Эрх баригчид хуультай зууралдах зуур инфляцын эрчим нэмэгдэж, 14.4% боллоо

2022 оны 04 сарын 14


Инфляцын түвшин 2022 оны гуравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 15.8 хувь өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Сануулахад, хоёрдугаар сард инфляц улсын хэмжээнд 14.2 хувь, Улаанбаатар хотод 15.5 хувийн өсөлттэй байсан. Нийт инфляцын 50 орчим хувийг импортын инфляц бүрдүүлсэн гэж статистикчид тайлбарласан.

Тэгвэл гуравдугаар сард инфляц 14.4 хувиар өсөхөд 52.1 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл өмнөх оны мөн үеэс 16.1 нэгж хувь, өмнөх сараас 1.4 нэгж хувиар нэмэгдсэн байна.

 

Инфляц гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар өсөхөд:

 

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.0 хувь (мах, махан бүтээгдэхүүн 16.6 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 16.1 хувь),

 

  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь,

 

  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 11.5 хувь

 

  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 14.7 хувь,

 

  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 14.2 хувь,

 

  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 23.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

 

Хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 2021 оны гуравдугаар сард 7.4 хувиар, 2022 оны гуравдугаар сард 16.6 хувиар өсөж, өсөлтийн хурдац 9.2 нэгж хувиар нэмэгджээ.

Харин хүнсний бус бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 2021 оны гуравдугаар сард 0.2 хувиар, 2022 оны гуравдугаар сард 13.4 хувиар өсөж, өсөлтийн хурдац 13.2 нэгж хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Улаанбаатар хотод 2022 оны гуравдугаар сард хүнсний бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 17.2 хувиар, хүнсний бус бүлгийн үнэ 15.1 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлж байна.


Тодотгоход, Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн гуравдугаар  сарын 23, 24-ний өдрийн ээлжит хурлаараа эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөвийг харгалзан бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 9 хувьд хүргэх шийдвэр гаргасан.

Олон улсын харилцааны хүндрэлээс шалтгаалан манай эдийн засагт гадаад орчны тодорхой бус байдал эрс нэмэгдлээ гэж Төв банкны удирдлага мэдэгдсэн. Тухайлбал:

 

  • Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв муудсан нь манай гадаад эрэлтийг бууруулж болзошгүй байна. Ялангуяа, ОХУ-ын эдийн засаг энэ онд агших хүлээлттэй болсон бол ОХУ-тай худалдаа, эдийн засгийн хувьд өндөр хамааралтай Евро бүсийн эдийн засгийн өсөлтийн төлөв саарахаар байна. Гэхдээ эдийн засгийн үр нөлөөг тоон утгаар хэмжихэд тодорхой бус байдал өндөр байгааг энд онцлох нь зүйтэй.

 

  • Нийлүүлэлтийн тасалдал даамжирч, тээвэр, хүнс, эрчим хүчний үнэ нэмэгдсэн нь төсөөлж байснаас өндөр, өргөн хүрээтэй инфляцыг дэлхийн улс орнуудад бий болгож, хүлээлтээс удаан үргэлжлэх эрсдэлийг дагуулж байна. Мөн дэлхийн зах зээл дээр хүнс, эрчим хүч, үнэт металл, түүхий эдийн үнийн хэлбэлзэл огцом нэмэгдээд байна.

 

  • Богино хугацаанд нийлүүлэлтийн шалтгаанаар үүссэн эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлт түр хугацааных байх эрсдэлтэй. Хил, боомт дээрх гадаад худалдааны хязгаарлалтаас шалтгаалан экспортын гол бүтээгдэхүүний үнийн өсөлтийн давуу талыг хүртэж чадахгүй жилийн хугацаа өнгөрөөд байна.

 

  • Цаашид олон улсын харилцааны нөхцөл байдал хэдий хугацаанд, хэрхэн өрнөхөөс эдийн засгийн гадаад орчны төлөв хүчтэй хамаарахаар байна гэсэн юм.

 

Түүнчлэн инфляцын төсөөллийг танилцуулахдаа:

 

  • Хилийн боомтын хязгаарлалтаас үүдэн импортын барааны үнэ буурахгүй байх, үргэлжлэн өсөж болзошгүй байна.

 

  • Олон улсын харилцаанд үүсээд буй нөхцөл байдал удаан үргэлжилвэл дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, хүнсний үнэ, гадаад инфляц эрчимжин инфляцыг 2022 онд нэмэгдүүлэх эрсдэлтэй боллоо.

 

  • Дэлхий нийтээр инфляцын төсөөллөө олон улсын харилцааны нөхцөл байдалтай холбоотойгоор нэмэгдүүлж байгаа боловч, 2023 онд эргэн буурахаар төсөөлөл хийж байна.

 

Монголбанкны зүгээс цаашид эдийн засгийн сэргэлт, инфляцын өрнөл, хэрхэн өөрчлөгдөх, олон улсын харилцааны нөхцөл байдалтай уялдуулан мөнгөний бодлогын дараагийн алхмуудыг тухай бүр авч хэрэгжүүлэх болно гэж мэдэгдсэн юм.

Сануулахад, үнийн өсөлттэй холбоотойгоор Засгийн газраас Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д энэ сарын 5-нд өргөн мэдээлсэн. Энэ долоо хоногт буюу 15-ны өдөрт багтан УИХ-аас батлан гаргах юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг хуулийн төслийг өргөн барих үеэрээ  хэлэхдээ, дэлхий нийтийн хэмжээнд цар тахлын цаашдын төлөв байдал болон ОХУ болон Украин Улсын зэвсэгт мөргөлдөөний үргэлжлэх хугацаа, олон улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тодорхой бус, нөхцөл байдал түргэн хугацаанд эрс өөрчлөгдөж байгаа энэ цаг үед ард иргэдийн амьдралд хамгийн том нөлөө үзүүлдэг газрын тосны бүтээгдэхүүн, мах, гурилын хангамж нийлүүлэлтийн хомсдол үүсэх, үнэ өсөхөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг онцгой журмаар зохицуулж шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгараад байна гэж байсан.

Мөн Сангийн сайд Б.Жавхлан “Гол нэрийн гурван бүтээгдэхүүн дээр нэмээд цагаан будаа, элсэн чихэр, эм, эмнэлгийн хэрэгслийг нэмэх талаар Засгийн газар дээр ярилцаад, багагүй судалсан. Эдгээр бараа, бүтээгдэхүүний дийлэнх нь арилжааны хэлбэрээр орж ирдэг тул энэ асуудалд төр нэн тэргүүнд оролцох шаардлагагүй, харин нэр заасан гурван бүтээгдэхүүн дээр төрийн үүрэг, оролцоогоо хангаад явах нь чухал гэж үзсэнийг тодотгоод эм, эмнэлгийн хэрэгслийн тусгайлсан, чухал бүтээгдэхүүний худалдан авалт, татан авалт, нөөц бүрдүүлэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээнд Засгийн газар онцгойлон анхаарч байгаа” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Хуулийн төсөлд тусган оруулсан гурван гол бараа бүтээгдэхүүний тухайд, Монгол Улс шатахууны импортын хэт өндөр хамааралтай учир үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор төрөөс зохицуулалт хийх шаардлага харагдаж буй.

Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбооны тэргүүн Ж.Мөнхнаран хэлэхдээ “Шатахууны үнийг чөлөөлбөл дунд хугацаандаа асар их шоконд орно. Шатахууны үнийн нэмэгдэл инфляц, иргэдийн худалдан авах чадварт шууд нөлөөлнө. Тиймээс дунд хугацаандаа Засгийн газрын оролцоо шаардлагатай. Шатахууны үнийг чөлөөлөх эсэхэд улс төр, нийгэм, эдийн засгийн гээд олон шалтгаан бий. Шатахууны үнээс үүдэх огцом шокоос хамгаалахад төрийн зохицуулалт байх ёстой” гэсэн байр суурь илэрхийлснийг сануулъя.

Гурилын тухайд бусад бараа бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад үнэ тогтвортой байгаа ч цаашид улаан буудайн үнээс шалтгаалах учраас шатахууны үнэ тогтвортой байлгахад анхаарах шаардлага бийг үйлдвэрлэгчдийн төлөөлөл УИХ-ын даргатай өчигдөр уулзах үеэрээ хэлсэн байсан.

Харин махны үнийн тухайд нөөцийн мах худалдаанд гарсан ч худалдаанд гарч буй махны үнэ өсөлттэй хэвээрээ байна. Улаанбаатар хотод 2022 оны гуравдугаар сард мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 16.6 хувиар өссөн. Ингэж өсөхөд үхрийн махны үнэ 14.9 хувь, хонины ястай махны үнэ 17.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байгаа юм. Махны үйлдвэрүүдийн зүгээс малчид мал, мах нийлүүлэх үнээ өсгөөд байна гэсэн тайлбарыг өгч буй юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.64.40) 2022 оны 04 сарын 14

Улсын мэдлийн үйлдвэртэй байх зайлшгүй шаардлага байгааг тодорхой харуулж байна.Зохицуулалтгүй зах зээл гэж байдаггүй гэж Норвегийн здийн засагч, эрдэмтэд тодорхой хэлсэн байна. ЕС холбоо үнийн зохицуулалт хийх зарим бүтээгдэхүүнийг улсын мэдэлд авах,экспортын татварыг өндөр болгох нь зүйтэй гэж бичжээ.Амараа,Улаанбал гэх нэвтрүүлгийн хөтлөгчид зохицуулалт байж болохгүй гээд байсан.Мэдээлэл зөрүүтэй байна.Гаднын том эрдэмтэд манай Амараа,Лодойсамбуу гэх томчуудтай санал нийлэхгүй байгааг юу гэж ойлгох вэ

0  |  0
Top