Маргаашийн дотор батлагдах ТӨСӨВ ба БОДИТ ЭРСДЭЛ

2021 оны 11 сарын 11

УИХ өнөөдөр /2021.11.11/ Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Төсөв багтах хуулийн хугацаа арваннэгдүгээр сарын 15-ны дотор байдаг.  АН-ын бүлэг 14:00 цаг хүртэл завсарлага авсан учраас, 2022 оны төсвийн тухай хуулийг өнөөдөр үдээс хойш үргэлжлүүлэн хэлэлцэж, маргаашийн дотор  батлахаар байна.

Засгийн газраас өргөн барьсан төсөлд ирэх оны төсвийн орлогыг 15.8 их наяд төгрөг, зарлагыг 18.1 их наяд төгрөг байхаар тусгасан юм.Төсвийн хэлэлцүүлгүүдийн явцад орлого, зарлагын тооцоололд зарим өөрчлөлтүүд орсон бөгөөд  чуулганы хуралдаанаар санал хураан нэгтгэнэ.

Орлого, зарлагын тооцооллыг түүхэн өндөр хэмжээ гэдгийг хүлээн зөвшөөрч буй засгийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ “Ирэх оны улсын төсөв  татвар төлөгчдийн мөнгө бүр эдийн засагт үржүүлэхийн хүрдийн үүрэг гүйцэтгэх, хувийн хэвшлийн болон хөрөнгө оруулагчдын сэдлийг төрүүлэх ерөнхий зарчимд тулгуурлаж боловсруулагдсан” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Түүний хэлж байгаачлан татвар төлөгчдийн мөнгө бүр эдийн засагт үржүүлэхийн хүрдийн үүрэг гүйцэтгэх боломж бий ч, ирэх оны төсөв уг боломжийг бүрэн дүүрэн ашиглах хэмжээнд чамбай батлагдах эсэх дээр эргэлзэж буйгаа хэлэх эдийн засагчид цөөнгүй бий.

Монгол Улсын төсвийн орлогод уул уурхайн салбарын нөлөөлөл үлэмж их. Тухайлбал, 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд 36.7 сая тн нүүрс, 1.2 сая тн зэсийн баяжмал, 20 тн алт, 9.5 сая тн төмрийн хүдэр, баяжмал экспортолж, 6.3 сая баррель газрын тос олборлож, уул уурхай, олборлох салбарын орлого 4.3 их наяд төгрөг байхаар тусгасан.

Сангийн сайд Б.Жавхлан төсвийн төслийг өргөн барихын өмнөхөн  уул уурхайн түүхий эдийн экспортод эрсдэлүүд байгааг өөрөө хэлсэн. Гэсэн ч үнийн өсөлттэй байгаа үед  экспортыг тултал хийнэ гэж үзэж ийнхүү өндөр тоо тусгасан гэж тайлбарласан билээ.

Тэрбээр  “Нүүрсний экспорт түүхэндээ хамгийн өндөр байсан нь 2019 он байдаг. Энэ жил 30  гаруй сая тонн нүүрс экспортод гаргахаар төсөвт тооцож, тусгасан байсан боловч сая тодотголоор 28 сая тонн болж буурсан. Бодит байдал дээр 16 сая тонн нүүрс л гарахаар байна. Экспорт биднээс шууд шалтгаалахгүй  нөхцөл байдал ирэх онд үргэлжилнэ. Гэхдээ бид 2019 оны хүрч байсан түвшиндээ экспортоо  хийе ээ гэж зорьж, оруулсан. Өөрөөр хэлбэл 36.5 сая тонн нүүрс гаргая гэж тооцсон. Энэ нь хэд хэдэн зүйлтэй холбоотой. Ирэх жил манай гол түүхий эдүүд зэс, нүүрс, алт, төмрийн хүдрийн үнэ бидэнд тохиромжтой байх нь. Энэ алтан боломж, цонх үеийг ашиглаж,  экспортоо тултал хийх ёстой. Үүний төлөө бүх зохион байгуулалтыг хийнэ  гэж харж байгаа. Харамсалтай нь хил нэвтрүүлэх экспортын процесс зөвхөн нэг талаас шалтгаалдаггүй.  Хоёр улсаас шалтгаална. Аль аль талаасаа шинэ горимд зөвшилцөж байж экспорт амжилттай явах учраас үүний төлөө гадаад харилцаа, уул уурхай эрчим хүч тээвэр гээд бүхий л чиглэлд яамдууд хүчин чармайлтаа гарган ажиллаж байж экспорт амжилттай явна. Төмөр замаар гаргадаг  төмрийн хүдэр, зэсийн экспорт төлөвлөсөн хэмжээндээ явж байгаа. Ирэх оны төсөвт 5-10 хувийн нэмэлттэй төсөвлөлөө” гэсэн юм.

