Говийн бүсийн хоршоонд олуулаа нэгдэх нь ашигтай гэж үзэж байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 04

Говийн бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлт Өмнөговь аймгийн Даланзадгад хотод боллоо. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга  Д.Амарбаясгалан “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар танилцуулга хийж, илтгэл тавив.  Дараагаар нь холбогдох албаны хүмүүс хоршоог хэрхэн байгуулах, говийн бүсийн онцлог, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар мэдээлэл хийлээ.

Говийн бүсэд хоршоонд цөөн гишүүн нэгдэхээр ашиг бага, харин олуулаа нэгдэх шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал, говийн бүсийнхэн тэмээний ноолуураа дан дангаараа тушаахаар хямд үнэтэй байдаг бол олуулаа нэгдэж тушаахаар үнэтэй борлуулдаг байна. Хоршоо байгуулах малчид сайн дураараа эвлэлдэн нэгдэх юм. Харин хоршоонд заавал хөрөнгө оруулах шаардлагатай. Хоршоонд элсэх гишүүн 16 настай байх ёстой.

Хоршооны гишүүн малчин нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

-Мал тооллогод хамрагдсан байна.

-Тухайн аймгийн иргэн байна.

-Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлгүй байна.

-Хоршооны бизнес төлөвлөгөөтэй байна.

-Зээлийн батлан даалтын сан 80-100 хувийн баталгаа гаргана.

-Анхан шатны нэг хоршоо хоёр тэрбум хүртэлх төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой.

-Үүний үр дүнд сарын таван сая төгрөгийн орлоготой, чинээлэг малчин бий болох боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа юм.

Малчид “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Тэд "Шинэ хоршоо” хөдөлгөөн шинэ боломж олгож байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Махыг үнэд оруулж экспортлох, хоршоо байгуулахад юунд анхаарах талаар саналаа хэлж байв.

Булган аймгийн Хангал сумын малчин Х.Эрдэнэбулган “Малчны үнэлэмжийг дээшлүүлэхэд бүгдээрээ зүтгэх хэрэгтэй" гэсэн бол Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын малчин Ш.Батбаяр “Говийн бүсийн тэр дундаа Өмнөговь аймгийн иргэдэд боломж их байна. Та бүхэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд “Оюутолгой”-д борлуулна. “Шинэ хоршоо” хөдөлгөөн малчдад шинэ боломж нээж байна” гэсэн юм.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Мах экспортлох нь нээлттэй байгаа. Малчид анхан шатандаа нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргаж, борлуулах хэрэгтэй. Засгийн газар анхан шатны хоршоон дээр төвлөрч ажиллана" гэж онцлов.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.190.108) 2024 оны 05 сарын 05

Тэмээний ноолуур гэж байхуу?

0  |  0
Зочин(59.153.115.161) 2024 оны 05 сарын 04

Малын түүхий эд боловсруулах үйлдвэр нь байхгүй байхад хэн тэр түүхий эдийг өндөр үнээр авах вэ дээ, энэ зүгээр л сонгуулийн өмнө малчдын шуналыг хөдөлгөж, тархийг нь угааж байгаа л хэрэг

0  |  0
Top