УИХ 2021 оны намрын ээлжит чуулганаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталж, эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, эдийн засийн сэргэлтийг эрчимжүүлж, өсөлтийг хурдасгах суурь нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Засгийн газраас 2022 онд үе шаттайгаар өргөн мэдүүлэх хуулийн төслүүдийн жагсаалтад Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тавдугаар сард Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн байгаа аж.
Тус төслийг 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа юм байна.
Мөн улсын хөрөнгө оруулалтын бодлого бодитой хэрэгжих, эдийн засгийн өсөлтийг хангах, стратегийн мега төслүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг тодорхой болгох, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг шинэчлэн батлах” тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа.
Цаашид хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, чанартай хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зарчмын хувьд хуулийн этгээдийн аль ч хэлбэрээр аливаа төрлийн эдийн засгийн үйл ажиллагааг эрхлэх нөхцөлийг бүрдүүлэхээр Засгийн газар зорин ажиллаж, энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж байгаа тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу хуулийн төслийг татан авч буйгаа нэр бүхий гишүүдийн албан бичигт дурджээ. Уг албан бичгийн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан байна.
Мөн чуулганаар ҮХЦ-ийн энэ оны нэгдүгээр дүгнэлтийг хэлэлцжээ. ҮХЦ 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсгийн "Шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", 2 дахь хэсэгт "Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна", Арван зургаадугаар зүйлийн 4 дэх заалтад "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ... эрхтэй. ..." гэж заасанд тус тус нийцсэн байна хэмээн дүгнэлт гаргасан байна.
Харин чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханд хандан “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг нээх болон “Монгол мал-II” арга хэмжээний хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсжээ.
Энэ талаар салбарын сайд З.Мэндсайхан мэдээлэл хийсэн байна. "Монгол мал-II" арга хэмжээний төлөвлөгөөг салбарын дунд болон урт хугацааны бодлогын баримт бичигтэй уялдуулан боловсруулсан аж. Мөн аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаагаар дамжуулан зургаан аймагт 1.9 сая га орон нутгийн тусгай хэрэгцээний отрын нөөц нутаг байгуулах, хил заагийг тодорхойлж газрын нэгдсэн мэдээллийн санд оруулж, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл аймгуудад отрын нөөц нутгийг бий болгох ажлыг зохион байгуулсан. Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд 2021 онд 8.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр инженерийн хийцтэй 466 худаг, 189 гар худаг барьж байгуулан ашиглалтад оруулснаар 850.2 мянган га бэлчээр, 2708 малчин өрх, 1.5 сая толгой мал сүргийг усаар хангах боломжийг бүрдүүлсэн байна.
Мал өвөлжилт 2020 онд хүндэрсэнтэй холбогдуулан зуншлага муу болсон 10 аймагт өвс, тэжээлийн аюулгүй нөөц бэлтгэхэд шаардагдах хөрөнгө гаргуулсан. Мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвсийг импортын Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн дагуу өвс, тэжээл импортлох 26 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж 90.2 мянган тонн өвс, тэжээлийг импортлох ажлыг зохион байгуулжээ. Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгийн малчин өрх бүрт, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумдын малчин өрхөд 300.0 мянган төгрөгийн үнэ бүхий тэжээл олгосон. Мөн “Мал аж ахуйн салбарын хаваржилтын хүндрэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 110 дугаар тогтоолын дагуу малчин өрх бүрт 100,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ онцолжээ.
Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүдийн зүгээс малыг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлын явц, авч буй арга хэмжээний талаар болон малын түүхий эд боловсруулах цогцолбор ашиглалтад орох хүртэл үнэгүйдээд байгаа малын арьс шир, түүхий эдийн талаар салбарын яамнаас бодлогын зохицуулалт хийж байгаа эсэхийг илүүтэй лавласан байна. Эдгээр асуултад салбарын сайд “Жилд дунджаар 10 орчим мянган тонн ноолуур, 45 мянган тонн ноос, 15-17 сая арьс ширний нөөц гардаг. Дотоодын үйлдвэрүүд хэдийгээр боловсруулалт хийж байгаа ч хангалттай түвшинд хүрээгүй тул Засгийн газраас тодорхой дэмжлэг үзүүлж байгаа.
Ноолуурын салбарт жилд ойролцоогоор гурван хувийн хүүтэй 100-150 тэрбум төгрөгийн зээлийг тогтмол гаргадаг. Энэ жил хөдөө аж ахуйн 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гаргасан бөгөөд нэмж арьс, ширний үйлдвэрүүдэд 15, ноосны салбарт 25 буюу нийтдээ 40 тэрбум төгрөгийг мал аж ахуйн салбарын түүхий эдийн бэлтгэл, боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор гаргасан” хэмээн хариулжээ.
М.ЗУЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )