Tорой бандийг байхад торгоны сайхныг өмслөө дөө

2022 оны 02 сарын 09

Tорой бандийг байхад торгоны сайхныг өмслөө дөө

Торой Бандиас хойш тостой даавуу ч олдсонгүй дээ”  хэмээн ардын сайхан дуунд гардаг. Амраг сэтгэлтэй бүсгүй нь, амь халуун ард олон нь Торой бандийг санан гансарч, үгүйлэн ганцаардаж дуулсан энэ л дуу нь түүнийг ямархан эр хүн шиг эр байсныг гэрчилнэ.

Өдгөө түүний дүр бүхий хөшөө Сүхбаатар аймгийн Дарьгангын нутагт оршдог билээ. Эр хүний сүр хүч, омголон хийгээд амгалан дүрээр алсыг ширтэн завилан суугаа Торой банди он цагийн нар салхинд онгож гандаа нь үгүй олон жилийг ардаа үджээ.

Гэвч сүүлийн үед энэхүү сайхан уран баримлыг ард олон сүслэн дээдлэх сэтгэл нь туйлшрахын хэрээр сүүгээр бялдаж, сүрийг нь гутааж орхижээ. Толгой түрийгүй тоос тостой холилдож сүр хүч нь гундсан Шилийн сайн эр босоод ирдэг сэн бол уул хад хадаан цуурайттал хашхирч тэсэрмээр л болж.

Ганга нуураас зүүн хойш зургаан километрт Гангын Цагаан овоо хэмээх уулын жижигхэн довцог дээр Торой бандийн хөшөө байдаг. Энэ хөшөөнд торой бандийг суугаа байдлаар нэг гараараа өвдгөө тулж, нөгөө гартаа аягатай идээ барьж хажуудаа малгай, буу, богц зэргийг тавьснаар дүрсэлсэн аж. Хөшөөг хүрэн будгаар будан өмнө зүгт хандуулжээ. Эл хөшөөг зураач Ж.Дүүрэнтөгс 1999 онд бүтээжээ

 

СҮҮГЭЭР БЯЛДУУЛЖ СҮРЭЭ ГУТААЛГАСАН ТОРОЙ БАНДИ ТОРОЙТОЛ ШИРТСЭЭР

 

“Цастын цагаан ууланд

Цантаа нь үгүй Торой доо

Цаад найман хошуунд нь

Баригдаа нь үгүй Торой доо”. Цахар найман хошуунд төдийгүй Халхад ихэд нэрд гарсан Шилийн сайн эр Торой бандийн алдар суу нь 1860-аад онд ид мандаж явжээ. Цагийг эзэлсэн Торой банди Гангын Цагаан овоондоо адуугаа хурааж, Ганга нуурандаа хун чуулуулж, ганган морин дээрээ исгэрч давхисан биз ээ. Амьд ахуй дүрээ амьсгал юугаан шингээн мөнхөжсөн тэрээр Данзангийн Нанзад гэдэг цахар хүн байжээ. Тэрээр 1830 онд одоогийн Бударын чулуу" хэмээх газар төржээ. 

Түүнийг бага байхад эцэг нь насан өөд болж эхийн хамтаар ядуу тарчигхан амь зууж байв. Эхийн хүсэлтээр багадаа "Бургасан дуганд" шавилан сууж байсан боловч лам багшийн элдэв харгислалыг үл тэвчин дуганаасаа оргон гэртээ иржээ. Тэр цагаас эхлэн ядуу ардын зовлон зүдгүүрийг үл ойшоогч ноёд баяд, харийн худалдаачдын эсрэг эр бяр, зориг хүчээрээ тэмцэж эхэлжээ.

Түүний энэ тэмцэл нь зөвхөн амин хувийн ашиг сонирхлоо бодсонгүй хошуу нутгийнхаа ядуу дорой ард олонтой олсон олзоо хуваан тараадаг байсан нь нутгийн олондоо хүндлэл хайрыг олсон аж. Нанзад бол хурц сэргэлэн, эрэлхэг зоригтой хүн байсан төдийгүй маш сайхан дуучин, хөгжимчин байсан гэдэг. Нанзадыг цээлхэн сайхан хоолойгоороо, гайхамшигтай сайхан хуураараа уяруулан дуулж хуурддаг байсан хэмээн нутгийхан хуучилдаг байжээ.

Торой банди насан өндөр болоод Шартын хад, Таван толгой, Ээлт хошуугаар нугаглаж байгаад 1904 онд насан өөд болсон гэдэг.  Шилийн сайн эрс бие биедээ тангараг өргөж эвийн хүчээ нэгтгэдэг байжээ. Өргөсөн тангарагтаа үнэнч байна гэдэг хэр баргийн эрийн хийх ажил биш ээ. Шилийн сайн эрс тангараг өргөхдөө хүнийг хүндлэх, ядуу ардыг тэтгэх, хүүхэд, хөгшид, сул доройчуудыг асраж өмгөөлөх, нөхрийн журам сахих, хэлсэн үгэндээ хүрэх, эд агуурсад үл шунах, хатуужил тэсвэртэй байх тухай өгүүлдэг байж.

