Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдрийн /2022.04.14/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, батална.
Ингэснээр төр, засгийн зүгээс шатахуун, гурил, махны үнийг хуулиар зохицуулах эрх зүйн орчин бүрдэх юм. Уг хууль батлагдсан өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд ирэх 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ.
Ингээд хуулийн төслийн онцлох зүйл, заалтаас хүргэж байна.
УИХ-ААС АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ:
4.1.Монгол Улсын Их Хурал энэ хуульд заасан бараа, бүтээгдэхүүнийг үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахтай холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг дараалал харгалзахгүй яаралтай хэлэлцэн шийдвэрлэнэ.
5 дугаар зүйл.Монголбанкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ
5.1.Монголбанк банктай хамтран гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, шаардлагатай нөөц бүрдүүлэх талаар дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
5.1.1.мах, гурилын нөөц бүрдүүлэх, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор мах бэлтгэн нийлүүлэгч, гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг банкаар дамжуулан олгох;
5.1.2.газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх зорилгоор газрын тосны бүтээгдэхүүн импортлогчид эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөр төлөхөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг банкаар дамжуулан олгох;
5.1.3.санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан энэ хуулийн 3.2-т заасан бараа, бүтээгдэхүүний импортын төлбөрийн гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах;
5.1.4.гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгох;
5.1.5.шаардлагатай тохиолдолд банкнаас зээл олгоход тавигдах зохистой харьцааны болон бусад шалгуур үзүүлэлт, зээлийн шаардлага, нөхцлийг тусгайлан тогтоох.
5.1.6.Лондонгийн металлын биржийн үнэ дээр 5 хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авч гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх.
ЗАСГИЙН ГАЗРААС АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ:
6.1.Засгийн газар гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, шаардлагатай нөөц бүрдүүлэх талаар дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
6.1.1.энэ хуулийн 3.2-т заасан бараа, бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол үүсэхгүй байх арга хэмжээ авах, цогц төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх;
6.1.2.энэ хуулийн 5.1.1-д заасан хөнгөлөлтэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг жилийн батлагдсан нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсөв хооронд, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэх;
6.1.3.Улсын Их Хурлаас олгосон бүрэн эрхийн хүрээнд бараа бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл, инфляц, гадаад зах зээлийн хүчин зүйлээс хамаарч хомсдол үүсэх эрсдэлтэй нөхцөл үүссэн тухай бүр импортын гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоож зохицуулалт хийх;
6.1.4.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарын хүрээнд энэхүү хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаас, баталгаа гаргах;
6.1.5.энэ хуулийг хэрэгжүүлснээр Монголбанкны пассив нь актив хөрөнгөөс хэтэрсэн тохиолдолд үнэт цаас гаргах замаар уг зөрүүг нөхөх;
6.1.6.энэ хуульд заасан зохицуулалтад хамрагдсан бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, худалдаалах аж ахуйн нэгжтэй нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан гэрээ байгуулан мөрдүүлэх ажлыг зохион байгуулах;
7 дугаар зүйл.Газрын тосны бүтээгдэхүүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын авч хэрэгжүүлэх арга хэмжээ
7.1.Газрын тосны бүтээгдэхүүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, шаардлагатай нөөц бүрдүүлэх талаар дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
7.1.1.газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн хомсдол үүсгэхгүй байх ажлыг зохион байгуулах;
7.1.2.газрын тосны бүтээгдэхүүн импортлох тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан тусгай зөвшөөрөлтэй холбогдсон хариуцлагын гэрээ байгуулан мөрдүүлэх.
8 дугаар зүйл.Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын авч хэрэгжүүлэх арга хэмжээ
8.1.Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, шаардлагатай нөөц бүрдүүлэх талаар дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
8.1.1.Хүнсний тухай хуулийн 6.7-д заасны дагуу энэ хуульд заасан зохицуулалтад хамрагдсан хүнсний хангамж, нийлүүлэлтэд хомсдол үүсэхээс сэргийлж экспортлох хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тухай бүр тогтоож мөрдүүлэх;
8.1.2.энэ хуульд заасан зохицуулалтад хамрагдсан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, худалдаалах аж ахуйн нэгжтэй нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан гэрээ байгуулан мөрдүүлэх.
Сэтгэгдэл ( 0 )