Ж.Сүхбаатар: Шүүх эрх мэдлээ даржин болгочихсон байна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 28

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн (2021.10.28) хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Энэ үеэр гишүүдийн илэрхийлсэн байр суурийг тоймлон хүргэе.


УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Манай төсвийн бодлого бол их аятайхан орж ирсэн. Гэсэн хэдий ч хоёр том асуудал байна. Нэгдүгээрт, Ирээдүйн өв сантай холбоотой. Хоёрдугаарт, ХҮЭК-иос 1.9 тэрбум, Дээд шүүхээс нэг тэрбум 88 сая, Шүүхийн сахилгын хорооноос нэг тэрбум төгрөгийг тус, тус хасчихсан байгаа. Ингээд нийтдээ дөрөв орчим тэрбум төгрөгийн асуудал байна. Ингэснээр шүүх эрх мэдлээ хамгийн даржин болгочихлоо. Тэгэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд нарын багцаас хасаад энэ дөрвөн тэрбум төгрөгийг нь суулгаад өгчих хэрэгтэй. Хэдүүлээ үүнийг нь шийдэж өгөхгүй бол энд ингэж хуралдаад ч яадаг юм. Үүнд шийдлийг нь олохгүй бол ямар нүүрээрээ шударга ёсны тэмцэл ярих юм. Саяхан Ерөнхнийлөгч хэлэхдээ “Хүний эрх ядарсан зүдэрсэн хүмүүсийг хамгаалах эцсийн зогсоол” гэсэн. Хүний эрхийг хангах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх газруудынхаа энэ дөрвөн тэрбумыг шийдээд өгчихвөл манай Байнгын хороо дээр өөр асуудал алга гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Төсөв гэдэг бол УИХ, Засгийн газар юугаа тэргүүлэх чиглэлд тавьж байгаа вэ гэдэг эрэмбийг харуулж байдаг. Тийм болохоор шүүхээс, хил хамгаалахаас, прокуророос, АТГ-аас, хүний эрхээс бид бүхэн мөнгө харамлах учиргүй гэж бодож байгаа. Гэтэл Төсвийн хуулиараа шууд зардал нэмэх санал гаргах эрхээ бид нар хасуулчихсан. Ингэхээр бид заавал нэг газраас нь хасаж байж нөгөө газарт нь нэмэх болчихоод байгаа юм. Энэ онд авилгын улмаас улсад учирсан хохирол болох 90 орчим тэрбум төгрөгийг улсад төвлөрүүлсэн гэсэн. Мөн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын торгууль гээд 13-14 орчим тэрбум төгрөг төвлөрсөн байх ёстой. Эдгээр мөнгөнүүд юунд зарцуулагдчихсан юм бэ. Хэрвээ эдгээрийг байгууллагад нь буцаан зарцуулахаар шийдсэн бол өнөөдөр дөрвөн тэрбум төгрөгийн асуудал ярихгүй байсан байх.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

-Хүний эрхийг хамгаална, түүнд хяналт тавина гэдэг нарийн бөгөөд мэргэжлийн үйл ажиллагаа. ХЭҮК нэг талаас хүний эрх, эрх чөлөө нөгөө талаас үндэсний аюулгүй байдал, нийтийн дэг журам, эрүүл мэнд, ёс суртахуун, бусад хүний эрх, эрх чөлөө зэрэг хуулиар хамгаалагдсан бусад эрх ашгийн зохистой тэнцвэрийг тогтоодог. Жагсаал цуглаан зэрэг хүний эрх зөрчигдөж болзошгүй гэнэтийн үйл явдалд ХЭҮК байнгын хяналт тавьдаг. Хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхийг гомдолд холбогдогч талуудын тэгш оролцоо, олон эх сурвалжийн баримтууд, хуулийг үндэслэн дүгнэх ёстой. Энэ ажилд цаг орно, хүн хүч орно.

