Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Дархан-Уул аймагт ажиллалаа. Тэрээр аймгийн удирдлагууд, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын ажилтан, алба хаагчидтай уулзаж байна.
Дархан-Уул аймаг нөхөн сэргээлт, ойн зурвас, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, газрын доройтлыг бууруулах замаар иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах зорилгоор “Ногоон Дархан” төсөл анх боловсруулжээ.
“Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд 3 зорилт 14 үйл ажиллагаа төлөвлөсөн аж.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, аймгийн хэмжээнд 15.7 мянган га талбайд ногоон байгууламж, ойжуулалт, нөхөн сэргээлт хийн, хамгаалалтын зурвас байгуулж, 20.0 сая мод тарьж ургуулна.
Ингэхдээ,
- Аймгийн ойн сан болсон Зулзагын голд 10 сая нарс мод тарих
-Үлдсэн 10 сая модыг жилд нэг иргэн 10 мод тариснаар 2032 оныг дуустал Дарханд 20 сая мод тарисан байх судалгааг гаргажээ.
Дархан-Уул аймаг нийт 103 мянган иргэнтэй. Үүний 80 орчим мянган нь Дархандаа тогтмол сууршин амьдардаг.
Шарын гол, Хонгор сумынхан тус бүр 1 сая мод тарих бол Орхон сумынхан 500.000 мод тарих юм.
Дархан суманд 11 жилийн хугацаанд 7,5 сая мод тарихаар төлөвлөж буй бөгөөд жилд дунджаар 680.000-750.000 мод тарих юм байна.
“Ногоон Дархан-2032” хөтөлбөрт мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, ААН, байгууллагуудад бодитой дэмжлэг үзүүлэх, хүчин чадлыг өргөтгөх чиглэлээр тусгайлсан заалт оруулан, бодлогын түвшинд дэмжинэ гэв.
Цаашид одоо байгаа мод үржүүлгийн газруудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, стандартын шаардлага хангасан үр, тарьц, суулгацыг тарьж ургуулах, нийлүүлэх ажлыг зохион байгуулах юм байна.
Дархан-Уул аймгийн хэмжээнд 4 иргэн, 12 ААНБ мод үржүүлгийн чиглэлээр байнгын үйл ажиллагаа явуулж байна.
Мод үржүүлгийн газрууд жилд 850,0 мянган ширхэг тарьц, суулгацыг ойжуулалт, нөхөн сэргээлт, хотын ногоон байгууламжид нийлүүлэх хүчин чадалтай, 168 кг үрийн нөөцтэй байна.
Сэтгэгдэл ( 0 )