Тэгвэл Б.Жавхлан сайд төсвөө өргөн барьсны дараа буюу хэлэлцүүлгийн явцад байр сууриа илэрхийлэхдээ: “Гол экспортын бүтээгдэхүүн нь уул уурхайн түүхий эд байх болно, үнэ өндөр байгаа энэ үед хангалттай экспорт хийж чадахгүйгээс алдагдал хүлээх төлөвтэй байгаа. Дэлхийн зах зээл уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа энэ боломжийг 2022 онд алдахгүйгээр, экспортын хэмжээг цар тахлын өмнөх үетэй ижил хэмжээнд хүргэхээр төлөвлөсөн. Нөхцөл байдал гадаад, дотоод орчноос хамааралтай. Тухайлбал, Гашуун-Сухайт боомт дээр чингэлэг тээврээр нэвтрэн өнгөрүүлэх томоохон чингэлэг тээврийн терминалыг барьж дуусгасан. Мөн Шивээ хүрэн боомт, Замын-Үүд дэх төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа” хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл төсвийн төсөл өргөн баригдаж, хэлэлцүүлгийн үе шатуудыг дамжих зуурт нүүрсний үнийн түвшин уруудчихлаа. Тонн нь 330 ам.долларт хүрээд байсан коксжих нүүрсний үнэ хоёр дахин буураад  байна.

Тэгэхээр ирэх оны төсвийн төсөлд уул уурхай, тэрдундаа нүүрсний салбарт өндөр ач холбогдол өгч, орлогыг хэт өөдрөгөөр төсөөлөх нь эрсдэл их болохыг өнөөдрийн нөхцөл байдал бодитой харуулж байна.

Улсын Их Хурлын 2021 оны долоодугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар энэ онд 28.7 сая тн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч цар тахлын нөхцөл байдлаас улбаалан нүүрс тээвэр болон түүнээс орох орлого ч тасалдаж байгааг УУХЯ-наас мэдэгдэж буй.  Зэс, төмөр, алт, газрын тос, цайр зэрэг бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөллөөр төсвийн орлогын алдагдлыг нөхөж байгаа юм.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон   “Ковидын улмаас нүүрсний экспорт төлөвлөснөөс буурч 2021 оны аравдугаар сарын 21-ний өдрийн байдлаар 13.2 сая тн нүүрс экспортолж, гүйцэтгэл 46.2 хувьтай байна. Нүүрсний экспорт биет хэмжээгээр буурсан ч, үнийн өсөлт нь нүүрсний экспортоос бүрдүүлэх орлогын төлөвлөгөөний биелэлтэд эерэгээр нөлөөлөөд байна” гэж мэдэгдсэн.

Тэгвэл  нүүрсний экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх бодит боломж тааруу байгаа энэ үед үнийн түвшин уруудаж буй нь төсвийн орлогын бүрдэлтэд эрсдэл дагуулж байна.

Манай нүүрсний үндсэн зах зээл БНХАУ нүүрсний импортоо бууруулж, дотоод нөөц бололцоогоо нэмэгдүүлж байгаа энэ үед бид ковидын эрсдэлээ бууруулахгүйгээр, мөн дэд бүтцийн асуудлуудаа дорвитой шийдвэрлэхгүйгээр бодитой ахиц гаргах боломж тун хэцүү гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Төсвийн Тогтвортой байдлын тухай хуульд 2022 онд алдагдлыг ДНБ-ий 5.1 хувиас хэтрүүлж болохгүй гэж заасан. Энэ дагуу ч алдагдлаа тусгасан гэж Засгийн газар тайлбарлаж байгаа. Гэхдээ 18.2 их наяд төгрөгийн өндөр зарлагатай төсвийн алдагдлыг ДНБ-ий 5.1 хувь буюу  2.4 их наяд төгрөгт барихын тулд, дэд бүтцийн бүтээн байгуулалтад оруулсан  1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын үр дүнд  ДНБ-ий хэмжээг  820 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэх зэргээр  тооцсон байна.

