Тахлын сүүдэр сарнихын цагт мандаад өгнө өө гээд цээжээ дэлдэж байх хооронд хоёр талаас шанаа туллаа. Хойд тал крантаа, урд тал хаалгаа барихад л хээр талдаа хөлөө жийгээд сууна гэдгийг өнгөрсөн хоёр жил хангалттай харууллаа. Нэгэнт урд, хойд талаасаа хараат учраас цэнхэр өнгийн туг зоож, улаан өнгийн туг намирсан ч алсыг харсан бодлогогүй бол урагш алхахгүй гэдэг нь тодорхой. Уг нь бид түүхий эдийн үнийн өсөлтөөс ашиг олж болох байлаа. Гэтэл урд хил хаалттай учраас ашиг хүртэж чадсангүй. Уг нь бид төрийн оролцоог багасгаад шатахууны үнийг чөлөөлөөд зах зээлийн зарчмаараа явна гэж санасан. Гэвч геополитикийн “тоглоом”-оос болоод шатахууны үнэ өсөх дээрээ тулав. Бүр цаашлаад валютын нөөцөд ч нөлөөлсөн. Хоёр талаас шанаа хүртсэн бид ер нь хаа хүрэх вэ...
ЭХНИЙ ШАНАА: УРД ХААЛГА ХААГДАВ
Урд хөршид цар тахал анхлан дэгдсэн ч дэлхий дахиныг хамраад тахлын хэмжээнд хүрч байхад тэд халдварыг тогтоон барьж чадсан. Тиймдээ ч дотоодын халдварыг нэмэгдүүлэхгүй байх үүднээс хатуу хөл хорио, хилийн хориг тавьсаар 2022 онтой золгосон билээ. Нөлөөлөл нь манайд хүчтэй туссан. Урд хөршөөсөө экспортын 80 гаруй хувийн хамааралтай байдаг манайх шиг улсад хүнд тусахаас өөр аргагүй. БНХАУ-аас 20-оос дээш хувийн экспортын хамааралтай таван улс байдгийн нэг нь Монгол Улс. Үлдсэн дөрөв нь Туркмен, Мали, Гамби, Соломоны арлууд гэх улсууд байна. Өдгөө бэлэн гоймон цаашлаад зүү утас, бичгийн цаас хүртэл хомсдоод байгаагийн гол шалтгаан нь урд хаалгатай холбоотой. Түүнийгээ дагаад бараа бүтээгдэхүүний үнэ ч тэнгэрт хадав. Хэрэглээний үнэ /инфляц/-ийн 40-өөс илүү хувийг импортын бараа бүрдүүлдэг. Нэг ёсондоо манай инфляц хувь иргэний хэрэглээн дээр тогтдог гэсэн үг. Өнгөрсөн хоёрдугаар сарын статистик мэдээллийг аваад үзвэл мах махан бүтээгдэхүүний үнэ өмнөх жилийнхээс 16.6 хувь, шатахууны үен 48.2 хувь, жимс, жимсгэнэ, цагаан будаа, цайны газрын хоолны үнэ 30.7 хувиар өсжээ.
БНХАУ урд “хаалгаа” нээж хаагаад байсны гол шалтгаан нь өвлийн олимптой холбоотой байсан. Өвлийн олимпыг ковид-19 халдваргүй угтахаар зорьж байсан учраас хилээ хааж байлаа. Гэсэн ч олимпын үеэр халдварын тохиолдол эрс нэмэгдэж, олимпын дараа халдварын тохиолдол цар тахал дэгдэж байснаас хойш анх удаагаа 3000-аас давсан. Одоо ч халдварын тохиолдол 1000-аас буурахгүй байна. Томоохон хотуудад халдварын тохиолдол нэмэгдэж байгаа учраас хатуу хөл хорионы дэглэм тогтоож, хилийн нэвтрэлт дээрээ ч хатуу арга хэмжээ авах нь дамжиггүй.