Тайван жагсаж цуглах эрх чөлөөг боломжит дээд төвшинд хамгаалахдаа нийтийн дэг журмыг хуулийн хүрээнд сахиулах орон зай, боломжийг бас хамгаалах нь ХЭҮК-ийн үүрэг. Цаг үеийн нөхцөл байдал ийм эгзэгтэй байгаа үед ХЭҮК-ыг чадахижуулах, хүний эрхийн зөрчилт нөхцөл байдалд биечлэн, газар дээр нь очиж ажиллах хүний нөөц болон санхүүгийн боломжийг төрөөс бүрдүүлэх ёстой. Гэтэл 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд нэг тэрбум хоёр зуун далан таван сая есөн зуун мянган төгрөг төсөвлөж оруулж ирсэн нь Хууль зүйн байнгын хорооноос зөвшөөрсөн гурван тэрбум хоёр зуун жаран зургаан сая, нэг зуун наян дөрвөн мянга хоёр зуун төгрөгийн төсвийн саналаас даруй нэг тэрбум есөн зуун саяар бага байна. Энэ нь ХЭҮК-ийн тухай хуулийн 6.1-д “ХЭҮК-ын төсвийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлнэ. Комиссын дарга байнгын хороогоор зөвшөөрөгдсөн төсвийн төслийг улсын нэгдсэн төсөвт нэгтгүүлэхээр хүргүүлнэ” гэж заасан байдгийг зөрчөөд байна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Хүний эрхийн комисс дээр төсөв хасчихсан байгаа нь үнэхээр буруу. Сангийн сайд төсөв дээр төрийн чухал биш салбар гэж байхгүй гэж байгаатай санал нийлж байна. Гэхдээ хүний эрхийн асуудал дээр онцгой хандах ёстой. Монголын төрийн бүх л философи, үзэл баримтлал хүний эрхийг хамгаалахад л оршиж байгаа. Ялангуяа хямралтай, амаргүй байгаа ийм үед хүний эрх далдаар зөрчигдөх эрсдэл ердийн үеэс нэмэгддэг. Тийм болохоор ХЭҮК дээр энэ удаад мөнгийг нь харамгүй тавьж өгөх ёстой. Занаж байгаад хасаж байгаа юм шиг байгааг би ойлгохгүй байгаа юм. Дарга нарт хандаж хэлэхэд, хүний эрхийг та нараас гуйж эдэлдэг зүйл биш шүү. Хүний эрх гэдэг бол дарга нар өгдөггүй, цаанаасаа заяагдмал зүйл. Тэгэхээр төсвийг нь хасна гэдэг Монголын төр хүний эрхийг зөрчиж байна гэсэн үг. Хүний эрхийн тухай гоё сайхан ярьдаг хэрнээ энэ олон зүйл заалтаас сонгоод хасаад байна гэдэг цаад санаа чинь буруу байна гэсэн үг шүү. Төсвийг нь гүйцээж тавьж өгөх ёстой гэдгийг онцолж хэлье.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Үндсэн хуульд Засгийн газар төрийн хуулийг биелүүлж ажиллана, Үндсэн хууль бусад хуулийн биелэлтийг улс даяар хангаж, зохион байгуулна гэж заасан. Гэтэл бид нар Төсвийн тухай хуулиараа дээрх хуулийг зөрчөөд ороод ирсэн. Бид нар Шүүхийн тухай болон Хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулиар энэ байгууллагуудын төсвийг УИХ дээр хянана, төсвийн ерөнхийлөн захирагч нарын хянасан төсвийг Засгийн газар нэгтгэнэ гэсэн хуулиа зөрчөөд өргөн барьчихсан. Төсвийн хуулиар бусад хуулийг зөрчиж болно гэсэн хуулийн заалт хаана ч байхгүй. Сангийн яамныхан ХЭҮК-ийн төсвийг өнгөрсөн жилээс нь бараг хоёр дахин хассан байна. ШЕЗ-өөс урсгал зардал дээр 92 тэрбум төгрөгийн санал ирснийг бид хянаад 83.5 тэрбум болгосон.

Гэтэл Сангийн яам 77 болгоод хасчихсан. Шүүхийн сахилгын хороо Үндсэн хуулийн байгууллага болсон. Төсөв нь 1.7 тэрбумаар санал орж ирснийг бид хэвээр үлдээсэн боловч бүр тэг болгосон байна. нийт 34 төсвийн ерөнхийлөн захирагчийн тавынх нь урсгал зардал буурсан бол 29-ийнх нь урсгал зардал нэмэгджээ. Хуулиараа хасаж болохгүй төсвийг ингээд хасаад оруулаад ирчихлээ. Энэ чинь өөрөө хууль зөрчөөд байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top