Цагдаагийн албан хаагчдын цалин, урамшуулал бага байдаг талаар "Цагдаагийн албан хаагчдын эхнэрүүдийн групп"-д асуудал дэвшүүлж, маргаан дагуулснаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулж, тус группийн төлөөлөлтэй уулзахаа илэрхийлсэн билээ.
Тэгвэл Хууль зүйн сайд өнөөдөр (2022.02.22) “Цагдаагийн албан хаагчдын эхнэрүүдийн групп”-ийн төлөөлөлтэй уулзсан байна.
Энэ талаараа сайд Х.Нямбаатар "Цагдаагийн албан хаагчдын цалинг нэмэх, илүү цагийн хөлс тооцох, нийгмийн асуудлыг шийдэх, тэр дундаа орон сууцны хөнгөлттэй хөтөлбөрт хамруулах, ажлын байрны ачааллыг тэнцвэржүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг группийн төлөөлөл бүсгүйчүүд уламжиллаа. Гишүүдийнхээ саналыг нь аваад, нэгтгээд аваад ирж. Гаргаж тавьж буй эдгээр асуудал бодит амьдрал, дан ялангуяа хуулийн байгууллагын алба хаагчдын гэр бүл бүрд тулгардаг бэрхшээл, нэмэлт хачиргүй үнэн. Цагдаа ачаалалтай, хүнд нөхцөлд ажиллаж байгаа нь мөн үнэн. Цагдаа нарын үүрэг оролцоо аливаа ажилд ямар түвшинд байдгийг бид бүгдээрээ цар тахлын дэглэмийн үед харсан.
Тиймээс ХЗДХЯ өнгөрсөн жил гаруйн хугацаанд хангамж, ажлын орчныг сайжруулахад багагүй анхаарч ажиллалаа. Цаашдаа төлөвлөсөн ажлуудаа үргэлжлүүлнэ. Тухайлбал, ирэх жилүүдэд цагдаагийн алба хаагчийн ажлын орчин нөхцөл, өмсөж буй хувцас, хэрэгслийн чанарыг сайжруулах, орон сууцны төсөл хөтөлбөрт хамруулах гээд цөөнгүй арга хэмжээ төлөвлөснөө танилцуулж, ярилцлаа. Группийн төлөөлөл гишүүдийнхээ санал хүсэлтийг бичгээр өгөх болсон, бид судална, нөөц бололцоондоо тулгуурлаж, үе шаттай бодит ажил болгоно" хэмээн албан ёсны фэйсбүүк хуудсандаа бичжээ.
Сэтгэгдэл ( 0 )