Ураг төрлийн хүчирхийллийг илрүүлэх тун хэцүү

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 05

Сүүлийн жилүүдэд хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэг их гарах болсон бөгөөд ялангуяа ураг төрлийн хүрээн дэх хүчин ихсэж байна. Ураг төрлийн хүчин гэдэг нь хохирогчийн ойр дотны хүн болох төрөл садны холбоотой хэн нэгэн этгээд гэр бүлийн гишүүдийн итгэлцэлт харилцаагаар халхавчлан өөрийн эрх мэдэл, хүч чадлын давуу байдлыг ашиглаж хохирогчийг бэлгийн харилцаанд оруулах, эсвэл оруулахаар завдах, бэлгийн дур хүслээ хангах хэрэгсэл мэт үзэх, садар самуунд уруу татах зэрэг хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм. Ураг төрлийн хүчин нь бэлгийн хүчирхийллийн хамгийн нуугдмал, ноцтой хэлбэрт тооцогддог аж.
Ийм төрлийн гэмт хэрэг дэлхий даяар өсөн нэмэгдэж байгаа бөгөөд үүнд сэтгэл судлаачид янз бүрийн тайлбар хийдэг байна. Тухайлбал, энэ нь бусдаас ямар нэгэн байдлаар ялгарах гэсэн нууц хүслээ илэрхийлэх гэсэн оролдлого, эсвэл бэлгийн харилцааны хувьд гаж донтой этгээдүүд үе тэнгийнхээ эсрэг хүйстнээсээ ханамж авч чадахаа больсон, эсвэл дарагдашгүй их тачаалаа хангах өөр гарцыг эрж хайсан, ээжтэй нь төдийгүй охинтой нь ийм харилцаанд орж «ялалт байгуулах» гэсэн зэрэг янз бүрийн этгээд хүслийн улмаас энэ хэргийг үйлдэх болжээ.
Нөгөөтэйгүүр ялангуяа Зүүн өмнөд Азийн Тайланд, Индонез зэрэг улсдад бага насны охидын янханчлал ихээхэн дэлгэрснээс тийшээ зорих барууны «секс жуулчдын» тоо толгой жилээс жилд өссөөр байгаа нь ийм төрлийн гаж сексэд эрчүүдийг ямар нэг хэмжээгээр өдөөн дуудаж байдаг гэж хэлж болно.
Энэ төрлийн гэмт хэрэг нь нуугдмал  байх олон шалтгаантай байдаг. Энэ нь гэр бүл доторх гишүүдийн хооронд үйлдэгддэг, гэмт этгээд хохирогчийг ганц бэлгийн хүчирхийлэлд байлгах төдийгүй сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодийн байнгын дарамтанд байлгаж, биелэгдэх өндөр магадлалтай заналхийллийн дор шууд хамаарал, хяналтандаа оруулсан байдаг аж. Мөн хохирогчийн гэр бүлийн гишүүн буюу эцэг, ах, нагац авга нар, өвөө эсвэл гэр бүлийн гишүүн болсон хойд болон үрчилсэн эцэг, тэдний төрөл садан гэх мэт цусан болон садан төрлийн холбоотой, өөрөөс нь эрх мэдлийн хувьд илт давуутай хүн байдаг учраас гэх мэт.
