Шатахуун, гурил, махны үнийг барих эрх зүйн орчин бүрдлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

Засгийн газар өнөөдөр /2022.04.15/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар ямар асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгч байна.  

Тэрбээр "Жагсагчдаас 15 багц шаардлага, бичгээр 270 орчим шаардлага ирүүлсэн. Засгийн газраас Ажлын хэсэг байгуулж, судалгаа болон мэргэжлийн байгууллагатай хамтарч ажилласан. Энэ дүгнэлттэй холбоотой хуралдлаа. Нийт шаардлагын 74 хувь нь үнийн өсөлттэй холбоотой байна. Харин 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэхийг шаардсан байна. Мөн 12 хувь нь цалин, нийгмийн баталгаатай саналууд байна. Засгийн газар хуралдаж, энэ асуудлыг хоёр байдлаар дүгнэж үзлээ. Тухайлбал, дэвшүүлсэн асуудлуулын 60 орчим хувь нь ойрын хугацаанд шийдвэрлэхээр байна. Засгийн газраас үнийн өсөлттэй холбоотой хууль өргөн барьсан, өнөөдөр батлагдсан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр хэд, хэдэн үр дүн гарна. Шатахууны үнийг тогтвортой болно. Зээлийн хүүгийн татаасыг төр хариуцна. Эргэлтийн хөрөнгөтэй холбогдох асуудлыг бүрэн шийдвэрлэж, шатахууны үнийг Төв банктай нийлж тодорхой хямралт үед боломжит дээд хувилбараар барина. Шатахуун нь өөрөө үнэ хөөрөгддөг гол бүтээгдэхүүн. Нийт багц арга хэмжээнд 100 орчим сая ам.доллар мөнгө гарна гэж тооцоолж байна. Шатахууны үнийг Засгийн газраас барихаас өөр арга байгаагүй" гэх мэдээллийг өглөө. 

Түүнчлэн "Гурил, махны үнийг тогтоон барих боломж үүслээ. Цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн татварыг тэглэх саналыг УИХ-д оруулна. Гэхдээ түр хугацаанд хэрэгжинэ. Ингэснээр тодорхой хэмжээнд үнийг тогтоон барих боломж үүснэ гэж харж байна. Нэг ихнаяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгох шийдвэрийг гаргалаа. Хэмнэлийг Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзлээ. Хуулиар төрийн төсвөөс цалинждаг бүх байгууллага хамаарна. Нэгдсэн байдлаар зохицуулалт хийх улс төрийн шийдэл гаргасан. Хуулиар төрийн өмчит компаниудын удирдлагын бүтцэд дэд захирал болон шаардлагагүй албан тушаалыг хязгаарлана. Төрийн өмчит 39 аж ахуйн нэгжийг олон улсын шууд хяналтад оруулна. Дээр нь 10 орчим компанийг нэгтгэнэ, 10 орчмыг татан буулгана. Хот суурин газарт том оврын авто машиныг хэрэглэхийг хязгаарлана" гэсэн юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.47.49) 2022 оны 04 сарын 15

Доллар өсөөд байхад юмны үнэ өсөхгүй байна гэж байхгуй.Долларын ченжүүдийг БАЙХГУЙ болго

0  |  0
Top