Хайрга, дайрга, барилга, балгас...

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 05

Хатан Туул тасрах тун ойрхон байна. Хэрэв түүнээс сүүлчийн үгийг нь сонсох аваас "Хайрга, дайрга, барилга, балгас..." гэх вий. Энэхэн цөөн үгэнд Туулын өнөөдөр төдийгүй Монголын нийслэлийн ирээдүйн дүр төрх тов тодорхой бууна. Одоогоос хэд хоногийн өмнө УИХ-ын Ажлын хэсэг Туулын эргээр үйлдвэрлэл явуулж буй аж ахуйдаар орсон. Туулын эргээс хайрга олборлож байгаа аж ахуйн нэгж гэхэд л 40 гаруй байна. Тэднийг хаалаа гэсэн. Нэгэнт хуулиараа мэргэжлийн хяналтын байцаагч аж ахуйн нэгжийг ердөө л 14 хоног хаах эрхтэй. Тэр хугацаа нь дууссан. Одоо байдал ямар байна вэ. Бид энэ асуудлыг газар дээр нь үзэв. Хөөрхий эрхэм гишүүд хоёр баг болон хуваагдаж явсан ажлын үр дүн даанч гарсангүй. Нэг үгээр хэлбэл, тэдний үгийг ёстой л "нохой хуцсан чинээнд" үзсэнгүй. Биднийг Биокомбинат өнгөрч, Туулын гүүрээр гарахуйд Туул гол ногооноор эргэж цэвэрлэх байгууламжаас нийлүүлсэн бохир ус үнэртэнэ.

Эрхэм гишүүдтэй явсан шалгалтын хэсгийнхний тавьсан шаардлага талаар болсон нь илт байв. Гишүүдийг шоолох мэт голын эргээр 200 гаруйхан метрийн зайд карьер тачигнана. Ёстой л энэ улсад эзэн байхгүй мэт загнана. Хайрга олборлогчдоос "Танай үүгээр УИХ-ын эрхэм гишүүд ирээ биз дээ. Мэргэжлийн хяналтын байцаагч нар үйл ажиллагааг чинь зогсоосон гэсэн. Хугацаа нь дуусаад ажиллаж байгаа юм уу" гэсэнд "Аа, дээр хэдэн хүн ирээд явсан. Бид ажлаа явуулж л байна" гээд нэг их тоосон шинжгүй. Энд тэндгүй шинэ шинэ цахилгааны шугам татаж байгаа нь хайрга олборлох аж ахуйн тоо нэмэгдэж байгааг илтгэнэ. Бидний хамгийн эхэлж буусан газар Э.Анхбаяр гэдэг захиралтай "Тэсийн хурд" компани байв. Ажилчид нь байрладаг бололтой гэрт орвол хэсэг хүн унтаж байна.

Шөнийн ээлжийнхэн нь амарч байгаа юм байх. Карьер рүү очихоор гарч явтал араас нэг шавилхан банди гарч ирэв. Ямар ажилтайг нь сонирхвол одоохондоо энэ карьерийн эзнийг орлож байгаа бололтой. Тэрбээр карьерийн эзний дүү юм байх. Эзэнтэй нь уулзаж болох уу гэсэнд "Тэр танд хамаагүй. Утсыг нь өгөхгүй. Та надаас юм асуух эрхгүй. Би танд хариу хэлэх албагүй" гэж ирээд данайв. Энэ мэтийн жулдрай нар хатан Туулын хайргыг зөөж, хоол олох гэж байгаагаа даан ч мэдэхгүй байгаа бололтой. Тэгсэн хэрнээ "Бяруу болоогүй байж бухын баалтаар баана" гэгчээр том үгтэй юм аа. Тэд хэсэг хүн хөлсөлж аваад дарамтлаад сурчихсан бололтой юм. Түүнтэй ярилтг үйгээ ойлголоо. Хайрга олборлож байгаа карьер дээр очвол ээлжийн ахлагч Д.Гансүх гэдэг хижээл эр байна. Нөгөө нусгай жаалыг бодвол амьдрал үзсэн нэгэн бололтой.

