санаачлагч УИХ-ын гишүүдийн цаад санаа зорилго нь хөрөнгө оруулагч татаж эдийн засгаа сайжруулахад чиглэсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Гагцхүү хуулийн төсөлд санал өгөхдөө чиг үүргийн яам, агентлагууд нь нухацтай авч үзээгүй юм уу гэсэн бодол байна.
-Танд баярлалаа.
Сэтгэгдэл ( 0 )