УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах хуулийн заалтыг дэмжлээ.
Хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.18 дахь "Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө” гэсэн хэсгийг хасахыг гишүүдийн олонх дэмжсэн байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүний өмнө Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийн томилгооноос татгалзаж буйгаа албан ёсоор илэрхийлээд байсан юм. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томилох эрхийг хэрэгжүүлэхгүй байхаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд тусгагдсан хэмээн үзсэн байдаг. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгч нийгэмд шударга ёс тогтооход шударга шүүхээр шүүлгэх, шүүгчид мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх, шүүх зөвхөн хууль дээдэлдэг, хуульд захирагддаг, хараат бус байх тогтолцоог бий болгохыг зорьж байна. Төрийн тэргүүний хувьд задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх зарчмыг хэрэгжүүлэх үүднээс Үндсэн хуулийн цэцэд гаргасан хүсэлтээс татгалзлаа. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлнэ” гэж хэлж байлаа.
УИХ-аас өнгөрсөн нэгдүгээр сард Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хийсэн эрх зүйн шинэчлэл байсан бөгөөд шүүх эрх мэдэлтэй холбоотой шинэтгэл эхлэх эрх зүйн боломж нээгдсэн юм. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сард шүүхийн шинэчлэлийг бүхэлдээ Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаарх мэдээллийг Үндсэн хуулийн Цэцэд гаргасан байдаг. Түүний хүсэлтийг Цэцийн Дунд суудлын хуралдаанаар авч дөрөвдүгээр сард хэлэлцээд, Шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргаж байлаа. Харин УИХ тавдугаар сард Цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан. Ийнхүү УИХ-ын шийдвэртэй холбоотойгоор шүүхийн шинэчлэлийн асуудал гацаанд ороод байлаа. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Цэцэд гаргасан гомдлыг татан авсан юм. Үүний холбогдуулан Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал “Хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан тал хүсэлтээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ эрхийнхээ дагуу маргаан үүсгэхээс сүүлийн 30 жилд анх удаа татгалзаж манлайлал үзүүллээ. Энэ нь Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд саад болж байсан гацаа арилахад чухал нөлөө үзүүлнэ. Хүн засагладаг бус хууль засагладаг төртэй байна гэдгээ тангараг өргөхдөө хэлсэн нь бодит ажил болж байна” гэж мэдэгдсэн байдаг.
Д.ДОРЖ
Сэтгэгдэл ( 0 )