Ирэх оны төсвийн төсөлд тусгасан 2.4 их наяд төгрөгийн алдагдлын 1.4 их наядыг гадаадын зээл тусламжаар шийдвэрлэх бол, Тогтворжуулалтын сангаас төсөв рүү 400  тэрбум төгрөг татахаар тооцсон. Харин үлдсэн хэсгийг нь Засгийн газрын дотоод бонд гаргаж нөхнө гэж буй юм.

Төсвийн алдагдлаас 400 тэрбум төгрөгийг нь нөхөх үүрэг хүлээх гэж байгаа Тогтворжуулалтын сангийн орлогыг хэрхэн тооцсоныг авч үзье.

2022 онд зэсийн тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 6,306.0 ам.доллар, нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 73.4 ам.доллар байхаар тооцжээ. Тэгэхээр уг тэнцвэржүүлсэн үнээс илүү гарч борлуулсан мөнгөө Тогтворжуулалтын санд хуримтлуулна гэсэн үг. Тодруулбал, зэсийн орлогоос 381.3 тэрбум, нүүрсний орлогоос 262.1 тэрбум, нийт 643.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцоод байна.

Ирэх оны төсвийн нийт орлогын 88.4 хувь буюу 13.9 их наяд төгрөгийг татварын орлого, 11.6 хувь буюу 1.8 их наяд төгрөгийг татварын бус орлого бүрдүүлэхээр тооцсон байгаа.

Дунд, урт хугацааны хөгжлийн суурийг бататгахад чиглэсэн гэх 2022 оны төсвийн төсөлд нийт 2.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг тусгаж оруулж ирсэн. Ирэх оны төсөвт тусгасан төслүүдийн нийт төсөвт өртөг 5.9 их наяд төгрөг бөгөөд жил дамнасан санхүүжилтүүд шаардагдах юм.

2022 оны төсвийн төсөлд нийт 18.2 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 5334 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн аж. Нийт төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг 2021 оны  дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн улсын хэмжээнд орон нутаг, салбар яам, Сангийн яам гэсэн гурван  түвшинд, хоёр үе шаттай төлөвлөж, төслүүдийн эрэлт хэрэгцээ, нийгмийн ач холбогдлыг тооцох, мөн төслүүдийн хэрэгжүүлэх бэлэн байдал хэр хангагдсан талаар үнэлгээг 16 шалгуур үзүүлэлтээр цахим системээр төлөвлөн ажилласан гэж Сангийн яамнаас тодотгосон.

Түүнчлэн нийт 5,943.6 тэрбум төгрөгийн зардалтай 2022 онд санхүүжих 2,137.0 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 1334 төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд тусгажээ.

2021 оны түвшнээс зам тээврийн салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 7.5 дахин, барилга байгуулалтын салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 4.1 дахин, эрчим хүчний салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 6.4 дахин их төлөвлөсөн гэж Сангийн яамнаас тодотгож буй юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болд(202.126.88.177) 2021 оны 11 сарын 11

Дэлхий даяараа л хямралтай байгаа. Зөвхөн Монголд ингэж төсвийн алдагдалтай байгаад байгаа юм биш. Ковид гээд ямар төсвөө таналтай биш, хийх естой юмнуудаа хийх нь зөв өө. Зам барилга, дэд бүтэц чухал шүү. Ажлуудаа үргэлжлүүлээрэй. Төсвөө танаад, ажлаа зогсоовол харин улам хэцүү. Үргэлжлүүлээрэй.

0  |  0
сонгогч(202.9.46.227) 2021 оны 11 сарын 11

УИХ-Н ГИШҮҮДИЙГ ХАХУУЛЬДАХ 304 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ БОЛИОРОЙ.!!! ХААН БАНКНЫ ДЭЭРМИЙГ ЗОГСООГООРОЙ.!!! ЭС БӨГӨӨС УИХ ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОХ БОЛНО ШҮҮ ГЭДГИЙГ СОНГОГЧИД ХЭЛЖ БАЙНА !!!

0  |  0
Top