“Төрийн бүтээмжийн сэргэлт-цахим эрүүл мэнд” сургалт боллоо

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 04

ЭМЯ, ЦХХХЯ-наас эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад танилцуулах “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалтыг өнөөдөр /2024-05-04/-өөс эхлүүллээ.  

Төрийн ордонд зохион байгуулсан сургалтад нийслэлийн эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд, ЭМЯ, ЦХХХЯ, харьяа газруудын төлөөлөл 800 гаруй хүн оролцлоо.

Сургалтад оролцогсдод хандан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар үг хэлж эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй хүн бүрийн оролцоо, мэдлэг, туршлага хандлага хэрэгтэйг онцолсон.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг төрийн бүтээмжийн сэргэлтэд зайлшгүй шаардлагатай зүйл нь төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулах цахим шилжилт гэдгийг онцлоод “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, үзүүлэх үйл явцыг дижитал технологийн тусламжтай хэрхэн хялбаршуулж, хөнгөвчлөх боломжтойг Ковид-19 цартахал харуулсан. Цартахлын нөлөөгөөр эрүүл мэндийн дижитал технологи, үйлчилгээ улам эрчимжиж, дэлхий нийтэд нэг өдөрт л гэхэд 200 гаруй эрүүл мэндийн аппликейшн шинээр нэмэгдэж, дижитал эрүүл мэндийн дэлхийн зах зээлийн хэмжээ 2022 онд 217 тэрбум ам.доллар байсан бол 2032 онд 1,6 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байна.
 



Эдийн засгийн үр ашгаас гадна цахим шилжилт нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэх арга замыг хялбаршуулж, үйлчилгээг иргэдэд орйтуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх нөлөөтэй. Тухайлбал, телемедициныг нэвтрүүлснээр эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлагыг 20 хувиар, хүн амын нас баралтыг 45 хүртэлх хувиар бууруулах боломж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх санаачилгыг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2016 оноос хойш хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар өрх, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагын 80 гаруй хувь нь мобайл технологийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэж хэвшээд байна. Мөн цахим жор нэвтрүүлснээр жор бичилтийн алдааг 60 хувиар бууруулах боломжтой” хэмээсэн юм.

Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлж, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч байна. 2024 онд “Эрүүл мэндийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, аюулгүй байдлыг хангах журам”-ыг Засгийн газрын тогтоолоор, “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжид үнэлгээ хийх, шаардлагад нийцсэн программ хангамжийг мэдээлэх журам”-ыг Эрүүл мэндийн сайд болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын хамтарсан тушаалаар баталсан.

Эдгээр журмууд батлагдсанаар эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, “ХУР” системээр дамжуулан Үндэсний дата төв болон И-Монголиа системтэй мэдээллийг саадгүй солилцох, нууцлал аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм. Ингэснээр төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн 4,500 орчим байгууллагад жилд үзүүлдэг амбулаторийн 20 сая гаруй үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая гаруй эмчилгээ үйлчилгээг бүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдлийн нэг дор нэгтгэн, цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч мэдээлэл солилцох боломжтой болсон.

Түүнчлэн иргэд цахим жор, амбулатори, жирэмсний хяналт, хүүхдийн ягаан дэвтэр, дархлаажуулалт, дүрс оношилгоо, лабораторийн хариуг И-Монголиа-гаар дамжлуулан авах боломж бүрдсэн юм.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хэлэхдээ “Эрүүл мэндийн салбарын цахимжилт бол салбарын мэдээлэл солилцох журам дээр үндэслэн иргэдэд хүрнэ. Ерөнхийдөө мэдээлэл солилцох журмыг нь гаргаад тухайн программ хангамжид тавигдах стандарт шаардлагуудыг биелүүлвэл хувийн хэвшлээс хэрэгжүүлж байгаа системийг ч ашиглаж болох эрх чөлөөг нь нээж өгсөн. Ингэснээр эрүүл мэндийн салбарын цахимжилт иргэдийн амьдрал ахуйд шууд нөлөөлж, ая тухтай амьдрах, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хүлээж авах нөхцөл бүрдэж байгаа.

Цахимжилттай холбоотой бүхий л мэдээлэл буюу их өгөгдлийг нэгтгэж чадсанаар цаашид эрүүл мэндийн салбар их өгөгдөлд суурилсан урьдчилан сэргийлэх оношилгоо хийж, аливаа өвчнийг эрт үед нь оношилж, эмчлэх боломжтой болно” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top