Сарьсан багваахайнаас коронавирустэй төстэй 2 төрлийн вирус илрүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 10

Камбожийн нутаг дэвсгэрт 2010 онд барьсан тахан хамарт сарьсан багваахайн цусны сорьцоос SARS-CoV-2 коронавирустэй төстэй хоёр төрлийн титэм вирусний ул мөр илрүүлжээ.

“Nature Communications” сэтгүүлд мэдээлснээр, Хятадын нутаг дэвсгэрээс гадна амьдардаг сарьсан багваахайгаас SARS-CoV-2 вирусний ойрын төрлүүдийг илрүүлсэн нь ийм төрлийн вирус харьцангуй өргөн тархсаныг илтгэж байна. Өөрөөр хэлбэл Зүүн өмнөд Ази нь коронавирусийг байнга хянах ёстой гол бүс нутаг гэж судлаачид үзэж байна. Эрдэмтэд цар тахал дэгдээсэн коронавирусний гарал үүслийг өнөө хэр тогтоож чадаагүй л байна.

Коронавирусний өвөг өнгөрсөн зууны дунд үеэс Зүүн Азийн сарьсан багваахайн дунд тархаж эхэлсэн гэж эрдэмтэд таамаглаж байна. Сүүлийн нэг жил судлаачид SARS-CoV-2 болон үүнтэй маш төстэй вирусний эсрэг тогтсон эсрэг биетийн ул мөрийг цар тахал дэгдэхээс өмнө авсан хүмүүсийн цусны сорьцоос илрүүлж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Тухайлбал, Камбожийн олон иргэнд ийм эсрэг биет илэрч байгаа аж.

Францын Пастерын их сургуулийн судлаач Этьен Симон-Лорьер тэргүүтэй эрдэмтдийн явуулсан судалгаагаар Зүүн өмнөд Азийн орнуудын иргэд SARS-CoV-2 вирустэй төстэй коронавирусээр Ухань хотод ковидын халдвар тархахаас өмнө халдварлаж байсныг батлах нэмэлт нотлох баримт нээжээ. Судлаачид Камбожийн Rhinolophus shameli төрлийн сарьсан багваахайн цуснаас SARS-CoV-2 вирустэй төстэй “RshSTT182”, “RshSTT200” вирусний ул мөр илрүүлсэн байна.Энэ төрлийн сарьсан багваахай Хятадын нутаг дэвсгэрт амьдардаггүй аж.

“RshSTT182”, “RshSTT200” вирусний генийн дарааллыг шинжлэхэд SARS-CoV-2 коронавирусний гол шинж илэрсэн ч хүний эсэд нэвтрэх чадваргүй гэнэ. Үүнээс гадна “RshSTT182”, “RshSTT200” болон бусад коронавирус хооронд генийн солилцоо идэвхтэй явагдаж байсныг гэрчлэх ул мөр илрүүлжээ. Тиймээс Симон-Лорьер тэргүүтэй эрдэмтэд Зүүн өмнөд Азийн сарьсан багваахайд SARS-CoV-2 коронавирустэй төстэй бусад төрлүүд нуугдаж байж болзошгүй гэж үзээд эдгээр нь SARS-CoV-2 коронавирусний хувьсалд чухал үүрэг гүйцэтгэсэн байх боломжтой гэж таамаглаж байна. Илүү нарийн мэдээллийг дараа дараагийн судалгаагаар олж авна гэж эрдэмтэд найдаж байна.

Top