-Ах нь энд ирээд тав, зургаа хонож байна. Ээлжийн ахлагчаар ажилладаг. Цалин 450 мянган төгрөг гэсэн болохоор ирсэн. Манай ажилчид боломжийн цалин авдаг. Засварчин гэхэд л 600-700 мянган төгрөгийн цалин авч байгаа. Гурван төрлийн хайрга ачдаг. 0.5 мм-ийн голчтой шигшигдсэн, 5-10 мм-ийн голчтой дундаж, элснээс ялимгүй том гээд гурван төрлийн хайрга авч байна. Бутлуургүй болохоор хаягдал их гарах юм гээд том том чулуутай овоолсон хайрга үзүүлж байх юм. Түүнийгээ нэг газар овоолоод хаядаг нь илт. Ийм л маягаар хайргыг сорчилдог юм байна. Тэдний үнэгүй мэт хаядаг тэр овоолоостой чулуу уг нь хог биш. Түүнийг бутлах юм гэхэд ядаж л өөрсдийнх нь олзыг нэмэхээр нөөц аж.

Тэгээд ч голын ай саваас хол гээд байгаа тэр газрын хайрга алсаасаа ус шингээж гол сэлбэдэг их нөөцийн сав гэдгийг мэдэхгүй хэн байв гэж дээ. Гэтэл өнөөдөр бид голоос 300 м-ээс хол зайд байгаа гээд л хайрга ухах. Ухсан хайрганы ёроолд ус тунасан байна. Тэр бол Туулыг сэлбэх, амийг нь таслахгүй байх их нөөц гэдгийг мэдэхгүй хүн гэж баймааргүй. УИХ-ын шалгалтын хэсэгт кёкүшюүзан Батбаяр орсон байсан. Гэтэл тэр хавийн нутгийнхан манай энд эрхэм гишүүн өөрөө карьер ажиллуулдаг. Манийгаа аз үзээд байхдаа яадаг юм гэсэн шуугиан дэгдэж. Тэр байтугай голын эрэгт тулган барьсан нэгэн карьерийг "японых", эрхэм гишүүн, сүмоч Батбаярынх гэцгээв. Тэр байтугай нутгийнхан саяхан УИХ-ын гишүүд оролцсон шалгалтаар тус карьерийг хаасан. Голын ай савд хайрга олборлож байна гэж үзсэн шалгалтын бүрэлдэхүүнд эрхэм гишүүн өөрөө орсон байсан. Тэрбээр хашаан доторх худгаас нь дээж авчихаад голд нөлөөлөөгүй гэсэн дүгнэлт гаргуулсан гэсэн билээ.

"Хууль ямарт нь ингэж үйлчилдэг байна" гэж шогширч байна. Цагтаа Туул голын энэ хөндий VIII Богд Жавзундамба хутагтын адууны нутаг байжээ. Хар нялхаараа амьтан Төвдөөс залагдаж ирээд хааяа нэг адуун дээрээ очдог байж. Хотжилтоос болж мал дайжсан ч нутгийн түмэн цөөн буурай амины малтай болоод л байсан гэдэг. Сүүлийн хэдхэн жилд хайрга олборлох болсноор хүн мал амьдрах аргагүй болж тоос шорооноос дайжиж алга болжээ. Тэд төрийн бодлогыг харалган, тэр дундаа Батбаяр нарын гишүүдийн эрээ цээргүйг гайхна. Бид тэдний яриад байгаа мөнөөх карьер дээр очлоо. Хүмүүсийн Японы гээд байгаа карьер нь "Жи Си" гэдэг компанийнх гэнэ. Даамал нь А.Хуяг гэж хүн байна. Мөн л эзэн байхгүй.