Цар тахал хэдийгээр сүүдэр тусгасан ч түүхий эдийн үнийн өсөлтөд нөлөөлсөн. Даанч монголчууд түүхий эдийн үнийн өсөлтийг өөрсдөд ашигтайгаар эргүүлж чадсангүй. Үүнийг батлах нэгэн баримт бий. Он гарснаас хойш эхний хоёр сарын байдлаар экспортын 94 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Гэсэн ч энэ нь өмнөх оныхоос 11.6 хувиар буурсан үзүүлэлт. Нэг ёсондоо 154 сая ам.доллароор манай экспорт буурчээ. Ингэж буурахад төмрийн хүдэр, баяжмалын эксорт буурсан нь голлох нөлөө үзүүлсэн. Үүнээс уншигч та урд хөршийн хаалга бол манай экспорт юм байна, тэр дундаа уул уурхай юм байна гэдгийг харсан байх. Хилээ хааж, нээж байх хооронд хилийн үнэ хоёр сар дарааллан буурчээ.
УДААХ ШАНАА: ДАЙНЫ УТААТАЙ ХОЙД ХААЛГА
Цар тахал дуусаад мандан бадарна гэж бид тооцоолж байв. Бид ч биш дэлхий даяар ингэж тооцоолж байсан. Гэтэл хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ Украины газар нутаг цэргийн ажиллагаа зохион байгуулсан ч урьдчилж тооцоолж үл чадах томоохон хямралын ирмэг дээр аваачсан билээ. Ялангуяа Европын холбоонд эдийн засгийн шинж чанараараа маш хүнд нөлөөлж байна. ОХУ-аас эрчим хүч, байгалийн хий нийлүүлж ирсэн Европын холбооны гишүүн орнуудын инфляц 7.5 хувьд хүрч өмнөх сараас даруй хоёр хувиар нэмэгджээ. Энэ бол сүүлийн 25 жилд байгаагүй тааруу үзүүлэлт. Дайны сүүдэр европ тивд нөлөөлдөг юм байж. Монгол Улсад хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Монгол Улсад шууд биш юм аа гэхэд дам байдлаараа сөргөөр нөлөөлөх эрсдэл хангалттай үүсчихлээ. Тухайлбал, АНУ болон Европын холбоо ОХУ-д худалдаа эдийн засгийн багц хориг тавьсан.
Дэлхийн түүхэнд өмнө нь нэг улсад хэзээ ч ийм их хэмжээний хориг тавьж байгаагүй. Ялангуяа олон улсын төлбөр тооцооны системийн SWIF сүлжээ, мастер болон виза картууд, Олон улсын агаарын тээврийн холбоо, Худалдааны байгууллагууд янз бүрийн хориг арга хэмжээ тавьсаар байна. Монголчууд бид дээрх олон улсын сүлжээнд гишүүнээр элссэн учраас цаашид ямар хэлбэрээр эдийн засгийн харилцаагаа үргэлжлүүлэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Бид ОХУ-аас эрчим хүч, шатахууны импортын шууд хамааралтай байдаг улс.
Он гарснаас хойш эхний хоёр сарын байдлаар 55 сая ам.долларын авто бензин, 18 сая ам.долларын дизелийн түлш импортолсон гэх судалгаа байна. Олон улсын шинжээчид ойрын хугацаанд бензин шатахууны үнэ 50-60 хувиар өснө гэсэн тооцоолол гаргажээ. АНУ-ын зарим муж, Герман улсад шатахууны хомсдол хэдийнээ нүүрлээд эхэлсэн. Монгол, Орос улсууд хоёр талын гэрээ хэлцлийн дагуу нийлүүлэгдэх ч рублиэр нийлүүлэх үү, ам.доллароор нийлүүлэх үү гэдэг асуулт гарч ирнэ. Хэрэв ам.доллароор нийлүүлбэл Европын холбоо нэмэлт хориг тавихаас гадна, бусад арга хэмжээ авна.
Орос-Украины цэргийн ажиллагаа чухам хэзээ дуусах нь тодорхойгүй. Тийм ч учраас улс орнууд цаашид хэрхэн харилцах вэ, гадаад бодлогоо хэрхэн тогтоох вэ гэдэг дээр анхаарч байна. Ялангуяа оростой найрсаг харилцаатай орнууд хямралыг анхааралтай ажиглаж буй. Чухам тийм ч учраас НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ОХУ-ын талаар санал хураахад Монголчууд хоёр удаа түдгэлзсэн юм. Монгол-Орос хоёр улс 2019 онд стратегийн түншлэлд шилжсэн. Үүгээр хоёр улсын нийтлэг үнэт зүйлийг харилцан хүндэтгэх тухай заасан байдаг билээ. ОХУ-ын тогтоосон найрсаг харилцаатай орнуудын тоонд Монгол Улс багтжээ. Гэхдээ цаашид хэрхэн харилцах вэ гэдгээ анзаарахгүй бол эдийн засаг урт хугацаандаа хямралд өртөж болзошгүйг эдийн засагчид анхааруулсаар байна.
ШАНАА ТУЛААД Л БАЙДАГ...
Шанаа тулаад л байдаг. Харин бид юу хийх вэ, хийж байгаа вэ. Бодох л асуудал. Эрх баригчид 2022 оны эдийн засгийг маш романтик тооцоолж, уул уурхайн салбараас 4.2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон. Гэтэл урд хөршийн нөхцөл байдлаас болоод уул уурхайн өсөлтийн цикл үеийн өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж чадаагүй, төсвийн төсөөллөө хэрэгжүүлэх нь ч эргэлзээтэй. Уул уурхайн экспорт буурсныг дээр дурдсан. Экспорт буурна гэдэг нь валютын нөөц буурна гэсэн үг. Ялангуяа уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтаас валютын нөөц хамаардаг манайх шиг улсад экспорт сэргэхгүй бол байдал туйлийн хүнд болох нь гарцаагүй. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн мэдээлснээр улсын хэмжээнд одоогийн байдлаар 3.5 сая ам.долларын валютын нөөц байна. Он дөнгөж гарч байхад энэ тоо 4.3 тэрбумаар хэмжигдэж байсантай жишиж тооцвол базаахгүй үзүүлэлт. Зүйрлэвэл манай улсын валютын нөөц Илон Маскын хөрөнгөөс 50 дахин бага, ази тивийн дундаж тэрбумтнуудын хөрөнгөөс 2-5 дахин бага байна. Бүтэн улсаар тооцвол маш бага нөөцөө бид өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулаад байгаагаас биш бодлогын томоохон асуудалд зарцуулж чадахгүй байгаа. Үүнийг би биш Монголбанкны тэргүүн нь тодотгосон юм шүү.
Гэтэл бид валют ихтэй улс шиг ханшийг тогтворжуулахын тулд интервенц хийж долоо хоногт хоёр удаа ам.доллар нийлүүлж байна. Дээрээс нь арилжааны банкуудад хэдэн төгрөг нийлүүлсэн гэдгээ хэвлэлээр ил тод зарладаг манайх шиг улс хэд байдгийг хэлж мэдэхгүй юм. Нэг талаар бид гадаад зах зээлийн өрийг валютаар төлдөг учраас төгрөгөө тогтоон барихын тулд долоо хоногт хоёр удаа нийлүүлдэг байж магадгүй. Гэхдээ нөгөө талаар экспорт бууралт валютын ханшид ч, инфляцид ч нөлөөлж байна. Экспортыг сэргээх гарц гаргалгаа олохгүйгээр ямар ч үр дүнд хүрэхгүй.
Хоёр талаас шанаа тулсан энэ хүнд үед эдийн засгийн чуулган хуралдаж байна. Үнэтэй “гонжоомтой”, гоё зангиа, ганган гуталтай дарга нар индэр дээрээс бодлоо ярьсаар 20 илүү жилийн нүүр үзжээ. Шанаа тулсан хүнд үед ч гоё дарга нар хуралдсаар байна. Хоёр талын цохилтыг сарниах, шоконд орохгүй байхын тулд чухам ямар бодлого боловсруулах бол...
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Оюуэрдэнэ зайлахаар... ядахдаа бакалаврын боловсролтой хүнээр ерөнхий сайд тавимаар байна. Ямарч гарц шийдэл оновчтой бодлого алга .