Засгийн газрын өнөөдрийн /2022.02.16/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдааны үеэр зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Соёлын сайд Ч.Номин нар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа цар тахлын үеийн Засгийн газрын санхүүжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэх үүргийг Сангийн сайд, Улсын Онцгой комисст даалгасан талаарх мэдээллийг өглөө.
Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, урьдчилан сэргийлэх үзлэг идэвхжүүлэх талаар тусгасан. Харамсалтай нь манай иргэдийн урьдчилан сэргийлэх идэвх хангалтгүй тул 60,8 тэрбум төгрөгийг урьдчилан сэргийлэх төсөвт суулгаж өгсөн. Ингэснээр эрүүл мэндийн нэгдсэн дататай болно. Цаашид гарах санхүүгийн эрсдлээс сэргийлэх бүрэн боломжтой. 70,6 хувь, эрэгтэй 60,6 хувь насны зөрүү 9,6 жил байдаг тул насны зөрүүг 5 жил болгоно гэж зорьж байна. КОВИД-н дараах нөхөн сэргээх, оношлогоонд том түлхэц өгнө гэж төлөвлөж байна. Нас баралтын тэргүүлэх таван шалтгаанд зүрх судас, осол гэмтэл, амьсгалын зам гэх мэт өвчлөл багтдаг тул эдгээр өвчлөл рүү чиглэсэн оношлогоог хийх зорилготой юм" гэлээ.
Харин Соёлын сайд Ч.Номин "Шинэ сэргэлтийн бодлого дото бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөрүүд багтсан. Соёлын салбартай уяж ажиллах бодлого ч орж ирсэн. Тиймээс өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар дэлхийн нэр хүнд бүхий, хамгийн том гэж яригддаг кино урлагийн салбарын Каннын наадам, цаашлаад дүрслэх урлагийн салбарт томоохонд тооцогддог Венецийн олон улсын үзэсгэлэнд оролцох шийдвэрийг гаргалаа. Ингэснээр дүрслэх урлагийн салбар болон кино урлагийн салбар дэлхийн хэмжээний наадамд Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцох боломжтой болж байна" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )