С.Бямбацогт: Төрийн албан тушаалтан өөрөө төрийн түгжрэл болчихоод байна

2022 оны 03 сарын 02

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт Төрийн албаны зөвлөлтэй хамтран “Төрийн албаны шинэтгэл-Төрийн бүтээмж" сэдэвт сургалтыг Ховд аймагт зохион байгуулав.

Сургалтад тус аймгийн 17 сум, төрийн байгууллагын 270 гаруй удирдах ажилтан оролцсон байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Бид Засгийн газрын үйл ажиллгааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.

Үүнээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” гээд зургаан бодлогыг дэвшүүлсэн. МАН-ын Их хурал хуралдаад, дараа нь Засгийн газраас өргөн барьж баталсан. Үүнд боомтын бодлого, аж үйлдвэржилтийн сэргэлт, хот хөдөөгийн ялгаа, төрийн албаны түгжрэл, бүтээмж, ногоон сэргэлт гэдэг асуудлууд дээр анхаарч ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг бид тодорхойлсон.

Төрийн байгууллага, төрийн албан тушаалтан өөрөө төрийн түгжрэл болоод байгаа асуудал байна. Үүнийг л шийдэх ёстой. Ирэх 2024 он хүртэлх бүх байгууллагууд, бүх сумдын Засаг дарга нарыг ямар ажил хийж хэрэгжүүлэх, ямар зорилго, бодлого дэвшүүлэх талаар албан бичгээр хариу өгөхийг үүрэг болгосон. Мөн өнөөдрийн нөхцөл байдлаа үнэлж, дүгнэж, 2021 онд хийсэн ажлынхаа тайлан болон энэ онд хийх ажлынхаа төлөвлөгөөг ирүүлэх албан бичиг явуулсан. Гэтэл 27 байгууллагын удирдлагууд, үүнээс 16 сумын Засаг дарга хариу өгөөгүй. Өөрөөр хэлбэл төр, ард түмний төлөө ажиллахаар сонгогдож, томилогдсон атлаа ажлаа зохих ёсоор нь хийхгүй, хийж буй эсэх нь тодорхойгүй, түүнийхээ талаар мэдээлэл өгдөггүй нь үнэхээр хачирхалтай санагдсан.

Тийм учраас энэ сургалтуудыг зохион байгуулж, ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагыг тавина. Ингэхийн тулд загнаж, шахаж, шаардахгүйгээр мэдлэг, боловсрол чадварыг нэмэгдүүлэх, байгууллагын удирдлагуудыг хөгжүүлэх үүднээс энэ сургалтыг зохион байгуулж удирдлагуудыг чадавхжуулж байгаа юм. Ингэж “Шинэ Ховд”-ын хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, Ховд аймгийг шинэ түвшинд гарган хөгжүүлэхэд чиглэж, удирдлагуудыг чадавхжуулах сургалт хийж байна.

2019 онд төрийн албан хаагчдын зөвлөгөөнийг хийсэн. Цар тахлаас хамаараад энэ үйл ажиллагаа 2020, 2021 онуудад цалгардчихлаа. Тийм учраас цар тахлын нөхцөл байдал харьцангуй гайгүй болж байна. Олон нийтийн арга хэмжээ хийхэд чөлөөтэй болсон энэ үеэс эхлээд үндсэндээ төрийн албан хаагчдаа сургах, чадавхжуулах, хөгжүүлэх ажлуудыг хийж байгаа юм. Үүнийхээ дараа бид санаачлагатай ажил,  хариуцлагын асуудал ярьж эхэлнэ.

Энэ сургалт бол Ховд аймгийн төрийн албан хаагчдыг чадавхжуулах хамгийн эхний сургалт. Үүнтэй адил дараагийн сургалтуудыг бид зохион байгуулна. Ирэх долоо хоногт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрынхантай хамтарч зохион байгуулах юм. Мөн дөрөвдүгээр сард хувь хүнийг хөгжүүлэх, эзэмшвэл зохистой ур чадвар, ажлаа төлөвлөж, түүнийг хэрэгжүүлэх, хяналт тавьж ажиллах гэх мэт чиглэлээр сургалтууд орно. Ийм байдлаар энэ хүмүүст хандлага, ойлголт болон сэтгэлгээг өөрчилж улмаар бид шахаж шаардаж ажиллана аа гэсэн бодлого зорилготой” гэлээ.

А.СҮЛЕНА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.125.36) 2022 оны 03 сарын 03

Чи өөрөө түгжрэл биш бүр бөглөө шүү

0  |  0
Шорондоо(202.9.46.91) 2022 оны 03 сарын 02

Авилгачин ждүчин тэндерчин концессчин бондчин Хөгжлийн банкны хулгайчаа гэж

1  |  0
Top