Монгол Улсын Үндсэн хууль бол тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний баталгаа. Үндсэн хуульд тусгасан эрх мэдэл хоорондын хяналт-тэнцэл нь хүний эрхийг хангахад чиглэсэн гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцлоод иргэдэд Үндсэн хуулиа хүндэтгэн дээдэлж, таньж мэдэх, сурталчлан таниулахад манлайлан оролцсон оюутан залууст баяр хүргэв.
Тэрбээр, манай улсын ирээдүйг бүтээх хойч үеийнхэн Үндсэн хуулиа сайтар ойлгон мэдэж, өдөр бүрийн амьдралдаа мөрдлөг болгож явахын сацуу Үндсэн хуулиар тунхагласан төрийн тогтолцоо, ардчиллын зарчим, хүний эрх, эрх чөлөөг бүрнээ батлан сахиулах үйл хэрэгт өөрсдөө идэвхтэй оролцох учиртай. Үндсэн хуулиа хүндэтгэн дээдэлж, танин мэдэж, судалж сурталчлах зорилгоор бүтээсэн шинэлэг контентууд нь ард иргэдийн Үндсэн хуулийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр болохыг тэмдэглээд цаашид хуулийг сурталчлан таниулах ажлаа үргэлжлүүлэхийг залууст уриалсан юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар бүлэгт төрийн эрх мэдэл хуваарилалтыг тодорхойлж, төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх ардчиллын суурь зарчмыг тусгасан. Харин 2 дугаар бүлэгт хүний эрх, эрх чөлөөг хангах 60 эрхийг тунхагласан.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Улсын Их Хурлын Тамгын газраас ардчилсан тогтолцоонд парламент ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг цогц, системтэй ойлгуулахаас гадна парламент үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төлөөллийг хангасан, ил тод, үр нөлөөтэй байх нь ямар чухал болохыг хүүхэд, залуучууд, олон нийтэд тайлбарлан сурталчлах зорилготой “Парламентын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Өсвөрийн парламент” дэд хөтөлбөр хэрэгждэг. Өсвөр насны багачуудаасаа эхлээд нийт иргэд нь төрийг удирдах үйл хэрэгт эрх тэгш оролцох учиртай. Үүнийг Монгол Улсын Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж томьёолсон. Хууль тогтоох үйл ажиллагаанд хүүхэд, залуусыг оролцуулахын тулд парламентын болон эрх зүйн боловсрол олгох зайлшгүй шаардлага тулгарч байна. “Өсвөрийн парламент”, “Парламентын боловсрол” хөтөлбөрүүд үүнд тус болно гэдэгт итгэлтэй байдаг. “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэн сайн таниулах вэ?” цахим хакатон тэмцээний зохион байгуулагч, оролцогчидтой хамтран ажиллах боломж бий” хэмээгээд ирэх даваа гарагт болох “Үндсэн хуулийн мэдлэг” уулзалтад оролцохыг урив.
“Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэн сайн таниулах вэ?” цахим хакатон тэмцээнийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн болон Азийн сангийн хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан байна. Тэмцээнд 7 их, дээд сургуулийн 19 багаас нийт 27 бүтээл ирүүлжээ.
Багууд 72 цагийн хугацаанд 2019 оны Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдийн давуу болон сул талыг харьцуулалтын аргаар дуу хөгжим, ярилцлага, видео тайлбар контент болон цахим хуудас бүтээж өрсөлдсөн байна. Тэмцээний тэргүүн байрт Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн “Кэнпо” багийн “Үндсэн хуулийн 48.1” бүтээл шалгарчээ.
Уулзалтад Улсын Их Хурлын даргын зөвлөх О.Номинчимэг, АНУ-ын ОУХА-ийн Монгол дахь захирлын үүрэг гүйцэтгэгч Стивэн Винкэйтс, Азийн сангийн төслийн мэргэжилтэн О.Намуун, БНОУ-гийн хөтөлбөрийн ахлах менежер Б.Бөрт-Үжин болон албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )