Үндсэн хуульд өөрчлөлт оруулах САНАА байвч САЧИЙ нь хүрэх үү!

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 22

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганыг нээж үг хэлэхдээ “Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд сонгуулийн тогтолцооны олон хувилбаруудаас Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой, ард түмний төлөөлөх чадамжийг хангасан тогтолцоог сонгон хэрэглэх нь парламентын төлөвшил, төгөлдөршил, намуудын төлөвшил, ардчилсан засаглалын ирээдүй, Монгол Улсын эрх ашигт гарцаагүй чухал гэдгийг бодолцож, шийдэл гаргах цаг болсон.

Маргаан дагуулдаг өөр нэг асуудал бол парламентын гишүүдийн тооны тухай яриа юм. Үндсэн хуулийг баталж байх 1992 онд манай улс 2.1 сая иргэнтэй байсан бол одоо 3.4 сая иргэнтэй болсон байна. Гучин жилийн өмнө нэг гишүүн 27.6 мянган хүнийг төлөөлж байж. Одоо нэг гишүүнд 44.7 мянган иргэн ногдож байна. Даруй 1.6 дахин өссөн гэсэн үг. Энэ хэрээр төлөөлийн чадамж суларсан байна. Тиймээс сайжруулах, эргэж харах цаг болсон гэдгийг Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр улс төрийн намуудын саяханы зөвлөгөөнөөр улс төрийн намууд санал нэгтэйгээр гаргасныг энд онцлон тэмдэглэж байна” гэдгийг тэмдэглэсэн. 

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог тогтолцоог нэвтрүүлэх зэрэг асуудлыг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэх зорилго энэ парламентад бий. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уу гэдэг асуултад дараах хариултыг өглөө.

Тэрбээр “УИХ өөрөө, тэр дундаа 57-оос дээш босготой тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрх байгаа. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал санааны зоргоор болдог асуудал биш. Энэ бол ард түмний дэмжлэг, улстөрийн намуудын зөвшилцөл, парламентын доторх болон парламентын гаднах намуудын байр суурь, улстөр судлаач эрдэмтдийн зөвшилцөл, ойлголцлын хүрээнд Үндсэн хуульд өөрчлөлт орно.  

Нөгөө талаас бид 2008 онд баталсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж маш хатуу хууль бий. Уг хуулийг мөрдөнө. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал бол тийм ч хурдан явдаг асуудал биш. Сонгодог парламентын тогтолцоонд оруулах асуудал байгаа. Энэ тухай байнга яригддаг асуудал” гэлээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top