С.Амарсайхан: "Эрдэнэт медикал" эмнэлгийг төрд шилжүүлж авлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 25

"Эрднэт үйлдвэр” ТӨҮГ-ын "Эрдэнэт медикал” төв эмнэлгийг "Медипас" ХХК хууль бусаар хувийн хэвшилд үнэгүй шилжүүлэн авсан байдаг. Улсын үйлдвэрийн хөрөнгөөр баригдсан ч өнөөг хүртэл хувийн хэвшлийн өмчид бүртгэлтэй байгаа тул уг эмнэлгийг улсын өмчид буцаан авч байгаагаа Шадар сайд С.Амарсайхан эмнэлгийн байран дээрээс мэдэгдэв.


Шадар сайд С.Амарсайхан:

-Өнгөрсөн 2013 онд 69,9 тэрбум төгрөгийн өртгөөр эмнэлгийн цогцолбор барилга баригдсан. Гэвч уг эмнэлэг хувьчлал нэрээр хувийн компанид шилжсэн. Энэ асуудлаар Засгийн газрын шийдвэр гарч, Эрдэнэт үйлдвэрийн мэдэлд шилжүүлэн авах ажил газар дээр нь хийгдэж байна. Ганцхан эмнэлэг биш 50 айлын орон сууц, авто зогсоол, тоног төхөөрөмж, эд хогшил шилжүүлж авсан ч ямар ч төлбөр төлөөгүй. Уг эмнэлгийг хувьийн хэвшилд шилжүүлэхдээ 18 жилийн гэрээ хийгдсэн ч нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Үүгээр барахгүй Эрдэнэс үйлдвэрээс 2016-2022 оны хооронд 12,7 тэрбум төгрөг шилжүүлэн авсан байдаг. Энэ мэтээр төрийн өмч үнэгүйддэг, төрийн мөнгөөр өөрийнх нь хөрөнгийг худалдаж авдаг асуудал цөөнгүй байгаа учраас эдгээр ажлыг цэгцлэх ажилд Засгийн газар онцгой анхаарч байна. Өнөөдөр уг эмнэлгийг шилжүүлж авах процесс явагдаж байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:

-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан Шийдвэр хүчингүйд тооцох тухай 78 дугаар тогтоолыг уншиж танилцууллаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1,2,4,8 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 32 дугаар зүйл, 62 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2,9 дэх заалт, 62 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэг зэргийг үндэслэн "Эрдэнэт медикал” төв эмнэлгийг төрийн өмчид шилжүүлж байна

"Эрднэт үйлдвэр” ТӨҮГ-ын Х.Бадамсүрэн:

-Энэ эмнэлгийг иж бүрэн, одоо ажиллаж байгаа түвшинд нь хүлээж авах ажлын комисс гарсан. Эмчилгээ сувилгааны цогцолбор бол иж бүрэн барилга байгууламж эмчилгээгээ ч хийнэ. Мөн инженерийн шугам сүлжээ бусад дэд бүтцийн хамт байгуулагдсан, техник тоног төхөөрөмжийн хувьд хамгийн тэргүүний тоноглолтой байсан.

Хамгийн гол нь, эмнэлгийн үйл ажиллагаа цаашид хэвийн жигд явах ёстой. Урьд ажиллаж байснаас бүтээлч ажиллах ёстой. Эмнэлэг үйлчилгээний чанар хүртээмж, орчин үеийн тоног төхөөрөмжийг өндөр түвшинд ашиглахын тулд эмч ажилчдын асуудал чухал. Бид нэгэнт гаргасан төр засгийн шийдвэрийг шуурхай хэрэгжүүлж, үйл ажиллагааг зохих түвшинд илүү сайн ажиллуулах үүрэг ногдож байна гэж ойлгож байна.

"Эрдэнэт" үйлдвэрийн 7000 ажилчин энэ эмнэлгээр үйлчлүүлэх гэрээтэй. Дээр нь гавьяаны амралтад байгаа өндөр настан, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тэтгэвэрт гарсан иргэдийг оролцуулаад 10 мянга орчим хүн уг эмнэлгээр үйлчлүүлдэг. Ингэхдээ өнгөрсөн он жилд 2-3 тэрбум төгрөгийн үйлчилгээг энэ цогцолбороос авч ажиллаж байгаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top