Уг гэмт хэрэгт өртсөн 10 хохирогч тутмын 80 хувийг 9-13 насны буюу «бага насны охид» эзэлж байна. Тэдний 20 хувь нь ээжийнхээ хамтран амьдрагчид, 30 хувь нь төрсөн эцэгтээ, 40 хувь нь авга ахдаа, 10 хувь нь нагац эгчийнхээ хамтран амьдрагчидтус тус хүчиндүүлсэн байдаг гэнэ. Охид өөрсдийг нь хүчирхийлсэн гэр бүлийнхээ гишүүнийг илчлэхээс эмээх, ичгэвэрт байдалд орохоосоо айснаас байдлыг нууцалдаг тул хэрэгтэнд урт удаан хугацааны турш энэ үйлдлээ дахин давтан үргэлжлүүлж, бэлгийн гаж таашаалаа хангах боломжийг олгож байдаг ажээ. Тухайлбал нийт хохирогчдын 80 хувь нь 1-5 жилийн турш бэлгийн хүчирхийлэлд өртөж буйгаа нууцалсаар ирсэн байж.
«Би уг нь энэ асуудлыг нуугаад өнгөрөөе гэж бодсон юм. Яагаад гэвэл би аавдаа хайртай. Гэхдээ тэр намайг хичээл сургуульд ч явуулахгүй байнга уурлаж байдаг. Сүүлийн үед ээж, ах дүу нарыг минь аймаар зоддог, бүүр алахаас ч буцахгүй болсон» хэмээн нэгэн охин мэдүүлэгтээ дурджээ. Энэ мэтээр хохирогч өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ амь насанд бодит аюул тулгарсан үед л тусламж эрэн мэдээлдэг байна. Гэмт хэрэгтэн бага насны хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж өөрийн эрхшээлдээ байлгахын тулд хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, хэрэг үйлдсэнийхээ дараа хариуцлага хүлээхгүйн тулд ямар нэгэн зүйл / бэлэг сэлт/ авч өгөхөөр амлах, «бидний нууц» хэмээн үнэмшүүлэх, хууран мэхлэх аргыг ашигласан байдаг. Тиймээс энэ гэмт хэрэгт өртсөн хүүхэд удаан үргэлжилсэн хүчирхийллийн харилцаа улам даамжирч, өөрийнх нь болон гэр бүлийн бусад гишүүдийн амь нас эрсдэлд орж болзошгүй болсон тэр үед л бусдаас тусламж хүсдэг.
Ураг төрлийн хүчингийн гэмт хэргийн хохирогчдын дийлэнх буюу 62.5 хувь уг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5-8 жилийн дараа хуулийн байгууллагад ханджээ. Хохирогч нар албан бус дэмжлэг авахаар гэмт этгээдийн болон өөрийн ойр дотны хамаатан садангуудад хандаж, удаа дараалан бүтэлгүйтсэний эцэст албан ёсны дэмжлэг авахаар төрийн болон төрийн бус байгууллагад ханддаг. Ийм төрлийн гэмт хэргийн хохирогч өөрийгөө ичгэвтэр байдалд оруулахаас болон ураг төрлийн холбоо, гэр бүлийнхээ нэр төрийг сэвтээхээс эмээдэг болох нь олон улсад явуулсан судалгаагаар ч давхар нотлогдсон байдаг гэнэ.
Энэ талаар бид Хүчирхийллийн эсрэг газрын үйлчилгээний менежер Д. Хүрэлцэцэгтэй ярилцлаа.
-Сүүлийн үед бага насны охид бэлгийн хүчирхийлэлд өртөх нь их байна. Энэ талаар ярилцах уу?
- Тийм ээ, ер нь харьцангуй ихсэж, жилээс жилдөсөн нэмэгдэж байгаа. Энэ оны эхний улиралд л гэхэд Цагдаагийн ерөнхий газарт 40 тохиолдол бүртгэгдээд байна. Энэ бол нийгмийн гэмт хэрэг юм.

