Түр дарга нарын хууль бус үйлдэл

2022 оны 03 сарын 11

Төрийн албаны зөвлөлөөс “Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай” 411 дүгээр тогтоол өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр гарсан. Тогтоолд төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчийг тухайн өдрөөр тасалбар болгон албан үүргээс нь чөлөөлөхийг төрийн байгууллага, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдэд үүрэг болгосон юм.

“Коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хууль”-ийн дагуу 2594 хүнийг төрийн албанд томилсон байдаг. Дээрх тогтоол гарсан өдрөөс хойш өнөөдөр хүртэл 995 хүнийг ажлаас нь чөлөөлж, хууль дүрэмд нийцүүлээд байгаа юм. Дээрх 2594 хүн нь сум, багаас эхлээд агентлаг газар, Төрийн нарийн бичгийн дарга хүртэл ажил албанд томилогдсон юм. Харин тус хуулиар томилогдсон зарим агентлагийн түр орлон гүйцэтгэгчид дураар авирлан хууль дүрэм зөрчсөөр байгааг мэдээлж байна.

Тодотговол, Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Соронзонболд Төрийн албаны зөвлөлөөс өгсөн чиг үүргийн дагуу бол алба хаших эрхгүй юм.

Гэтэл алба хаших нь бүү хэл тэрбээр энэ оны нэгдүгээр сарын 14-нд “Сос медика Монголиа” компанийн эмнэлгийн эмнэлзүйн лабораторид ML18 дугаартай MNS ISO 15189:2015 стандартын шаардлага хангасан тухай итгэмжлэлийн гэрчилгээг хууль бусаар олгожээ.

Түүнчлэн “Сос медика Монголиа”-гийнхан харилцагчдаа хуурч, өөр лабораторид “Ковид-19”-ийн шинжилгээ хийлгэчихээд өөрсдөө хийсэн мэтээр “Гэрэгэ систем”-д хариуг оруулж байгааг уншигчдадаа хүргэсэн аж. Уг нь аливаа итгэмжлэл олгох шийдвэр гаргахдаа ҮИТ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Соронзонболдын баталсан MNAS P 701 Итгэмжлэлийн үйл явцын журамд зааснаар хэд хэдэн дараалал, үе шатаар явагдах ёстой ч хууль зөрчиж байсныг дэлгэсэн байна.

Мөнхүү Стандарт, хэмжил зүйн газрын түр дарга Б.Билгүүн нь өөрөө хууль бусаар ажиллаж байж урьд өмнө хамт ажиллаж байсан О.Оюунтуяаг тус агентлагт батлагдаагүй орон тоон дээр томилон ажиллуулж байсан нь Төрийн албаны зөвлөлийн шалгалтаар тогтоогдон ажлаас нь чөлөөлж байжээ.

Гэтэл Б.Билгүүн түр дарга Стандарт хэмжил зүйн газарт бүтцийн өөрчлөлт хийх нэрээр ойрын танилдаа “зориулан” Санхүүгийн хэлтэс байгуулж байсан гэхээр аргагүй том толгойтой түр дарга гэдэг нь харагдана. Ингээд зогсохгүй хууль зөрчин орж ирсэн найз О.Оюунтуяагаа “Цар тахлын хууль” нэрийн дор хэлтсийн даргаар дэвшүүлэн томилсон гэх мэт хууль бус зүйл байгааг Төрийн албаны зөвлөл анхаарч, хууль дүрэмд нийцүүлэх байх хэмээн салбарынхан нь найдаж сууна.

Дээрх хоёр түр даргын хувьд аль аль нь хугацаа хэтэрч, улмаар Төрийн албаны зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу чөлөөлөгдсөн байх ёстой ч ийнхүү төрийн албыг хаших төдийгүй хууль зөрчиж байгааг хаа хаанаа анхаарах цаг нь болжээ. 

С.БАЯР

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top