Үлэг гүрвэл НҮБ-ын индрээс уур амьсгалын асуудлаар үг хэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 28

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлийг дэмжин нэгэн сонирхолтой дүрс бичлэгийг танилцуулжээ.

“Мөхлийг бүү сонго” кампанит ажлын хүрээнд бүтээсэн кинонд үлэг гүрвэл НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлын танхимд орж ирэн, индэр дээрээс улс орнуудад хандан үг хэлдэг байна.

“Хүмүүс өөрийгөө зөвтгөхөө больж, өөрчлөх цаг нь ирлээ” хэмээн үлэг гүрвэл төлөөлөгчдөд хандаж хэлэх аж. Балар эртний амьтан манай гарагийн бүх хүмүүст хандан хүн хэмээх төрөл зүйлийг устгахад хүргэх хүлэмжийн хий, ядууралтай тэмцэж эхлэхийг уриалжээ.

Мөн "Мөхсөн төрөл зүйлийн төлөөлөл шатах ашигт малтмалд улс орнууд дотац олгож байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд зорилготой харшилж байна" гэж шүүмжлээд, төлөөлөгчдөд хандан “Бидэнд солир байсан, харин та нарт өөрийгөө зөвтгөх зүйл бий юу?” гэсэн асуулт тавина.

Энэхүү дүрс бичлэг нь НҮБ-ын түүхэнд компьютер график ашигласан анхны кино болсон бөгөөд “Game of Thrones” цувралаар алдаршсан Данийн жүжигчин Николай Костер Валдау, энэ онд гарсан “Godzilla vs. Kong” кинонд Мая Симмонсын дүрд тоглосон Эйса Гонзалес, Францын жүжигчин Аисса Мэйга нар англи, франц, испани хэлээр дуу оруулжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top