Ерөнхийлөгч оюутнуудад захиа, даалгавар гардууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 17

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт суралцагсдад захиа, даалгавар гардууллаа 

Монгол Улсын иргэний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргасан. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газар 2021 оны 275 дугаар тогтоолоор “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох журам” баталсан юм.  Шалгуур үзүүлэлт хангасан оюутнууд МУИС болон ШУТИС-ийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бэлтгэл хөтөлбөрт тэнцсэн эхний ээлжийн оюутнуудад захиа, даалгавар гардууллаа.

Тэрбээр авьяас билиг, хичээл зүтгэл, сурлага, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлж, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрийн эзэд болсонд баяр хүргэлээ.  Мөн төр засаг, түмэн олныхоо итгэл найдварыг даан, эх орныхоо ирээдүйг түүчээлэн цогцлоох үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, ухаант дээдсийнхээ мэргэн сургаалыг дээдлэн санаж явахыг захив.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагчийг шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, гадаадын шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэх, төгсөж ирэхэд нь орон нутагтаа ажиллах нөхцөл, боломжоор хангах зорилготой юм.

Суралцагсад Засгийн газрын баталсан журмын:

2.1. сүүлийн гурваас доошгүй жил ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийн дагуу харьяалах сум, хороондоо суралцаж төгссөн байх;

2.2. тухайн жилийн математик болон гадаад хэлний хичээлийн Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоороо харьяалагдах сум, хороондоо хамгийн өндөр оноо авсан байх;

2.3. Элсэлтийн ерөнхий шалгалтад гадаад хэл /англи эсвэл орос/ болон математикийн хичээлээр авсан онооны дунджаар сум, хороондоо хамгийн өндөр оноо авсан байх шалгуур хангажээ.

Оюутнуудад захиа, даалгавар гардуулах ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх  Ч.Лодойравсал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр нар оролцлоо.

Бэлтгэл хөтөлбөрт тэнцсэн 442 суралцагчийн нэрсийн жагсаалттай ЭНД дарж, танилцана уу
 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.9) 2022 оны 02 сарын 17

400 гаруй хүүхдэд урам зориг өгч, итгэл найдвар төрүүлж, тэдний өмнө гэрэл гэгээ асааж, эх орныхоо ирээдүйг бодлогоор бэлтгэж байгаа маш зөв алхам юм. хүүхдүүддээ амжилт хүсье. та нар ирээдүйд Монгол орноо удирдан авч явах болно.

1  |  0
Top