Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2022.02.17/ "Илгээлт-2100" хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 428 хүүхдэд захиа, даалгавар гардууллаа.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны Монголын ирээдүй-2100 оюутан” хөтөлбөр санаачлан ажиллана” гэсэн заалт ийнхүү хэрэгжиж эхэллээ.
"Илгээлт-2100" хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд тушаал гарган, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БШУЯ, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын зээлийн сан, Нийслэлийн боловсролын газар, Монголын их, дээд сургуулиудын консорциумаас гадна иргэн, иргэний нийгмийн байгууллагыг төлөөлж Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн А.Хосхүү, “Сайн сургуулийг таны дэргэд” Төрийн бус байгууллагын тэргүүн П.Наранбаяр, “Tomyo Edu Tech”-ын үүсгэн байгуулагч В.Баярсайхан нарын 11 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулсан юм.
Ажлын хэсэг Боловсролын үнэлгээний төвийн мэдээллийн сангаас гаргасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг нийслэл, аймгийн Боловсролын газраар хянуулан баталгаажуулсан тул эхний 428 хүүхдийн нэрийг 2021 оны арванхоёрдугаар сард зарласан бол өнөөдөр ийн Ерөнхийлөгчийн захиа, даалгавар гардуулж байна.
Болзол хангасан суралцагч төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ.
Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилтын дүнгээр тэтгэлгийн төрлийг хуваарилна.
Хүүхдүүдийг ерөнхий эрдмийн болон гадаад хэлний хичээлээр бэлтгэхээс гадна харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэнэ.
Уралдаант шалгалтаар элсэж ордог гүнзгийрүүлсэн сургалттай болон хувийн хэвшлийн сургуулийн хүүхдүүд олон улсын олимпиадад медальт байрт шалгарч, дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулиас албан ёсны урилга авсан бол тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийг мөн олгож байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газар “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-ыг ЭНД ДАРЖ үзэх боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )