Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтаму би !
Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!
Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрvvлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл мину! хэмээн Бямбын Ренчин гуай "Монгол хэл" шүлгээ монгол бичгээрээ бичин үлдээжээ. Монголчуудын түүхэнд хамгийн урт удаан хугацаанд хэрэглэгдэж түүх, соёл, уламжлал, ёс заншлыг маань бидний амьдарч буй эрин хүртэл тээж авч ирсэн оюуны үнэт өв Монгол бичгээ энэ сарын нэгнээс эхлэн төрийн албан ёсны бичиг болгох тухай Ерөнхийлөгчийн зарлиг түрүү жилийн 7-р сарын 6-ны өдөр гарч байсан билээ. Зарлигт Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байх, Иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээнд кирилл болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийж байх заалт орсон байна.
Үүнтэй холбоотойгоор «Монгол туургатны өдрүүд» гэсэн өдөрлөгийн үеэр «Монгол бичгийн өдөр»-ийг зохион байгуулах гэж байна. Энэ өдөр төв талбайн ойр орчмыг монгол бичээсээр чимж, гэр барьж Улсын архивын газар, Үндэсний номын сангаас монгол бичгийн сан хөмрөг, дурсгалт бичиг, ном судраас бүрдсэн сонирхолтой үзэсгэлэн гаргаж, «Монгол бичиг» сэдвээр зарласан яруу найргийн наадмын уралдааны шилдэг бүтээлийг сонордуулж, монгол бичгээ нийтээр хэрэглэх тухай уриалга гаргах, хүний нэрийг зөв бичиж өгөх, монгол бичгийг цахим техникээр хэрхэн бичих хэрэглэхийг зааж өгөх зэрэг олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулах юм.
Дашрамд дурьдахад Монгол бичиг нь 12-р зуунаас Монгол хэлэнд хэрэглэгдэх болсон бичиг юм. Босоо бичиг, хуучин монгол бичиг, худам монгол бичиг, уйгуржин бичиг гэж олон янзаар нэрлэдэг.Чингис хаан Найман аймгийг довтлон нэгтгэсний дараа тус аймагт хэрэглэгдэж байсан уйгаржин бичгийг авч, албан ёсны бичиг болгосон хэмээн Монголын нууц товчоонд дурьддаг. Монгол хэлээр бичигдсэн уйгаржин бичгийн анхны дурсгал нь 13-р зуунд урласан Чингисийн чулууны бичиг юм. Уйгаржин бичиг нь Сири үсгээс гаралтай бөгөөд Согдуудаар дамжин Уйгар, Монголд нэвтэрсэн гэж судлаачид үздэг. Уг бичиг нь зөвхөн босоо чиглэлд бичдэгээрээ онцлог. Мөн үгийн эхэн дунд адагт буй үсгийн хэлбэр бага сага ялгаатай байдаг. Монгол бичиг нь Баруун Монголын ойрад аялгуунд тулгуурласан тод бичиг, буриад аялгуунд ойртуулсан вагиндрагийн үсэг гэх мэт хэд хэдэн хувилбартай. Мөн Аюуш гүүшийн зохиосон галиг үсэг уйгаржин үсгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж, уг үсгээр олон монгол хэлнээс гадна төвд, самгарди, хятад хэлний үгийг тэмдэглэх өргөн боломж нээгдсэн юм.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )