II Элизабетын хаан ширээнд суусны 70 жилийг ойг тэмдэглэж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 06

Их Британийн хатан хаан II Элизабетын хаан ширээнд суусны 70 жилийн ой өнөөдөр /2022.02.06/ тохиож байна.

1952 оны хоёрдугаар сарын 6-нд нас нөгчсөн түүний эцэг VI Жорж хааны гэгээн дурсгалыг хүндэтгэн Элизабетын хаан ширээг залгамжилсан өдрийг өргөнөөр тэмдэглэдэггүй бөгөөд албан ёсны “цагаан алтан” ойн арга хэмжээнүүдийг ирэх зургаадугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ амралтын өдрүүдийг хатан хаан Норфолк гүнлэг дэх өөрийнхөө Сандрингем өргөөнд өнгөрүүлж байна. Өнгөрсөн бямба гарагт тэрбээр сургуулийн сурагчид, орон нутгийн оршин суугчид болон тусгай зочдыг хүлээн авчээ.

II Элизабетын хаанчлалын 70 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд энэ оны турш зохион байгуулах бөгөөд гол арга хэмжээнүүд ирэх зургаадугаар сард болох юм. Тухайлбал, зургаадугаар сарын 2-5-ны хооронд британичуудыг урт амралт хүлээж байна. Энэ өдрүүдээр Сандрингем эдлэн болон Шотланд дахь Балморал шилтгээн үзэгчдэд нээлттэй байх гэнэ. Мөн сарын 2-нд Лондон хотын төвд 1.4 мянган цэрэг, 400 хөгжимчин оролцсон сүрт жагсаал болно. Зургаадугаар сарын 3-нд Лондонгийн Гэгээн Полын сүмд ойд зориулсан хурал хурах бол 4-нд Букингемын ордонд дэлхийн одууд оролцсон хүндэтгэлийн концерт болно. 5-ны өдөр Уинзорын шилтгээнд задгай талбайд хүндэтгэлийн хүлээн авалт болно. Хүндэтгэлийн зоогт зориулан хагас км үргэлжлэх зоогийн ширээ засаж, 1.5 мянган зочдыг урьжээ.

Хатан хаан дээд амжилтууд

II Элизабет 25 насандаа хаан ширээнд суужээ. 2015 оны есдүгээр сард тэрбээр хатан хаан Викториагийн тогтоосон хаан ширээнд хамгийн урт хугацаанд суусан дээд амжилтыг эвдсэн бол 2016 оны аравдугаар сарын 13-нд Таиландын хаан Пумипон Адулядет /IX Рама/ насан эцэслэсний дараа өдгөө хамгийн удаан хаан ширээнд сууж буй амьд сэрүүн дээдсээр тодорсон. Хатан хаан II Элизабет нь мөн хаан ширээнд сууж буй хамгийн өндөр настай төрийн тэргүүн юм.

Хатан хаадын дунд тэрбээр түүхэнд хамгийн удаан хаанчилж буй хатан хаан. Гэхдээ тэрбээр 72 жил 110 хоног хаанчилсан Францын хаан XIV Людовикийн тогтоосон дээд амжилтыг хараахан эвдэж чадаагүй байна. Хамгийн урт хугацаанд хаанчилсан дээд амжилтыг Свазиленд улсын /өдгөө Эсвантини улс/ хаан II Собуз эзэмшдэг. Тэрээр дөрвөн сартайдаа хаан ширээнд өргөмжлөгдөж, нийт 82 жил 254 өдөр хаан ширээнд суужээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.92.177) 2022 оны 02 сарын 06

хаан ширээгээ өгөх гэж байгаа юм байна даа. харин хүүдээ юү ач хүүдээ юү гэдэг л сонин байна.

0  |  0
Top