-Хүчирхийлэлд хэдэн насны охид голдуу өртөж байна вэ?
-Хамгийн бага нь 3 настай болон түүнээс дээш насны хүүхдүүд өртдөг.
 
-Энэ гэмт хэргийг ойр дотны хүмүүс нь үйлддэг үү? Эсвэл хөндлөнгийн этгээд үйлддэг үү?
Ихэвчлэн төрсөн аав, ах, өвөө болон хойд эцэг нь буруутан байдаг.  Үүнийг ураг төрийн холбоотой хүчирхийллэл гэнэ.

-Ийм хэргийг үйлдсэн этгээдүүд ямар нэгэн сэтгэцийн өөрчлөлттэй байдаг уу?
-Үгүй ээ. Эдгээр хүмүүс нь сэтгэцийн хувьд яма рнэгэн өөрчлөлтгүй эрүүл хүмүүс. Шүүхээр шийдвэрлэж байгаа хэргүүд дээр сэтгэцийн шинжилгээ хийлгэдэг. Тэгэхэд 90 хувь нь “цоо эрүүл” гэж гардаг. Хүчингийн гэмт хэргээ үйлдэхдээ хаана, хэзээ үйлдэх вэ гэдгээ тун нарийн төлөвлөсөн байдаг учраас  тэр хүн эрүүл ухаанаар бодож тунгааж байна л гэсэн үг. 

-Энэ хүмүүст ямар ял шийтгэл оногдуулдаг вэ?
-Энэ тухайд манай харьцангуй хатуу шийтгэж байгаа. Энэ нь ч зөв гэж боддог. Бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд оруулсан тохиолдолд 25 жил болон түүнээс дээш цаазаар авах хүртэл ял оноодог. Гэхдээ ураг төрлийн хүчингийн гэмт хэргийн хувьд ял шийтгэл нь харьцангуй зөөлөн тусдаг. Учир нь нэгдүгээрт, хүчирхийлэл үйлдэгч гэр нь зарим тохиолдолд тэр айл өрхийг эдийн засгийн хувьд авч явдаг хүн учраас нуун дарагдуулах тохиолдол ч гардаг. Хохирогч нь өөрөө бага насны хүүхэд учраас ямар ч мэдлэг мэдээлэлгүй, өөрийгөө гэмт хэргийн золиос, хохирогч болж байгаагаа ч сайтар ухаараагүй байх нь олонтаа. Тиймээс холбогдох байгууллагууд, Хүчирхийлэлийн эсрэг төв болон цагдаагийн газарт хандалгүй 3-5 жилийн хугацаа өнгөрөөсөн байх нь ч элбэг. Харин ээж эгч болон ойрын бусад хүмүүс нь олж илрүүлсэн тохиолдолд манайд хандаж сэтгэл зүйн зөвлөгөө болон үүнээс хэрхэн гарах талаар бусад шаардлагатай зөвлөгөө, туслалцааг авдаг.

-Хохирогчид танай төвд хэр их хандаж байна вэ? хамгийн сүүлийн мэдээллээс дурдахгүй юу?
-Харин ч сүүлийн үед манайд харьцангуй их хандах боллоо. Энэ нь хэвлэл мэдээллээр, тухайлбал зарим телевизийн сувгаар энэ төрлийн гэмт хэргийн талаар, түүнтэй хэрхэн тэмцэх талаар тусгай нэвтрүүлэг, анхааруулга цацагдах болсонтой холбоотой гэж үзэж байна. Хамгийн сүүлийн мэдээлэл гэвэл 3 настай хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай манай төвд мэдэгдсэн байгаа.

-Бэлгийн хүчирхийлэлд бага насны охид их өртдөг. Харин эрэгтэй хүүхдүүдийн хувьд өртөх нь хэр бол?
-Голцуу охидууд өртдөг нь үнэн. Гэхдээ хөвгүүдийн хувьд харьцангуй бага ч гэсэи хүчирхийлэлд өртөх явдал гардаг л даа. Харин эрэгтэй хүүхдийг хүчирхийлсэн этгээдийг «бага насны хүүхдийг ёс бус зүйлд уруу татсан» хэмээх зүйл ангиар шийтгэдэг учир ял нь хөнгөн байдаг.

-Хүчингийн гэмт хэргийг хэрхэн илрүүлж байна вэ?
-Ер нь ийм төрлийн хэргийг илрүүлнэ гэдэг тун хэцүү л дээ. Учир нь энэ гэмт хэрэг нууц, гэрчгүй байдалд, нүднээс далд зөвхөн гэр бүлийн дотор үйлдэгддэг, тэгээд ч ам бүл дотор болдог тул илрүүлэхэд бэрхшээлтэй. Ихэнх тохиолдолд насанд хүрсэн иргэд өөрсдөө бидэнд ханддаг. Тухайн хүүхэд том болсон хойноо юм уу, эсвэл ойр дотных нь хүн мэдээлдэг.

Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top