"Эзэн нь хотын төвд байдаг. Хүмүүс манайхыг эрхэм гишүүнийх гээд байдаг юм. Уг нь манай захирал түүнтэй нэр нэгтэй л дээ. Бид хотын барилгын компаниудад өдөрт дөрвөн төрлийн 6-8 машин хайрга нийлүүлдэг. Би энд ажилд ороод удаагүй. УИХ-ын Ажлын хэсэг ирж түр хугацаагаар ажил зогсоосон гэсэн. Би мэдэхгүй. Бас иргэний хөдөлгөөнийхөн ирээд явсан гэнэ билээ" гэж даамал нь булзав. Хаана ч очсон нэг ийм л хариулт сонсоно. Тэр карьер хэнийх болох нь тодорхой бус. Тэр дамаа хаанахын гэрээтэйгээр хайрга ачдаг болох нь тодорхойг үй, эзнийг нь асуувал хот руу заагаад хаана ажилладгийг нь мэдэхгүй гэж хариулна. Уг нь компанийн нэр нь байгааг бодоход хаана байрладаг, хэдий хэмжээний хайрга олборлож, улсад хэдэн төгр өгийн татвар төлнө гэсэн баталгаа байдаг л баймаар юм. Тийм ч зүйл алга шиг байна.

Нэгэнт хяналт тавьдаггүй, тавьсан ч биелүүлэх биш гэсэн шиг аашилцгаана. Түүндээ хэн нэгний нэрийг барьдаг юм уу, аль эсвэл тэр эрхэм гишүүн нь ордог юм уу, тэр эрхмийнх гэх газар ч байх юм аа. Манайхан ер нь үнэгүй юманд нугасгүй зангаараа байгальтай харьцах юм. Бид хуулиар хориглосон газар карьер ажиллуулж байгаа "Их Монгол шувуу" гэдэг компаниар орлоо. Голын эргээс ердөө 200 м газарт хайрга ухаж байна. Бас л эзэн нь байсангүй. Ээлжийн ахлагч Б.Болдбаатар гэгч залуу энд ирээд арав гаруйхан хонож байгаа юм байх. Тэдний ярьж байгаа нь үнэхээр гайхалтай.

Энд нуур тогтоож амралт зугаалгын хүрээлэн байгуулах юм байх. Тэр газраа бэлдэхийн тулд карьер ажиллуулж байгаа гэнэ. Яахаараа ийм үлгэр ярьдаг байна. Голтой залгаад амралт зугаалгын газар байгуулах эрхийг хэн өгсөн байж таарах вэ. Энэ мэтээр гол дагаж олон эзэнгүй карьер шил дарна. Тэдний эцсийн зорилго үнэгүй, эзэнгүй хайргыг мөнгө болгон барилгын компаниудад шахах явдал. Тэрхүү бэлэн хайргыг ойр газраас авч байгаа болохоор барилгын компаниуд бас л үнэгүй хайрга авч зардал багатай, чанаргүй барилга барина. Тэр барилга нь технологийн горим зөрчсөн байх тул тун удахгүй нурна. Тэр цагт Туул усгүй болно. Үнэгүй шахам барьсан барилга балгас болж, түүнийг нь хааш зөөх вэ гэсэн асуудал гарна. Тийм учраас Туул амь тасрахаасаа өмнө "Хайрга, дайрга, барилга, балгас..." гэж сүүлчийн үгээ хэлж байх шиг. Мөнөөх УИХ-ын Ажлын хэсэг өчигдөр хуралдсан.

Өнөөдөр байнгын хороонд дүгнэлтээ өгч, УИХ-аар тогтоол гаргуулна гэсэн. Тэднээс ямар шийдвэр гарахыг харж л байхаас. За тэгээд шалгаад далд ороогүй байхад нь "Хуцав аа" гэж байгаа улсыг төр нь дийлдэг үгүйг л үзье.

 

Б.НАЦАГДОРЖ  "Өнөөдөр" сонин тоймч

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top