Ерөнхий сайдын үүрэг дунд хугацаанд ч биелэх боломжгүй

2022 оны 03 сарын 04

Ирэх жилүүдэд Монголын эдийн засгийг тэлнэ гэх тодотгол дагуулсан Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан төслүүдийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн. Түүнчлэн Хөгжлийн банкнаас зээл авсан төрийн өмчит компаниудын зээлийг богино хугацаанд эргэн төлүүлэх асуудлыг энэ долоо хоногийн засгийн хуралдаанаар хэлэлцэж, холбогдох яамд, сайд нарыг үүнд анхаарч ажиллах үүргийг Ерөнхий сайд өгөөд байна.

Тэгэхээр Хөгжлийн банкнаас төрийн өмчит аль аж ахуйн нэгжүүд зээл авсан бэ, тэдгээр компаниудын зээл ямар ангилалд байгаа вэ. Ерөнхий сайд үүрэг өгсний зоргоор зээлээ төлж барагдуулах чадамж, бодит нөөц бололцоо одоо тэдгээр компаниудад байгаа юу гэдэг асуудал  анхаарал татаж буй юм.

Хөгжлийн банкнаас өнгөрсөн хоёрдугаар сарын 10-ны өдөр зарласан зээлийн багцын мэдээлэлд тулгуурлан авч үзэхэд, төрийн өмчит компаниудтай холбоотой 11 зээл байна.  Тэдгээрээс “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн 158.7 тэрбум төгрөгийн зээл, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 44.2 сая юанийн зээл гэсэн хоёр л зээл хэвийн зээлдэгчдийн жагсаалтад бий. Харин ДЦС-4 ТӨХК-ийн 75 сая еврогийн зээл,   “Эрдэнэс Монгол” компанийн 141.3 тэрбум төгрөгийн зээл,  Эрчим хүчний яамны 14.8 сая ам.долларын зээл, “Зорчигч тээвэр 3” ОНӨААТҮГ-ын 21 тэрбум төгрөгийн зээл анхаарал хандуулах зээлийн жагсаалтад багтсан бол, "Төрийн орон сууцны корпораци”-ийн авсан 29.1 сая ам.долларын зээл,  19.2 тэрбум төгрөгийн зээл шүүхэд нэхэмжлэл гаргасан зээлийн жагсаалтад байна. Мөн “Төрийн орон сууцны корпораци”-д хамаарах 73.5 тэрбум төгрөгийн зээл, 69.1 тэрбум төгрөгийн зээл, “Эгийн голын усан цахилгаан станц”-д хамаарах 10.5 сая ам.долларын зээл тус тус дотоод шалгалтын дараа шүүхэд нэхэмжлэх гаргах эсэхийг шийдвэрлэх зээлийн жагсаалтад багтсан байгаа.

Тэгэхээр ил тод болсон зээлүүдийн одоогийн нөхцөл байдлаас үзэхэд төрийн өмчит компаниудын авсан зээлийг богино хугацаанд, яаралтай төлүүлэх тухай Ерөнхий сайдын үүрэг богино хугацаанд биелэх бодит боломж харагдахгүй байна.

Хэвийн зээлдэгчийн ангилалд багтаж буй “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн тухайд аваад үзэхэд, зээлийн эх үүсвэр нь Энэтхэгээс авсан нэмэлт зээл юм. Дахин товлосон хугацаа ёсоор 2025 онд үүдээ нээгээд, үйл ажиллагаа нь  эхэллээ гэхэд 1.2 тэрбум ам.долларын гадаад зээлийнхээ үндсэн төлбөрөөс хийж эхлэх шаардлагатай. Үүнийг дурдахын учир нь Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөх чадамжтай төрийн өмчит аж ахуйн нэгжийг хэвийн зээлдэгчдийн жагсаалтаас ч, анхаарал хандуулах зээлийн жагсаалтаас ч олж харах боломжгүй байгаад учир байна.

Бодит нөхцөл байдлыг аваад үзэхэд Монгол Улс төрийн өмчит компаниуддаа реформын чанартай бодлого, бүтцийн өөрчлөлт хийхгүй бол Хөгжлийн банкны хөрөнгийг чанаргүйдүүлэх дараа дараагийн аж ахуйн нэгжүүд ээлжээ хүлээгээд эгнэж байгаа.

Сануулахад, Засгийн газар энэ оны улсын төсвийн орлогыг бүрдүүлэхдээ гол анхаарах асуудлуудынхаа нэгэнд  Төрийн өмчийн компанийн шинэчлэл гэж тодорхойлсон. Улсын төсөвт тусгасан зорилтыг харахад, 40 их наядаар үнэлэгдэх хөрөнгөтэй  төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийх замаар, өгөөжийг нь өсгөж, төсөвт оруулах  орлогыг нь хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгаад буй.

Өнгөрсөн сард Төрийн өмчийн бодлого зохицуулалтын дарга Б.Цэнгэл Монголын Хөрөнгийн биржид ажиллах үеэрээ “Төрийн өмчит компаниудын тодорхой хэсгийг олон нийтэд нээлттэй болгох замаар хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь компанийн засаглал, ил тод байдал сайжрах, ашигт ажиллагаа нэмэгдэх зэрэг олон талын үр ашигтай” талаар дурдаж байв.  Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд  “Төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулах зорилгоор тэдгээрийг олон нийтэд нээлттэй компани болгох нь цаг үеэ олсон зайлшгүй асуудал юм. Үүний тулд төрийн өмчит компаниудыг олон нийтэд нээлттэй болох үйл явцыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй, ил тод, шударгаар хийх нь хамгийн оновчтой арга зам юм. Энэ үйл явц нь хөрөнгийн зах зээл төдийгүй улс орны эдийн засагт өндөр ач холбогдолтой байх болно гэсэн юм.

Үнэхээр тэгээд төрийн өмчит компаниудынхаа өнөөгийн явуургүй дүр зургийг сууриар нь өөрчлөх бодлогын өөрчлөлтөө ажил хэрэг болгож чадвал тун хэрэгтэй.  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас өнгөрсөн есдүгээр сард  ТӨК, ТӨҮГ-уудын засаглалыг сайжруулах талаар өгсөн мэдээллээс үзэхэд, 2019 оны эцсийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит 339 компанийн нийт хөрөнгийн дүн 37 их наяд төгрөгт хүрч, 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байдаг. Тэгвэл энэ нийт ашгийн 1.1 их наяд нь Эрдэнэт үйлдвэрээс, 440 тэрбум төгрөг нь Эрдэнэс-Тавантолгой компаниас л олсон ашгаас бүрдсэн байгаа юм.  Харин бусад компаниуд 230 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн тооцоолол бий. Тэгэхээр ашиг биш алдагдал дагуулж ирсэн  компаниудаар зээлийг нь төлүүлнэ гэсэн Ерөнхий сайдын үүрэг ойрын байтугай дунд хугацаанд ч биелэх боломж тааруу харагдаж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.26.156) 2022 оны 03 сарын 05

эНЭ ЭТГЭЭДИЙГ хӨГЖЛИЙН БАНКНЫ , эРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН АСУУДЛААР НАРИЙН ШАЛГАХ ЦАГ БОЛСОН. мӨН АРД ТҮМНИЙГ НАМРЫН ХҮЙТЭНД ХУДЛАА УРИАЛАН ДУУДАЖ СБ-ЫН ТАЛБАЙД ЖАГСААЛ ХИЙЖ БАЙСАН. МӨН АХ ДҮҮ ТӨРЛӨД СӨДӨН НЯМБААТАРТАЙГАА ХАМТ АЖИЛЛАЖ БАЙНА. ЭНЭ ЧИНЬ БОЛОХГҮЙ ҮЙЛДЭЛ БИШ ҮҮ. ЦААШЛААД ТА ЯАГААД Х. бАТТУЛГЫГ ӨӨРӨӨСӨӨ САЛГАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА БЭ. ЭНЭ БҮГДИЙГ АРДУУДАД ИЛ БОЛГООЧ ЭЭ.

0  |  0
АХМАД(202.21.108.31) 2022 оны 03 сарын 04

ЭНЭ ЭДИЙН ЗАСАГ ХӨГЖЛИЙН ЯАМ ГЭСЭН ЧУХАЛ ЯАМНЫ САЙДААР НАЙДАНХҮҮ МИНЖИГДОРЖ BATU CM ГЭСЭН ЧАДВАРЛАГ ЭХ ОРНОО ГЭСЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ БЭЛЭН ТӨСӨЛТЭЙ МЭРГЭЖИЛТЭНҮҮДИЙГ ТАВИХЫН ОРОНД ЯМАРЧ ТӨСӨӨЛӨЛГҮЙ ЦҮНХ БАРИГЧИЙГ ТОМИЛСОНД ХАРАМСӨЖ БАЙНА ШҮҮ.

0  |  0
АХМАД(202.21.108.31) 2022 оны 03 сарын 04

ЭНЭ ЭДИЙН ЗАСАГ ХӨГЖЛИЙН ЯАМ ГЭСЭН ЧУХАЛ ЯАМНЫ САЙДААР НАЙДАНХҮҮ МИНЖИГДОРЖ BATU CM ГЭСЭН ЧАДВАРЛАГ ЭХ ОРНОО ГЭСЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ БЭЛЭН ТӨСӨЛТЭЙ МЭРГЭЖИЛТЭНҮҮДИЙГ ТАВИХЫН ОРОНД ЯМАРЧ ТӨСӨӨЛӨЛГҮЙ ЦҮНХ БАРИГЧИЙГ ТОМИЛСОНД ХАРАМСӨЖ БАЙНА ШҮҮ.

0  |  0
Иргэн(103.212.119.169) 2022 оны 03 сарын 04

Төрийнхөн дээрээсээ эхлээд бүгд л сайхан ярьдаг л байхгүй юу. 30 гаруй жил ярьж байхад итгээд л байдаг үнэн хөөрхий ард түмэн гэж

0  |  0
09(66.181.180.71) 2022 оны 03 сарын 04

Ямарч боломжгүй буруу шийдэлээр ажил хийх гэх энэ бяцхан тархитай ерөнхий сайдаа зайлуулаачээ. Төсөл нь дуусах нь битгий хэл эхлээгүй төслүүдээс буцаан төлөлт хийх үү. Төрийн өмчит компануудын чинь Төрийн банкан дахь өр төлбөр чинь 16.4 ихнаяд болчихоод байна. Хөрсөн дээрээ буух хэрэгтэй ЯДАХДАА

0  |  0
Top