Үе үеийн төр засаг төсвийн хэмнэлттэй холбоотой асуудлуудыг тодорхой түвшинд шийдвэрлэдэг байсан боловч нэгдсэн хуулиар зохицуулж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл Засгийн газрын өнгөрсөн баасан /2022.04.15/ гарагийн ээлжит бус хуралдаанаар Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ-д өргөн барихаар тогтлоо. Энэ хуулиар дараах зүйлсийг зохицуулна гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн билээ.
- Төрийн өмчит нийт 39 аж ахуйн нэгжийг олон нийтийн шууд хяналтад оруулах, 10 компанийг нэгтгэн нийлүүлэх, цаашид төр оролцох шаардлагагүй санхүүгийн эрсдэлтэй 10 компанийг татан буулгах, худалдах арга хэмжээ авна.
- Хот суурин газарт зөвхөн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар суудлын жижиг оврын автомашин хэрэглэнэ.
- Цаашид төрийн өмчид байгаа автомашинуудыг бусад тээврийн хэрэгслээс ялгах улсын дугаарын өнгөтэй болгоно.
- Чиг үүргийн давхардлыг арилгаж, төрийн бүтээмжийг дээшлүүлж, шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй.
- Хэмнэх боломжтой бүхий л зардлыг 10-15 хувь хэмнэнэ.
- Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, бэлэг авах зардлыг төрөөс төлөхгүй бөгөөд гадагшаа томилолтоор явахдаа зөвхөн энгийн ангиллаар зорчиж, үндэсний авиа компаниар үйлчлүүлнэ.
- Төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхгүй байна.
- Төрийн байгууллагууд сургалт, семинар, зөвлөлгөөнийг зөвхөн цахимаар зохион байгуулна.
Сэтгэгдэл ( 0 )