Газрын тосны үйлдвэрийн ГАЦСАН тендерийг яаралтай шийдвэрлэнэ гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 02

БНЭУ-ын 1 тэрбум 236 сая ам.долларын зээлээр барьж буй Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцад тээвэр ложистикийн гацаа, үнийн өсөлт зэрэг асуудлууд эрсдэл үүсгээд буй талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл энэ долоо хоногт Шадар сайд С.Амарсайхан БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон БНЭУ-ын ЭКСИМ банк, “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн Менежментийн зөвлөх компанийн удирдлагуудтай  уулзаж төсөл хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй зарим асуудлаар санал солилцлоо.

Элчин сайд М.П.Сингх бараа материал болон тээврийн үнийн өсөлтөөс шалтгаалан дараагийн шатны ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах ажил саатаад буй. Иймд БНЭУ-ын Засгийн газраас томилогдон ирж, тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх гарц олохоор уулзаж байна гэсэн юм.

Уулзалтын үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Манай хоёр улсын хооронд хэрэгжүүлж буй түүхэн төслийн ажил товлосон хугацаанд дуусна гэдэгт итгэлтэй байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа. Иймд  тулгамдаад буй дараагийн шатны ажлын тендер сонгон шалгаруулах ажлыг яаралтай шийдвэрлэж, төслийг  хугацаа алдалгүй үргэлжлүүлэх саналтай байна" хэмээв.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн зөвлөх “Engineers India Limited” компанийн гүйцэтгэх захирал Вартика Шукла “Сүүлийн саруудад 2 улсын Засгийн газраас шалтгаалахгүйгээр төслийн ажлын дараагийн шатны сонгон шалгаруулалтад асуудал үүссэнийг бид ойлгож байна. Иймд нэн тэргүүнд тендерийн сонгон шалгаруулалтад оролцож буй компаниудын үнийн дүнг бууруулах болон бусад гарц шийдлийг олох нь чухал" гэлээ.

Шадар сайд С.Амарсайхан “Манай хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй уг төсөлд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарал хандуулж,  Төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах өндөр итгэлийг бидэнд хүлээлгэсэн. Иймд тулгамдаад буй тендер сонгон шалгаруулах ажлыг яаралтай шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Үүнд болзошгүй эрсдэл, зардлын тооцоог нарийн гаргаж, Монгол Улсад байгаа хүн хүч, бараа материалыг аль болох түлхүү ашиглах тал дээр анхаарах нь зүйтэй" хэмээгээд дахин уулзаж,  БНЭУ-ын талаас шийдвэрлэх асуудлыг хэлэлцэхээр тогтсон юм.

Сануулахад, УУХҮЯ-наас  Газрын тосны үйлдвэрийн барилгын ажлын явцын талаар энэ оны нэгдүгээр сард мэдээлэл өгөхдөө:

Төслийн лицензгүй технологийн байгууламжийн ажил /EPC-2/-ын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2021 оны 12 дугаар сарын 30-нд хүлээн авч үнэлгээний ажил хийж эхлээд байна. Тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлэх, инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх сонирхолтой компанийг сонгон шалгаруулалтын тендерийг 2021 оны аравдугаар сарын 23-ны өдөр хүлээн авч тендерт шалгарсан компанитай байгуулах гэрээний төслийг боловсруулж байна гэж байсан юм. Тэгвэл одоо 2022 оны дөрөвдүгээр сар гарчихаад байхад, тендер гацсан байдалтай байгаа юм. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR RUH(197.210.71.164) 2022 оны 04 сарын 03

Олон жил ядуу амьдарч байгаад нэг бөөрөө 460,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?\nРаж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

0  |  1
Top