Тангарагтаа үнэнч байсан нь хэзээ ч үл арилах нэр хүндийн эзэн болно, эрийн жудаг алдаж, тангаргаа зөрчсөн нь бидний хэлдгээр жирийн нэг малын хулгайч болдог байх. Шилийн сайн эрс юуны учир олноор гарч ирэх болов гэхээр зарим нь амьдрахын эрхэнд, зарим нь даган дуурайж, зарим нь феодол ноёдын дарлал, хятад худалдаачдын мөлжлөгийг эсэргүүцсэн тэмцэл байсан юм. Ингэж амьдрах болсон эрсээс амь зуулга төдий хулгай хийх эрс байхад, эр биений чадал, оюун ухааны хүч, эмээлт морины сайнаар амь дүйн явах эрс ч байжээ.

Ийм сайн эрс нь тэмээн жин, хятад пүүс дээрэмдэх, хошуу дамжуулан баяд ноёдын адуу мал тууж нутаг орныхоо ядуус, хөгшдөд тараан өгдөг буянтан, эх орныхоо төлөө тэмцэж, шударга ёс тогтоосон баатарлаг үйлстэн болдог байж. Энэ их үйлсийг бүтээхэд хүлэг морь нь хүний сайн анд нөхөр нь болдог байж.

Торой банди, Тогос Чүлтэм, Ганган Төгс, Гархи Банзрагч, Харцага бор, Хүрэн Дамдин, Хагархай Цэнд, Харлаг Дорж, Царцаа Гомбо, Орлой шар, Исгэрдэг Дамба гээд цагийг эзэлсэн шилийн сайн эрс олон байжээ. Тэдний дундаас торойж торолзож гарч ирж чадсан Торой бандийн хөшөө тос сүүнд бялдуулж, тоос тортогт дарагдаж торойтол ширтсээр л байнам.

Манай залуучууд хий хоосон сүсэг бишрэлдээ хөтлөгдөж уг мөн чанар, учир утгыг нь ухахгүй овоо л бол сархад сэржимдэж, хөшөө л бол сүү өргөх ёстой гэж ойлгодог бололтой. Сүү нь цардсан хөшөөний үндсэн өнгө нь ялгагдахааргүй болжээ. Өвлийн цагт мөнөөх өргөсөн сүү нь хөлдөж царцан, зуны цагт ялаа батгана шавж, ээдэм шар ус үнэртсэн эхүүн үнэр түгнэ. Цагтаа эрмэг хүлэг дээр тэнгэрийн салхиар адислуулж явсан тэргүүн дээр нь болжмор шувуу сангасаа хаялжээ.

Эр хүн эр хүндээ хайртай гэдэг дээ. Эрийн хийморио сэргээж яваа эрчүүд маань эр зоригийн бахархал болсон Торой бандийнхаа хөшөөг нэг цэвэрлээд, угаагаад өгчихвөл л гэж бодогдох. Сүсэг нь ихэдсэн сэтгэл нь дутсан өнөө цагийн хүмүүсийн дүр төрх Торой бандийн хөшөөн дээр тусгалаа олж буй нь энэ ч юм шиг. Нэг л хөндүүр эмзэглэл торолзоно.

 

ТОРОЙТОЛ ҮЛДСЭН ТҮҮХЭЭ МЭДВЭЭС ТОС ТОРТОГТ ДАРУУЛАХГҮЙ Л БАЙСАН ДАА

 

“Галав, Шанхайн говьд

Гандаа нь үгүй Торой

Халхын хэдэн ноёдын

Эрлэг болсон Торой”

Алдар нэр нь арван хошууг шуугиулж, халх дөрвөн аймаг, шавь таван хошууг донсолгож цаашлаад цахар найман хошуунд домог болсон Торой бандийн түүхийг залуу хүүхдүүддээ ярьж хэлж өгвөөс энэ мэт буруугаар “сүсэглэн мөргөх”-гүй биз ээ. Олон судлаач шилийн сайн эрийн талаар судалж иржээ. “Торой банди” гэж нэг “О”-той бичдэг” хэмээх агаад олны дундаас баатарлаг гавьяа, тэмцэл, хийсэн бүтээснээрээ торойж гарсан хүн учир тодорч, торойсон гэдэг утгатай гэжээ.

Зарим эрдэмтэд говьд ургадаг тоорой модтой зүйрлэж “Тоорой” гэсэн хэмээжээ. Ямар ч гантай жил тоорой модны навч ногоон байдаг аж. Тэр үүднээс үхэшгүй мөнхийг бэлгэдэж Тоорой гэж нэрлэсэн ч байж болох. Тоорой мод нь  тэнгэрийн, эр зоригийн, тангаргийн мод гэж говийнхон үздэг. Түмэн олны төлөө тэмцэж явсан шилийн сайн эрээ тангаргийн модтой ч зүйрлэсэн юм билүү.

Үнэхээр  ард олон нь түүнийг баригдашгүй, ялагдашгүй, дийлдэшгүй хэмээн дуулдаг байж. Хэдийгээр түүний намтар түүхийн сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдээгүй боловч нутгийн ард олны дунд аман түүхээр хадгалагдан үлджээ. Тиймээс ч эрдэмтэн судлаачид Нанзадтай холбоотой домог түүх, ардын дууг гол хэрэглэгдэхүүн болгон судалсан байдаг.

Нэрт Монголч эрдэмтэн Б.Я.Владимирцов "Монгол ардын аман зохиолын жишээнүүд" номондоо Тоорой бандийн дуунаас хэдэн бадгийг оруулсан байна. Тэрээр Торойн дууны тухай судалгаа хийсэн төдийгүй Торойн дууг нийтэлж, монгол ардын аман зохиол буюу ардын дууг сонирхох гадаадын монголч эрдэмтдэд анх удаа танилцуулсан байна.

Үүний дараа Ц.Дамдинсүрэн 1944 онд "Торой банди" хэмээх өгүүлэл бичиж “Үнэн” сонинд хэвлүүлжээ.

1957 онд О.Жамбалжамц Торой бандийн домог, хууч яриаг цуглуулан нэлээд хэдэн жил боловсруулан "Торой банди" хэмээх жүжиг найруулан Сүхбаатар аймагт тоглуулсан юм. 1958 онд Ц.Бавуудорж "Торой бандийн тухай" хэмээх бэсрэг ном хэвлүүлсэн нь Нанзадын намтар түүхийг тодруулах чухал хэрэглэгдэхүүн болжээ

Ц.Дамдинсүрэн гуай "Торой банди бол сайн эр, муу хулгайч хэмээх хоёр нэртэй явсан хүн. Ардууд түүнийг сайн эр гэж магтдаг. Ноёд, хятадын зальхай худалдаачин түүнийг муу хулгайч гэж занадаг байсан... Торой банди бол тэмцэлт хүн хэмээн нотлон бичсэн" байна.

Нанзад багадаа хүрээ хийдэд шавилан сууж байсан мэдээ бий, Тэгэхлээр "Тоорой банди" хэмээх нэр бол эр зоригоороо гайхагдан шалгарсан хүнд олгодог цол юм. Учир нь Нанзадыг нас барсны дараа 40 гаруй сайн эрчүүд өөрсдийгөө "Тоорой банди" хэмээн нэрлэж байжээ. Тэгэхээр "Торой банди", "Тоорой банди" хэмээх нь хоёулаа "шалгарсан, торойсон" гэсэн нэг утга санааг агуулж байна. Айраг цэгээнд  цайж, амин сүлд нь гудайсан түүний хөшөөг хараад

 

“Зовохын цагтаа зовдог

Зовлого бие хайрангүй

Өвгөдийн өрсөж хамгаалсан

Өрлөг түүх минь хайран!

Эвийн зангиа таслахгүй

Эрийн тангараг няцахгүй

Үргэвэл тоосондоо цуглана

Үрэгдвэл ясандаа цуглана!” хэмээн цээжний алсаас уянгалуулан дуулдаг дууч эрийн хоолой тэнгэрийн цээлд хүрээд алсрах шиг гуниглангуй мэдрэмж өгсөөд ирэв. Орчин үед эрчүүд шилийн сайн эрс шиг адуу мал хурааж ард олноо тэтгэхгүй ч гэсэн салбар салбартаа амжилттай ажиллаж амжилттай яваа. Хаа нэг амралтын өдрөөрөө найз нөхөдтэйгөө нийлж хийморио сэргээж Шилийн богд дээр гарч малгайныхаа тоосыг  үргээдэг ч биз. Тийн явахдаа заавал Торой бандийн хөшөөн дээр ирдэг уламжлалтай болжээ.

Хүний хөлд талхлагдсан Торой бандийгаа хүн ёсоор “халамжилж” хир буртагаас нь салгачих аавын хүү, ээжийн охид олон биз ээ.  Нэртэй зүстэй хүний үр цагтаа мандаж яваад цагийн жамаар хорвоог орхихдоо хүн ардынхаа сэтгэлд мөнхрөн үлддэг ажгуу. Үеийн үед үлгэр домог шиг ам дамжин яригдсан шилийн сайн эрсийнхээ өмнөөс сүү шиг сэтгэлтэй ард түмэндээ хүндэтгэн мэхийж

“Торой Бандийг байхад торгоны сайхныг өмслөө дөө

Торой Бандиас хойш тостой даавуу ч олдсонгүй дээ”  хэмээн дуулсан ардын дууны үгээр отголж түүнийг ямархан нөмөртэй, нөөлөгтэй, өглөг буянтай хүн байсныг давхар сануулан дайсу.

А.СҮЛЕНА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.24.56) 2022 оны 02 сарын 09

Шувуу суухааргүй оройтой малгайтай хийхгүй дээ

0  |  0
(103.10.20.57) 2022 оны 02 сарын 09

shit

0  |  0
зочин(103.57.92.26) 2023 оны 06 сарын 28

нутаг орон нь санаачлаад сайхан цэвэрлээд хамаагүй хог хаях сүү цацахыг цээрлээд өгвөл хүмүүс дагана даа

1  |  0
Top