Томас Бах: Улс төр ороход Олимпын их наадамд төгсгөл ирнэ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 09

Олон улсын олимпын хороо улс төрийн хувьд төвийг сахих бодлогоос татгалзвал олимпын их наадамд төгсгөл ирэх болно гэж ОУОХ-ны тэргүүн Томас Бах сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.

Олон улсын олимпын хороо олимпын их наадамд улстөрчид бус тамирчдын оролцоог хангах асуудалд санаа тавьсаар ирсэн. Тиймээс эрх баригчид олимпын багаа дэмжиж буйд ОУОХ талархаж байна. Энэ нь тамирчдад итгэл өгдөг гэж Бах онцолжээ.

БНХАУ-д хүний эрх зөрчигдөж байна гэх шалтгаанаар АНУ, Австрали, Их Британи, Канад улс Бээжингийн олимпын их наадамд дипломат бойкот зарлаад байна. Энэ талаар Бах тайлбар хийхдээ “Улс төрийн мэдэгдлээс татгалзсанаар аль нэг талд орохгүй байх боломжтой. Эсрэг тохиолдолд ОУОХ дэлхийн бүх 206 үндэсний олимпын хороог нэгтгэх өөрийн үүргээ биелүүлж чадахгүйд хүрнэ. Ингэснээр олимпын их наадмыг улстөржүүлэхэд хүргэх байв. Энэ нь Ромын эзэн хааны зүгээс хөндлөнгийн оролцоо орсны улмаас эртний олимпын их наадамд төгсгөл ирсэн шиг тийм зүйл тохиох байв. Эртний грекчүүд олимпын их наадам зөвхөн улс төрийн хувьд төвийг сахиж байж байж оршин тогтнохыг мэддэг байсан. Үүнээс хойш юу ч өөрчлөгдөөгүй” гэж Томас Бах онцолжээ.

Өвлийн XXIV олимпын их наадам Бээжин хотноо 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ны хооронд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top